Нүүр хуудас > Мэдээлэл > “Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдэвт уулзалт боллоо

“Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдэвт уулзалт боллоо


3-11-2015, 09:12. Зохиогч: court

Шүүхийн ерөнхий зөвлөл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газруудтай хамтарч "Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдэвт уулзалтыг өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ болон Шүүхийн иргэдийн төлөөлөгч хариуцсан референт Ц.Соёлмаа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн С.Гантогтох, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Уранзаяа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн Б.Энхсайхан нар оролцлоо. 

 
Энэхүү уулзалтад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 хорооны 200 орчим иргэн оролцож, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар мэдээлэл авч, шүүхийн талаар болон шүүхийн шинэтгэлийн талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа "Шүүхийн шинэтгэл ба иргэн таны оролцоо” сэдвийн хүрээнд иргэдэд мэдээлэл өгч, шүүх хуралдаанд иргэдийн төлөөллийг хэрхэн оролцуулж байгаа талаар болон иргэдийн төлөөлөгчдөд тавигддаг шаардлагын талаар танилцуулга хийв. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн С.Гантогтох шүүх дэх иргэдийн төлөөлөгч нөлөөллийн мэдүүлгийг ямар тохиолдолд хэрхэн хөтлөх талаар танилцуулсан юм. 
Энэхүү уулзалтын үеэр шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн талаар богино хэмжээний видео танилцуулга үзүүлж, Шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчиллаа. Уулзалтын төгсгөлд иргэд шүүхийн шинэтгэлийн талаар болон шүүх дэх иргэдийн оролцооны талаар уулзалт зохион байгуулсанд талархал илэрхийлээд, сонирхсон асуултдаа хариулт авснаар энэ удаагийн уулзалт халуун дулаан уур амьсгалд, амжилттай болж өндөрлөлөө. Уулзалтын үеэр "VTV” телевиз шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болороос болон уулзалтад оролцсон иргэдийн төлөөллөөс ярилцлага авч сурвалжиллаа.









Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусад