Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ҮНДЭСЛЭЛГҮЙ АЖЛААС ЧӨЛӨӨЛСНӨӨС ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 211/MA2022/00015 дугаар магадлал

Тоймын огноо, дугаар: 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, Дугаар 3

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Аймгийн засаг дарга А нь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б-г ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Б ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж шүүхэд гомдол гаргаснаар шүүхийн шийдвэрийн дагуу Б ажилдаа эргэн томилогдож, байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 3.162.991 төгрөгийг Б-д олгож, нийгмийн даатгалын шимтгэлд 942.521 төгрөгийг төлсөн. Төрийн албаны зөвлөлөөс хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 4.105.512 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан А-аас гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг тухайн байгууллагад ажиллаж байсан Ц-ээр түр хавсран гүйцэтгүүлж байсан учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс бусдад олгогдоогүй, цалингийн санд хадгалагдаж байсан, төрд хохирол учирсан, уг хохирлыг арилгасан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн, Төрийн албаны зөвлөлийн хариуцагч А-д холбогдуулан гаргасан 4.105.512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад " Хэдийгээр Б-гийн оронд өөр хүн томилон ажиллуулж, цалин хөлс олгоогүй ч Б-г хууль бусаар халаагүй бол түүнд олгогдох байсан цалин хөлс төрд үлдэнэ, төр Б-д хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө бус, хууль бусаар ажлаас халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгосноор төрд хохирол учирсан” гэж дүгнэн, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А-аас 4.105.512 төгрөг гаргуулан, төрд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болно.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/24432?daterange=2022-04-01%20-%202022-06-01&id=2&court_cat=1&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн
Нийтэлсэн court   Үзсэн: 544   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306