Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-07-2015, 10:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ж.Апперсон: Олон оронд өмгөөлөгч нар нь шүүхээ шүүмжлэх бус, хамтран ажиллаж, хамгаалах арга хэмжээ авдаг

АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Жеффри Апперсон манай улсын шүүх,шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай танилцаад өчигдөр буцсан юм. Дэлхийн олон орны шүүхийн захиргааны байгууллагад зөвлөгөө мэдээлэл өгч байсан туршлагатай түүний үг манай хууль тогтоогчдод ч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад ч нэгийг бодогдуулах биз ээ. Түүнтэй шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргааны байгууллагын талаар ярилцсанаа хүргэе.

-Ноён Апперсон та шүүхийн шинэтгэлийн талаар дэлхийн олон оронд очиж зөвлөгөө мэдээлэл өгч байжээ. Таны ажиллаж байсан орнуудтай харьцуулахад Монгол Улсын шүүхийн шинэтгэл ямар шатанд байна вэ?

-Би АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвд бараг 35 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд дэлхийн 100 гаруй улсад очиж, шүүхийн захиргааны байгууллагын ажилтнуудад нь сургалт явуулжээ.

Бусад улс оронтой харьцуулахад Монгол оронд өрнөж буй шүүхийн захиргааны шинэчлэл илүү сайн явагдаж байна гэж би дүгнэж хэлмээр байна. Шүүхийн захиргааны байгууллага гэдэг маань шүүх, шүүгчид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангах зорилготой газар шүү дээ. Танай орны байгаль орчин, цаг агаар, уламжлал, соёл бол бусад орнуудтай харьцуулахад их өвөрмөц. Монгол Улсыг их азтай орон гэж би бодож байгаа. Хүн амь нь гурван сая, эдийн засгийн хувьд тийм ч дор орчихоогүй байна. Шүүхийн ерөнхий зөвлөл нь ч алсын хараа сайтай санагдлаа.

-Манай Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх шүүхийн захиргааны байгууллага нэг хэсэг Хууль зүйн яамныхаа харьяанд, Улсын дээд шүүхийнхээ дэргэд байсан. Одоо тусдаа бие даасан статустай байгууллага болсон. Эдгээр хувилбарын аль нь оновчтой юм бол?

-Та надад хүнд асуулт тавилаа. Олон улсад таны асуусан гурван загвар улс орныхоо онцлог, хууль эрх зүйн байдлаасаа шалтгаалаад гурвуулаа хэрэгжиж байдаг. Эдгээр загвар бүгд л өөрийн гэсэн онцлогтой, бас тулгарч буй бэрхшээлтэй. Шүүхийн захиргааны байгууллага нь бие даасан хэлбэрээр буюу өнөөдөр танайд хэрэгжиж байгаа хэлбэрээр байгуулах нь илүү үр дүнтэй гэж би хувьдаа боддог юм. Шүүгч нарт шүүхийнх нь захиргааны байгууллагаа удирдан зохион байгуулж ажиллах нь бас боломжтой хувилбар л даа. Танай оронд өмнө нь хэрэгжиж байсан Улсын дээд шүүхийнхээ дэргэд байсан үеийнх шиг. Харин гүйцэтгэх засаглалын байгууллага, шүүхийн захиргааны байгууллагатай хамт байж болохгүй гэж би хувьдаа үздэг. Эрх мэдлийн хувьд өнөөдөр гүйцэтгэх засаглалаа ч, шүүхийн захиргаагаа ч, шүүгч нараа ч бие даалгаж байгуулсан энэ үйл явц оновчтой юм болов уу. Аль ч хувилбар байлаа гэсэн төгс биш шүү дээ. Тиймээс байгаа нөхцөл байдалдаа зохицож ажиллах нь зөв байх гэж би бодож байна.

-Сүүлийн 1-2 жилд УИХ баталсан зарим хуулийг манай хуульчид АНУ-ын хуулийг хуулбарласан, Монгол орны нөхцөлд тохирохгүй хууль, тиймдээ ч Үндсэн хуулийн Цэцэд очоод унаж байгаа талаар ярих болсон. Манай зарим хуулийн төсөлд зөвлөгөө өгч байсан хуульч хүний хувьд АНУ-ын хуулийг хуулбарлах нь Монголд хэр зохимжтой гэж үзэж байна вэ?

-Би АНУ-ын хуулийг хуулбарласан гэдгийг арай өөрөөр хэлнэ. Монгол Улс АНУ-ын эрх зүйн тогтолцоо, хуулиудыг судалж байсан. Зөвхөн АНУ-аар тогтохгүй Европын орнуудын хуулийг ч судалж байсан. Монгол орны хууль эрх зүйн тогтолцоог харж байхад Америкийн ч, европийн ч аль алиных нь хууль байгаа нь энд ирэхэд харагдсан.

Шүүхийн захиргааны байгууллага, Шүүхийн захиргааны тухай хуулийн хувьд АНУ-ын энэ салбар харьцангуй олон жил болсон, туршлагатай. Сайн туршлагыг судалж, хэрэгжүүлэх нь зөв л дөө.

Танай улсын хууль тогтоогчид аливаа хуулийг боловсруулж байхад аль нэг улсын улстөрийн нөлөөлөл орсон юм болов уу гэж харагддаг.
-АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийнхөө үйл ажиллагааг товч танилцуулахгүй юу?

-Муж улсуудын шүүхийн үндэсний төв маань төрийн бус байгууллага л даа. Манай удирдах зөвлөлийн гишүүд гэхээр ерөнхий шүүгч, шүүгч, өмгөөлөгч хамтран ажиллаж, тухайн муж улсынхаа онцлогт тохирсон үйл ажиллагаа явуулдаг. Бидний гол үйл ажиллагаа бол АНУ-ын муж улсуудын Дээд шүүхийн шүүгчдэд туслалцаа үзүүлэх.

-Танай манай улсад зургадугаар сарын 21-нээс хойш ажиллаж, анхан, давж заалдах, Дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцжээ. Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй шүүхийн шинэтгэлийн ажлын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Танай шүүх байгууллагынхан, шүүгч нар эерэг шинэтгэлийг хүлээж байсан нь мэдээж. Түүнийгээ ч одоо авч чадаж байгаа болов уу гэж санагдсан. Аливаа хууль эрх зүйн шинэтгэлийг хийхдээ өөрийн орны онцлогт тохируулж явуулах нь зөв байх. Монгол Улсад ирээд би хэд хэдэн шүүгчтэй уулзаж, хийж хэрэгжүүлж буй шинэтгэлийн талаар ярилцсан. Тэднээс дүгнэж үзэхэд шүүгч нарт маш их сургалт хэрэгтэй нь харагдсан. Ингэж сургалт явуулснаар шүүхийн шинэтгэлийн талаар мэдлэг олгох эерэг талтай юм.

-Шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд юунд анхаармаар санагдав?

-Шүүгч нартаа байнга сургалт явуулж байх хэрэгтэй. Ялангуяа шүүхийн тогтоол, шийдвэрийг хэрхэн бичих талаар маш их сургалт явуулах нь чухал. Мөн шүүгчдийн ёс зүй, шинээр батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэх, бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж, итгэлийг бий болгох хэрэгтэй гэж санагдсан. Түүнээс гадна шүүгчдийн сахилга, хариуцлага маш өндөр байх хэрэгтэй. Нэг чухал зүйлийг хэлэхээ мартах шахлаа. Шүүгчид өөрсдийгөө зөв удирдах хэрэгтэй. Шүүгч хүн гэдэг бол хэн нэгний тушаал заавар өгөхийг хараад байх шаардлагагүй, харин өөрсдийгөө зөв удирдах чадвартай байх нь маш чухал. Аливаа шинэтгэлд цаг хугацаа хэрэгтэй байдаг. Харин хүмүүс өөрчлөх хэрэгтэй гэж бодсон зүйлээ цаг хугацааг хүлээлгүй, тэр дор нь өөрчлөх гээд байдаг.

Миний хувьд танай шүүхийн шинэтгэл дэвшилттэй сайн яваа гэдгийг хэлж чадна.

-Монголчуудын шүүхэд итгэх итгэл тааруу, шүүх, шүүгчдийн нэр хүнд муу байгаад байдаг. Харин АНУ-д иргэдийн 88 хувь нь шүүхдээ итгэдэг гэсэн үзүүлэлт байдаг юм билээ. Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах талаар та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Шүүхэд итгэх иргэдийн итгэл гэдэг бол олон зүйлээс хамаарна. Танай судалгааг харахад шүүхэд итгэх олон нийтийн итгэл өсөж байгаа юм билээ. Иргэд шүүгчийн гаргаж буй шийдвэрээс ч тэр, бусад зүйлээс ч гэсэн энэ шүүгч маш өндөр ёс зүйтэй, ур чадвартай хүн байна гэдгийг дүгнэдэг байх ёстой болов уу. Тэгэхээр шүүгч хүн ямар нэг ашиг сонирхолын зөрчилтэй байж болзошгүй зүйлд оролцохгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэх, өөрт нь анхааруулах хэрэгтэй. Түүнээс гадна шүүгч ч тэр, шүүхийн захиргааны ажилтнууд, Тамгын газрынхан олон нийттэй зөв, хүндэтгэлтэй хандах нь шүүхийн нэр хүндэд ахиц авчирна. Шүүгчдийн гаргаж буй шийдвэр нь цаг хугацаандаа гардаг байх нь хүртэл шүүхийн нэр хүндэд нөлөөлнө шүү дээ.

Шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд зөвхөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаар тогтохгүй өмгөөлөгч нар ч оролцох ёстой. Өмгөөлөгч гэдэг бол шүүх байгууллагын нэг хэсэг шүү дээ. Тиймээс өмгөөлөгч нар иргэдийнхээ итгэлийг олж авах нь чухал.

-Манай өмгөөлөгч нар шүүхийн нэр хүндийг өргөх бус, унагах зүйл л ярьдаг шүү дээ. Олны анхаарал татсан шүүх хурлын дараа хэвлэлийнхэн бид нар шүүхийн шийдвэрийн талаар тодруулахад "Хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргалаа” гэж ярьж байгаа нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг хөсөрдүүлэхэд нөлөөлж буй нэг ажил гэж харагдаж байна л даа. Үүнд та ямар тайлбар хэлэх бол?

-Хэрэв өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нэг бус байвал олон нийтэд мэдээлэхээсээ өмнө давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх нь илүү үр дүнтэй гэж би хувьдаа бодож байна. Олон оронд өмгөөлөгч нар нь шүүхээ шүүмжлэх бус, хамтран ажиллаж, хамгаалах арга хэмжээ авдаг шүү дээ.

Хэрэв таны ярьж байгаачлан тийм сөрөг мэдээлэл цацдаг өмгөөлөгч байдаг юм бол ёс зүйнх нь асуудлаар Хуульчдын холбооныхон нь бодолцож үзэх хэрэгтэй болов уу гэж би бодож байна.

-Таны ажиллаж байсан олон орны шүүх иргэддээ, хэвлэл мэдээллийнхэндээ хэр нээлттэй байдаг вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагынхан гэр бүлийн маргаан, хувь хүний болон улсын нууцад хамаарахаас бусад шүүх хуралд орж болдог. Ер нь аль ч оронд шүүхийн шийдвэрийг цахим хэлбэрээр авч үзэж болно. АНУ-ын шүүхүүдийн шийдвэр гэхэд нэг мэдээллийн баазад байршиж, дэлхийн өнцөг булан бүрээс түүнийг нь үзэх боломжтой. Танай www.shuukh.mn цахим хуудастай ойролцоо гэсэн үг л дээ. Танай энэ цахим хуудас бол маш үр дүнтэй ажил шүү. Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулснаар шүүгч нар ч шийдвэрээ алдаа мадаггүй бичихэд анхаарч, нягтлах сайн талтай.

Түүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч та бүхэн ч гэсэн олон нийтэд маш зөв мэдээлэл өгч байснаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал алхам болно.

-Шүүгчдэд сахилгын арга хэмжээ авсан талаарх хурлын тэмдэглэл нь олон нийтэд нээлттэй байдаг уу. Монголд шүүгч, прокурорт сахилгын арга хэмжээ авсан шийдвэр хаалттай байдаг юм л даа?

-Зарим хэргийн хувьд нээлттэй байдаг. Зарим нь хаалттай байдаг.

-Шүүх хуралд иргэдийг оролцуулах нь эерэг сэтгэгдэл төрүүлнэ гэж та сая хэлсэн шүү дээ. Манайх шүүх хуралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс шийдвэр гаргахад саналаа өгөх эрхтэйгээр хуралд оролцуулахаар эрх зүйн зохицуулалт бий болгосон. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэцээс эх хуультайгаа харшилдаж байна гэж үзсэн. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хуулийг хэрэгжүүлэх талаар юунд анхаарвал зүйтэй гэж санагдаж байна вэ?
-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай хуулийг "Үндсэн хуультай зөрчилдсөн” гэж Цэц дүгнэсэн талаар танаас л сая сонслоо. Яагаад зөрчилдсөн талаар нь судалж байж л хариу өгөх боломжтой.

АНУ-д Тангарагтны шүүхтэй байж болохоор Үндсэн хуульдаа заасан болохоор бид түүгээрээ зохицуулаад иргэдийн оролцооны талаарх асуудлыг шийдвэрлэдэг юм. Иргэдийн төлөөллийг оролцуулснаар шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх сайн талтай. Би хувьдаа Тангарагтны шүүхийг илүүд үздэггүй. Учир нь санхүү, төсвийн хувьд маш их зардал гаргадаг юм. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлыг сонирхож үзэхэд надад сонирхолтой санагдсан.

-Монголд дагнасан шүүх байгуулагдаад нэг их удаагүй, дээр нь бас шинээр Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог нэвтрүүлсэн. Эдгээрийн ирээдүй ямар харагдаж байна вэ?

-Эвлэрүүлэн зуучлах хөтөлбөр маш үр дүнтэй, олон ч хэргийг эвлэрүүлэн зуучилж шийдвэрлэж чадаж байгаа юм билээ. Дагнасан шүүхийн хувьд ч төсөв нь байвал сайн ажиллана гэж би бодож байна. 
 


Г.ЦОЛМОН
Эх сурвалж: Өнөөдөр 2015 оны 7 дугаар сарын 3-ны № 154 /5548/
Нийтэлсэн court   Үзсэн: 1120   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304