Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-05-2018, 19:28   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцана уу


2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 10 цаг 15 минутад хэлэлцүүлэг эхлэв

'Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлгийн тэмдэглэлтэй танилцана уу

 

Тус хэлэлцүүлгийг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан үг хэлэв.

Т.Мэндсайхан: "Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Шүүхийн ажиллагаанд шинжээчийн үүрэг гүйцэтгэх үүрэг их байдаг. Аливаа хэрэг, маргаанд шинжээч томилон дүгнэлт гаргуулахаас гадна жишиг үнэлгээг тогтоосон жагсаалт олон улсын практикт байдаг. Энэ нь шүүхэд ирэх маргааныг багасгах, талууд эвлэрэх боломжийг олгодог гэх мэт давуу талыг бий болгодог.

 

Тухайлбал, эрүүл мэндийн хохирол, гэм хорын хохиролд тохирсон үнэлгээг тогтоосон жишиг жагсаалт байдаг. Энэхүү жагсаалт нь тухайн цаг үеэрээ шинэчлэгдсэн боловсруулагдаж байдаг. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж байгаа эсэхийг судалж байна. Жишээ нь манай улсад малын маргаан багагүй байдаг. Үүнтэй холбоотой тухайн малыг хэрхэн үнэлэх асуудал тодорхойгүй байдаг. Статистикийн байгууллага нь өөрийн хийдэг судалгаагаараа, даатгалын байгууллага тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээрээ, хохирлын үнэлгээний байгууллагууд мөн дээрх үнэлгээг зах зээл дээр хийж байна.

 

Хөрөнгийн үнэлгээний хувьд автомашины үнэлгээ, учирсан хохирлын үнэлгээг хийх үйлчилгээ багагүй хөгжиж байгаа бөгөөд дээрх хөндлөнгийн үнэлгээчний үнэлгээг талууд шууд маргаангүй хүлээн зөвшөөрдөг. Энэ нь дээрх асуудлаар шүүхэд маргах нөхцөлийг шууд бууруулж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг зарим төрийн бус байгууллагууд уригдан ирсэн байна. Шүүхийн шатанд шинжээч томилоход тулгардаг бэрхшээлтэй асуудал гэвэл иргэд шүүхэд хандаж, шинжээч томилуулах эрх нь нээлтэй бөгөөд хэргийн оролцогчийн аль нэг тал нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан тохиолдолд шүүх хангаж шийдвэрлэвэл энэ шүүх аль нэг талыг баримталж шийдвэр гаргаж буй мэт байдал харагддаг. Түүнчлэн шүүх маргааныг бодитой шийдвэрлэхийн тулд шинжээч томилбол тэрхүү шинжээчийн зардлын асуудал хөндөгддөг.


Гэтэл энэхүү зардал шүүхийн төсөвт хүрэлцээгүй байдаг. Шүүхийн шинжээчтэй холбоотой асуудалд шүүхийн оролцоог багасгах, маргаанаа бодитой шийдвэрлүүлэхийн тулд хэргийн оролцогчид өөрсдөө шинжээчээр дүгнэлтээ гаргуулдаг байх, түүнтэй холбогдсон зардлаа өөрсдөө хуваан төлдөг байх, хэргийн оролцогчид аль нь ч шинжээч томилуулах боломжгүй хэрэг маргаанд шүүх шинжээч томилох асуудалд оролцдог жишиг дэлхий нийтэд тогтсон байдаг. Энэ нь талуудын өөрсдийгөө нотлох боломжийг хангасан, нөгөө талаар шүүх аль болох хөндлөнгийн оролцоотой байх боломжийг хангадаг байна. Хоёр иргэн хоорондоо маргахад шүүх улсын төсвөөс хөрөнгө гаргаж шинжээч томилон, дүгнэлт гаргуулж, хэргийг шийдвэрлэж буй энэхүү үйл ажиллагаа нь цаад агуулгаараа бусад иргэдийн хөрөнгөөр тухайн хоёр иргэний маргааныг шийдвэрлэж буй мэт харагдаж байна. Энэхүү нөхцөл байдлаас татгалзаж, эрх зүйн зохицуулалт, шүүхийн шинжээчийн асуудлыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүсч буй юм.

 

Ингээд өнөөдрийн хэлэлцүүлгийг албан ёсоор нээж байна. Эхний илтгэлийг "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжилгээтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага” сэдвээр Монгол Улсын Их Сургуулийн багш Н.Норовсамбуу танилцуулна. Н.Норовсамбууг индэрт уръя.


Илтгэгч Н.Норовсамбуу: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хэлэлцүүлэгт миний бие шүүхийн шинжээч томилох асуудалтай холбоотойгоор Япон Улсын шүүхийн шинжилгээ хийх эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулахаар бэлтгэсэн болно. Ингээд илтгэлээ танилцуулъя.

Илтгэлээ танилцуулав.


Т.Мэндсайхан. Сонирхолтой илтгэл танилцуулсанд баярлалаа. Дараагийн илтгэгчээ урьж байна. Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар "Шүүхээс шинжээч томилж, дүгнэлт гаргуулж буй практик” сэдвээр илтгэл танилцуулна.

Илтгэгч Л.Галбаатар: Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Судалгаа хийж бэлтгэсэн илтгэлээ танилцуулъя.

 

Илтгэлээ танилцуулав.

Т.Мэндсайхан: Баярлалаа. Дараагийн илтгэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул "Шүүхэд шинжээч томилоход тулгамдаж буй асуудал” сэдвээр танилцуулна.


Шүүгч Ц.Мөнхзул: Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Шүүхэд шинжээч томилох асуудлаар тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулга бэлтгэсэн юм. Ингээд та бүхэнд танилцуулъя.


Илтгэлээ танилцуулав.

Т.Мэндсайхан: Ц.Мөнхзул шүүгчид баярлалаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар өөрсдийгөө танилцуулна уу.


Хэлэлцүүлэгт оролцогч: Тус хэлэлцүүлэгт оролцож буй та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын хуулийн мэргэжилтэн. Үнэлгээний комиссын нарийн бичгийн даргаар ажилладаг.


Хэлэлцүүлэгт оролцогч: н.Даваадорж. Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны шинжээч, чанарын менежер албан тушаалтай юм. Манай байгууллага 2016 онд итгэмжлэлийн газраас "Техник, хяналтын байгууллага” гэсэн итгэмжлэл авсан анхны байгууллага юм. Үйл ажиллагааны хувьд барилга, байгууламжийн өнөөгийн байдалд дүгнэлт гаргадаг. Мөн барилгын материалын дулаан дамжуулалтын итгэлцүүр болон эсэргүүцлийг тодорхойлох багажаар шинжилгээ хийж, барилга, байгууламжийн дулаан алдагдлыг камерын тусламжтай шинжилгээ хийж тодорхойлох үйл ажиллагаа явуулдаг.

Хэлэлцүүлэгт оролцогч: Барилгын хөрөнгийн үнэлгээний "Гэст” ХХК-ийн хуулийн зөвлөх байна.


Хэлэлцүүлэгт оролцогч: н.Санж. Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг компанийн захирал албан тушаалтай. Манай компани Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай 15 жилийн турш хамтран ажиллаж байна.

Хэлэлцүүлэгт оролцогч. н.Ганхуяг. Хөрөнгийн үнэлгээний "Лэндс” ХХК-ийн захирал албан тушаалтай.


Хэлэлцүүлэгт оролцогч: Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын орлогч албан тушаалтай. Зуунмод сумын үнэлгээний хорооны даргаар ажилладаг.

Хэлэлцүүлэгт оролцогч: н.Оюун. Барилгын төсөвчдийн холбооны захирал албан тушаалтай.


Хэлэлцүүлэгт оролцогч: н.Манлайбаатар. "Арвижих” ХХК-ийн захирал албан тушаалтай. Хөрөнгийн үнэлгээчин. Монголын хохирол үнэлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн.


Хэлэлцүүлэгт оролцогч: н.Батсайхан. "Хот айл” ХХК-ийн инженер албан тушаалтай.

Хэлэлцүүлэгт оролцогч: н.Уранчимэг. Авто замчдын холбооны гүйцэтгэх захирал албан тушаалтай.

Хэлэлцүүлэгт оролцогч: н.Содном. "Хот бүртгэл аудит” ХХК-ийн захирал албан тушаалтай. Тус компанид аудит, шинжээчийн албан тушаалтай ажилтантай хамт оролцож байна.


Хэлэлцүүлгийн оролцогч: "Ай Жэй Эй” ХХК-ийн захирал байна.

Хэлэлцүүлгийн оролцогч: "Барилгын хөгжлийн төв”-ийн хуулийн мэргэжилтэн байна.

Хэлэлцүүлэгт оролцогч: Хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээчин байна.

Хэлэлцүүлэгт оролцогч: Хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээчин н.Уянга.

Хэлэлцүүлэгт оролцогч: н.Энхбат. Монголын мэргэшсэн үнэлгээний институтийн зөвлөлийн гишүүн, Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга албан тушаалтай.


Хэлэлцүүлэгт оролцогч бусад хүмүүс хэлэлцүүлгийн явцад өөрсдийгөө танилцуулах болов.

Т.Мэндсайхан: Баярлалаа. Одоо хэлэлцүүлэгтээ оръё. Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар нэлээдгүй шинжээчээр томилогдон оролцдог бөгөөд шинжээчээр томилогдож буйтай холбоотойгоор тухайн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа орхигддог талаар мэдээлэл байна. Ц.Мөнхзул шүүгчийн илтгэлд дурдсанаар хохиролын үнэлгээний талаар мэдээллийн санг бүрдүүлэх шаардлагатай юм. Энэхүү мэдээллийн санг бүрдүүлэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөл санаачлага гарган ажиллаж байна. Нөгөө талд шинжээчдийн байгууллагууд хоорондоо хэрхэн холбогдон ажилладаг вэ гэдэг бас тулгамдсан асуудал байна. Үүнд та бүхнийг саналаа хэлэхийг хүсе. Төв аймгаас ирсэн төлөөлөгч нарын хувьд үнэлгээний комиссоо ахлан ажилладаг гэж танилцууллаа. Манай улсын бүх аймагт энэхүү систем байдаг. Энэ систем цаашид ямар байх вэ, хэрхэн шинэчлэх вэ гэдэг асуудалд санал, дүгнэлтээ хийнэ үү. Хөрөнгийн үнэлгээний жишиг үнэлгээний жагсаалт гэж гаргах нь шинжээчтэй холбоотой шүүхийн ажиллагааг багасгах юм.


Шүүгч Д.Оюумаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа байна. Хэлэлцүүлэгт оролцогч нарыг санал, дүгнэлтээ хэлэхээс өмнө нэг зүйлийг тодруулмаар байна. Ц.Мөнхзул шүүгчийн илтгэлд дурдсанаас гадна ямар байгууллагыг шинжээчээр томилох вэ, ямар асуулт тавих вэ гэх мэт асуудал тулгамдаж үлддэг. Жишээ нь, газрын маргааны хувьд уулын орой дээр газар олгочихдог. Гэтэл түүний орох, гарах гарцтай холбоотой маргаан гардаг. Газрын үзлэгээр машин байтугай явган хүн гарах боломжгүй байдаг бөгөөд энэ тохиолдолд орох, гарах газрыг тодорхойлуулахаар шинжээч томилохдоо ямар байгууллагыг томилох, ямар асуулт тавих нь тодорхойгүй байдаг. Иймээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэдэг. Энэ нь оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнддөг. Түүнчлэн нас барсан хүний гарын үсгийг шинжлүүлэх хүсэлт хэргийн оролцогч нараас гаргадаг. Энэ тохиолдолд шинжээч заримд нь томилдог, заримд нь томилохгүй, хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэдэг. Энэ тохиолдолд шүүгч нарыг мэдээллээр хангах, ямар байгууллагын чиг үүрэгт хамаарах талаар мэдээлэлтэй байх шаардлагатай байна.


Т.Мэндсайхан: Уг асуултад оролцогч нараас хариулна уу.

Хууль сахиулахын их сургуулийн багш: Шүүгчийн асуултад хариулъя. Нас барсан хүний гарын үсэгтэй холбоотой шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж болдог. Түүнийг амьд байх үедээ тэмдэглэж байсан тэмдэглэл, бичгийн хэвээс шинжилгээ хийж болно.

Т.Мэндсайхан: Газартай холбоотой асуултад хариулт байна уу.


Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэргэжилтэн н.Урантөгс: Манай байгууллага Иргэний болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэргийн нотлох баримттай холбоотой ажиллагаанд хамтран ажиллаж байна. 2017 оны байдлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 230 орчим нотлох баримт хүргүүлж, 54 ширхэг шинжээчийн дүгнэлт гаргаж хүргүүлсэн байна. Эдгээр ажиллагаанд тулгамдаж буй асуудал гэвэл шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг 30 хоногоор зааж байдаг. Гэтэл манай байгууллагад асуудал хариуцсан 1 мэргэжилтэн байдаг бөгөөд хүрэлцээ муу байдаг. Өдөрт дунджаар 2 нотлох баримтыг шүүхэд хүргүүлдэг. Үүнийг архиваас түүвэрчилсан байдлаар нэг бүрчлэн шүүж гаргадаг учраас ажлын ачаалал ихтэй, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Иймээс хугацаанд нь хүргүүлж чаддаггүй. Түүнчлэн шинжээчийн зардлын асуудал тулгардаг. Боловсон хүчин дутмаг байдаг учраас "Геометр” ХХК-тай геодезийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хамтран ажилладаг. Уг компанийн хувьд шинжээчийн зардлыг төлсөн тохиолдолд дүгнэлт ирүүлэх нөхцөлтэй байдаг учраас төлбөр шилжүүлээгүй удсанаас үүдэн дүгнэлт шүүхэд хүргүүлэхгүй уддаг. Өндөр хүчдэлийн хязгаарлалтын шугамын асуудалд манай байгууллага дүгнэлт гаргах боломжгүй байдаг.


Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэргэжилтэн н.Уранчимэг: Нийт захиргааны хэргээс гурван хэрэг тутмын нэг нь газрын мараан байдагтай холбоотойгоор тухайн газрыг олгохдоо газар зохион байгуулагч нь хээрийн болон суурийн судалгааны ажлыг хийсэн байх ёстой. Шүүгч Д.Оюумаагийн асуултын хувьд хариуцагч нь Нийслэлийн Газрын албан байгаа тохиолдолд тус байгууллага шинжээчээр ажиллах боломжгүй. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шинжээчээр ажиллах боломжтой. Манай байгууллагад тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн бүртгэл байдаггүй. Энэ нь Барилга, хот байгуулалтын цахим хуудсанд ил байдаг. Түүнчлэн шүүгчийн захирамжаар шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг богинохон тогтоодог. Гэтэл шинжээч нарын ажиллах нөхцөл бүрдээгүй, оролцогчид хэл амаар дайрч, доромжлох байдал гардаг нь шинжээчийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэдэг. Мөн шүүгчээс тавьж буй асуулт ойлгомжгүй байдаг. Эдгээр асуудлуудад анхаармаар байна.


Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэргэжилтэн н.Урантөгс: Манай байгууллагаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай гар нийлж ажилладаг. Иргэний хэргийн шүүгч нартай хамтран ажиллах талаар санамж бичиг байгуулах, уулзалт зөвлөгөөн зохион байгуулах гэх мэтээр биднийг холбож өгмөөр байна. Аливаа хэрэг маргаан гарсан асуудалд шийдвэрлэх арга зам хайхаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх байдлаар судалгаа хийхэд хамтран ажиллахыг хүсмээр байна.


Хэлэлцүүлэгт оролцогч н.Санж: Жишиг үнэ гаргах асуудал зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнийг жилд нэг удаа гаргаж, орон нутаг тус бүр өөр өөрсдийнхөөр үнэлж шинэчлэх боломжтой байхаар тогтоох нь зүйтэй. Төрийн байгууллагууд шинжээчээс томилохоос татгалздаг нь хөлс авдаггүйтэй холбоотой. Төр зайлшгүй шинжээч хийх ажил байдаг. Тухайлбал, газрын маргаан. Түүнчлэн захиргааны хэрэгт эрх мэдэлтнүүдийн шийдвэрээс болж иргэд маргаан гаргадаг бөгөөд төрийн байгууллагын ажилтныг шинжээчээр томилоход дээд шатны албан тушаалтны дарамтаас айж шинжилгээ хийхээс татгалздаг. Хөрөнгийн үнэлгээ, барилгын гүйцэтгэл, төсөв нь өөр өөр ойлголтууд байдаг. Хөрөнгийн үнэлгээний эрхийг Сангийн яамнаас өгдөг. Үүнийг иргэн гүйцэтгэдэг. Барилгын төсөвтэй холбоотой эрхийг Барилга, хот байгуулалтын яамнаас өгдөг. Энэхүү ойлголтуудыг ялгаж, салгах шаардлагатай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгээд тухайн хөрөнгийг хурааж авдаг бөгөөд энэхүү хураагдсан хөрөнгийг үнэлдэг. Гэтэл үүнд хариуцагч болох төлбөр гаргаж буй этгээд цаад агуулгаараа төлбөрөө төлөхгүй байх үүднээс заавал маргаан үүсгэж, энэ нь сунжирдаг. Гэтэл бодит байдал дээр үүнийг шүүх хүлээн авах хэрэггүй байдаг. Шүүхийн төсөвт суулгасан шинжээчийн зардал үнэхээр бага байдаг. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэргийн оролцогчид байнга Авилгатай тэмцэх газарт гомдол гаргадаг. Үүнээс болж шинжээч нар Авилгатай тэмцэх газарт шалгагдахаас зайлсхийж шинжилгээ хийхээс татгалзахад хүрдэг.


Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Баярмаа: Хэлэлцүүлэгт оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний санал, тулгамдаж буй асуудлыг сонслоо. Шинжээч томилохтой холбоотой асуудалд 2 гол асуудал байдаг. Үүнд, шинжээч томилох процесс болон шинжээчийн дүгнэлтийн чанарын асуудал байдаг. Нийгэмд тогтсон нэг буруу ойлголт нь тухайн хэрэг маргаанд шинжээч ажиллаж эхлэхээр түүний зардлыг төр хариуцах ёстой мэт ханддаг. Энэ нь цаанаа татвар төлөгч нарын бүрдүүлсэн орлого байдаг. Шинжээчийн дүгнэлт бол тухайн хэрэгт нотолгооны ач холбогдолтой байдаг учраас хэргийн оролцогч нар өөрсдөө шинжээчийн зардлыг хариуцах ёстой. Нөгөө талаас шинжээчийн асуудлыг шүүх өөрийн нуруун дээрх ачаа мэт ойлгож ханддаг нь бас нэгэн бэрхшээлийг үүсгэдэг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийн чанарын асуудал тулгамдсан асуудал байдаг. Шинжээч нь асуулт буруу гэж үздэг. Гэтэл шинжээчийн дүгнэлт шаардлага хангадаггүй. Нэгэнт шинжээчээр томилогдсон л бол дүгнэлтээ чанартай гаргах нь зүйтэй. Шинжээчээр байгууллагыг шинжээчээр томилно гэдэг агуулга нь бас асуудалтай. Эцсийн дүндээ шинжилгээг хүн хийдэг.


"Гэст” ХХК-ийн захирал: Шинжээчийн дүгнэлтийн талаар гурван шатны шүүхийн шийдвэр, тогтоолд огт дурдагддаггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд шинжээчийн асуудал мөн л орхигддог. Тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд шаардлагатай ажлыг нь хийчхээд хохиролтой үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл шинжээчийн ажил үнэлэгдэхгүй байна. Энэхүү хэлэлцүүлгээс гарах зөвлөмжид энэ тухай тусгах шаардлагатай. 2-3 жил дүгнэлт хийх ажлыг хийчхээд хөлсөө авахгүй байгаа тохиолдол маш их гардаг. Түүнчлэн шинжээчид төлөх төлбөрийн асуудлыг журмаар зохицуулах шаардлагатай гэсэн саналыг хэлмээр байна.


"Лэндс” ХХК-ийн захирал: Шүүх шинжээчийг сонгохдоо туршлага, мэдлэгийг анхаарах шаардлагатай. Хөрөнгийн үнэлгээний мэдээлэл нь Сангийн яамны цахим хуудсанд байдаг. Шинжээч нар аль болох түргэн шинжилж дүгнэлт хийхийг боддог. Японы туршлагын талаарх илтгэлд эрх зүйн зохицуулалтын давуу талуудыг дурдсан боловч Монгол Улс болоод Япон Улсын хооронд хөгжлийн ялгаа маш их байна. Япон Улсад жишиг үнэлгээг төрөөс маш том судалгаа хийж, дундаж үнийг жилд 2 удаа шинэчлэн тогтоодог. Манай улсад хэрэгжихэд хөрөнгө санхүүгийн бэрхшээлээс эхлээд маш олон асуудалтай тулгарна. Түүнчлэн Үнэлгээний хороо дүгнэлт гаргахад удаан хугацаа шаардах ажиллагаа биш боловч удаашрах шалтгаан нь хэргийн оролцогч аль нэг тал дүгнэлт гаргуулахгүй саад хийх нь шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг удаашруулдаг. Энэ тохиолдолд шүүгч шинжээч томилсон захирамжийг хэргийн оролцогч, томилогдсон шинжээч нарыг байлцуулан сонсгож, шинжилгээ хийх өдөр, цаг хугацаа, оролцогч нарыг мэдэгдэх ажиллагаа хийвэл хэргийн оролцогчид саад хийхгүй байх магадлалтай Мөн шинжээчээс тодруулж буй шүүгчийн асуулт нь хууль журамд нийцтэй, ойлгомжтой баймаар байна. Шинэ хуулиар шүүгчтэй уулзахыг хориглосон байдаг бөгөөд туслахтай нь харилцаж байхад зөв ойлголцож байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг. Шүүгч шинжээчтэй зөвлөлдөж байх ёстой. Шинжээчийн зардлыг шүүгчийн захирамжид тодорхой зааж өгөх нь зүйтэй. Ямар ч этгээдийн гаргасан шийдвэрийн биелэлт нь тэр этгээдийн нэр хүндтэй холбоотой байдаг бөгөөд шүүхийн шийдвэрийн нэр хүндийг унагадаг газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар юм. Шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн талаар гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байхад уг дүгнэлттэй санал нийлэхгүй, ахин гомдол гаргах тохиолдол их байдаг. Шинжээчийн дүгнэлтэд 30 хоногийн дотор гомдол гаргах байтал жилийн дараа гомдол гаргаж ханддаг. Гэтэл цаг хугацааны хувьд нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болж дүгнэлт өөрчлөгдөх магадлалтай байдаг.


Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Энхтуяа: Шинжээчийн эрх үүрэг танилцуулахад шинжээч нар ирэхгүй байх асуудал үүсдэг. Шинжээч томилсон захирамжтай хамтад нь эрх, үүрэг танилцуулсан баримтыг хамт хүргүүлдэг. Үүнд дүгнэлт гаргахаасаа өмнө танилцаж, гарын үсэг, огноогоо зайлшгүй тэмдэглэх нь зүйтэй байна. Уг баримтад гарын үсэг зурж, огноог тэмдэглэхгүй байснаар дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй болох, цаашлаад шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болж гардаг. Түүнчлэн шинжээч томилсон захирамжид хөлсийг заадаг боловч хэргийн оролцогч уг хөлс өндөр байгаа тул төлөх боломжгүй гэдэг. Энэ нь шинжээчийн хөлс, зардлын үнэлгээ хэрхэн тогтоогдож буй нь тодорхойгүй байгааг харуулдаг. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа шаардагдах зардлын задаргааг ирүүлдэг. Үүнтэй адил задаргаа ирүүлж байвал хэргийн оролцогчдод ойлгомжтой байна. Шинжээч шинжилгээ хийхээс татгалзах үндэслэл нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр л татгалзана. Гэтэл ихэнх шинжээчид хуульд заагаагүй үндэслэлгүйгээр татгалздаг нь хүндрэл үүсгэж байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлттэй хамт нэхэмжлэхээ ирүүлбэл илүү шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргахдаа хуваарилах бүрэн боломжтой.


Монголын хохирлын үнэлгээчний холбооны захирал М.Бизаагундаа: Хөрөнгийн үнэлгээчний ажлын зардлыг Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалаар нэг цагийн ажлын хөлсийг 10,000-30,000 төгрөгийн үнэлгээтэй байхаар тогтоосон байна. Бусад шинжээчийн хувьд үнэлгээ өөр байдаг байх. Хөрөнгийн үнэлгээчний тухайд холбооны байр суурийг илэрхийлмээр байна. Шүүгч нар шинжээч, мэргэжлийн байгууллага гэдгийг тусад нь ойлгохыг хүсье. Хөрөнгийн үнэлгээчинг томилохдоо мэргэжлийн болон ёс зүйн хувьд алдаа гаргасан эсэхийг шалгаж шинжээр томилох нь зүйтэй. Монголын хохирлын үнэлгээчний холбоонд мэдээллийн сан үүссэн байгаа. Энэ нь тусгай эрхээр нэвтэрч мэдээлэл авах боломжтой мэдээллийн бааз юм. Аливаа нэг асуудалд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан бүртгэлийг дараагийн шинжилгээ хийх этгээд мэдсэнээр ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр татгалздаг. Хэрэв гаргасан дүгнэлтэд хэргийн оролцогч аль нэг тал үндэслэл бүхий гомдол гаргасан тохиолдолд дараагийн удаа дүгнэлт гаргахдаа шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж дүгнэлт гаргадаг. Энэ нь шүүхийн ажиллагаанд тус нэмэр болдог байх. Түүнчлэн өндөр үнэ бүхий, өргөн цар хүрээг хамарсан асуудлаар дүгнэлт хийхээр шинжээчийн бүрэлдэхүүн ажиллах шаардлагатай тохиолдолд манай холбоогоор дамжуулан хандах боломжтой. Үнэлгээчдийн хараат бус байдал бас чухал асуудал юм. Үүний цаана хэн нэгний эрх зүй, эдийн засгийн байдал хөндөгдөж байдаг. Манай холбооноос мэргэжлийн үнэлгээчнийг бэлтгэх үйл ажиллагаандаа прокурор, цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүдийг урьж сургалт хийлгэдэг. Мөн зардлын хувьд нэхэмжлэгч эсхүл шүүхээс гаргаж байдаг бөгөөд тодорхой эрх зүйн байдалтай холбоотой шүүх, цагдаа, мөрдөн, авилгал тагнуулын хэрэгт аль болох ашгийн бус байдлаар уян хатан ханддаг гэдгийг онцлон дурдмаар байна. Мэдээллийн сангийн асуудлыг хэрхэн шүүх ашиглах асуудал бас чухлаар хөндөгдөж байна. Мал амьтан, тээврийн хэрэгсэл гэх мэт тодорхой үнэлгээний зүйлүүдэд жишиг үнийг тогтоох нь оновчтой бөгөөд шаардлагатай юм. Энэ нь ажиллагааг илүү хялбар болгож байдаг. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулагч нарт талархал илэрхийлье. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.


Монголын мэргэшсэн үнэлгээний институтийн зөвлөлийн гишүүн, Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга н.Энхбат: Хэлэлцүүлэгт оролцогч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Шинжээчийн зардлын задаргааг гаргах боломжтой байдаг. Шүүгч шинжээч томилоход үнэлгээний зүйлтэй холбоотой мэдээлэлтэй байж, аль чиглэлийн үнэлгээ вэ гэдгийг тодорхойлсноор шинжээч томилох нь илүү оновчтой байдаг. Манай мэргэшлийн хороо үнэлгээний тайлантай холбоотой 90 орчим гомдлыг шийдвэрлэсэн. Үнэлгээний ажилтны хөлстэй холбоотой татгалзал их байдаг. Шүүхээс томилогдсон шинжээч холбогдох дүгнэлтээ шүүхэд гаргаж өгсөн ч төлбөрөө төлөхгүй, хэрэг сунжирсан зэрэг асуудлаас болж шинжээч түүнийг орхидог. Барилгын хоорондын зайтай холбоотой орон сууцны нар хаасан асуудал шүүхэд маргаантай байгаа. Үүнд манай байгууллагыг шинжээчээр томилсон. Энэ бол маргаантай том асуудал бөгөөд ямар нэг тооцоолол, барьж ажиллах коэффициент байдаггүй учраас томоохон судалгаа хийж дүгнэлт гаргах шаардлагатай нөхцөл үүссэн. Энэ нь шүүхээс дүгнэлт гаргах тогтоосон хугацаанаас хэтрэх бөгөөд үнэлгээний зүйлээсээ шалтгаалан шүүгч захирамждаа хугацааг уян хатан тогтоож байхыг хүсье. Түүнчлэн орон нутагт шинжээч хүрэлцээгүй байдаг. Тухайн орон нутгийн хүн амын тоо, аль нэг этгээдтэй ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай гэсэн үүднээс хотоос шинжээч томилдог бөгөөд энэ тохиолдолд томилолтын зардал гэх мэт асуудал нэлээдгүй байдаг. 2018 оны намраас манай байгууллага мэргэшсэн үнэлгээчний институтийн дэргэд сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Иймээс шүүгч нартай хамтарч ажиллах боломжтой. Манай байгууллага дотоодтой үнэлгээний тайлантай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ баримтлан ажилладаг журам байдаг. Үүнийг хуваалцаж болно.


Т.Мэндсайхан : Өнөөдрийн хэлэлцүүлэг өндөрлөж байна. Хүрэлцэн ирж, хэлэлцүүлэгт оролцсон та бүхэнд баярлалаа. Хэдэн асуудлыг тэмдэглэж дурдъя. Шинжээч томилох, түүний дүгнэлтийг үнэлэх эрх шүүгчид байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллийн сан бүрдүүлэх, шүүгч нарын нөхцөлийг хангах чиг үүрэгтэй байдаг. Иймээс дээр дурдагдсан, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах боломжтой. Түүнчлэн шүүхэд хэрэг, маргааныг шийдвэрлэхээс гадна бусад аргууд байдаг. Үүнд эвлэрэх болон мэргэжилтнүүдийн комисс байдаг олон улсын практик байдаг. Харин Монгол Улсад мэргэжилтнүүдийн комисс байдаггүй. Шинжээч сайн ажиллавал шүүхийн ажиллагаа маш хялбар болдог. Тиймээс үнэлгээний мэргэжлийн комиссын аргыг хэрэглэвэл бололцоо байгаа юм. Үнэлгээчний мэргэжлийн байгууллага ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгийг тодорхойлох, уг шинжээчийн дүгнэлт гаргах үйлчилгээ чанартай байх, шинжээчийн үйл ажиллагаа явуулах зардал тодорхой болсноор мэдээллийн сан үүсэж, маргаж буй этгээдүүдэд санал болгож, сонголтоо хийх боломж бүхий системтэй болмоор байна. Та бүхэнд тараасан хуудас дээр өөрсдийн санал, дүгнэлтээ үлдээхийг хүсье. Шинжээчийн талаар гаргасан туршлага, мэдлэгийн асуудал нь маш чухал асуудал юм. Нэр томьёоноос эхлээд хэрхэн нэг ойлголтод хүрэх вэ гэх мэт асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллахад нээлттэй байна. Ингээд илтгэл танилцуулсан, хүрэлцэн ирж оролцсон шүүгч нар, төрийн байгууллага, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн холбоо, түүнчлэн Төв аймгийн төлөөллийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлмээр байна. Хэлэлцүүлгийг өндөрлөж байна.

 

 

Хэлэлцүүлэг 12 цаг 30 минутад дуусав.

 

ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН: З.МАРГАД

/Нийслэл дэх захиргааны хэргийн

анхан шатны шүүхийн шүүх

хуралдааны нарийн бичгийн дарга
Нийтэлсэн court   Үзсэн: 2421   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:304 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 304