Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-05-2015, 09:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Н.Лүндэндорж: Дэлхийн үзэгдэл болчихсон Ардчиллын хямрал манайх шиг улсын хувьд харин ч гайгүй байна

-Эрдэнэтийнхэн их гайхсан гэсэн. Шинэтгэлийн талаар ярих гэж байгаа юм болов уу гэж харсан шиг байгаа юм.

 

-Гайхна л даа. (инээнэ) Юу ч гэж хэлмээр юм бэ дээ. Учиргүй гомдож өс хонзон санаад гүйгээд байгааг нь би үнэхээр ойлгож, учрыг нь олдоггүй юм. Би тэр хүний амьдралд ямар гай тарьчихсан юм бэ. Нэг хуулийн сургуулийн деканы албан тушаал тэр хүнд тийм их үнэ цэнтэй байсан гэж үү. Тэгээд ч би тэр суудалд нь суучихсан биш. Ингэж би хааяа боддог. Хүн юм болохоор сэтгэл шархлах үе байна шүү дээ. Тэгээд аажимдаа тэр хүнийг буруутгахаасаа илүү, ойр дотно нөхөрлөж явсан хүндээ тийм юм бодуулснаараа өөрөө л буруутай юм болов уу даа гэж заримдаа боддог. Тэрнээс биш чи тэгсэн, ингэсэн гээд Нараа багшид үг дайгаад яахав, буянаараа болог. "Тэр хүн юу гэж хэлэх нь чухал биш, тэр хүнд тэгж бодуулсандаа л байгаа юм аа” гэсэн үг байдаг даа.


-Та Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын дарга. ШЕЗ өмнө нь байсан ч эргэж гарч ирэхдээ байр байшинтай, том бүтэцтэй болчихсоноороо олны анхаарлыг татаад байх шиг байна. Тэгэхээр энэ байгууллагын агуулга, үзэл санааг түр орхиод эдийн засгийн хувьд гадуур бичигдээд байгаа шиг тийм "баян” байгууллага юм уу гэх асуултыг тавья ?


-1992 оны Үндсэн хуулиар Монгол Улс, шүүхийн захиргааны төв байгууллага байгуулна гээд заачихсан ч байгуулахгүй явсаар 20-иод жил болчихсон юм. 10-аад жил шүүхийн захиргааг Хууль зүйн сайдын албанд хавсаргаж үзсэн ч болоогүй. Зарим сайд нар ерөнхий шүүгчдийг аваачиж загнадаг, хэрэг төвгийг нь авчруулж танилцдаг бурангуй явдал ч гарах болсон учраас өөрчлөөд, УДШ-ийн ерөнхий шүүгчид хавсаргасан. Ерөнхий шүүгчид захиргааны чиг үүрэг өгчихөөр түүгээр дамжиж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх явдал бас бий болсон. Ерөнхийдөө шүүхэд прокурор шиг босоо удирдлагын тогтолцоотой маягийн байгууллага болж хувирсан л даа. Шүүгчийнхээ хараат бус байдлыг хөндөөд байна гэх шүүмжлэл гараад эхэлсэн. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шүүхийн шинэтгэлийн бодлогодоо шүүхийн захиргааг тусад нь гаргахаар гурав дахь шинэ моделийг гаргаж ирсэн нь л энэ. Байгуулаад ажлаа эхлүүлэх гэсэн байргүй. Ажилтнуудын маань зарим нь гэрээрээ, зарим нь компани дээр сууж ажилладаг гэхчилэн хэцүү нөхцөлд л байсан. Тэр үед Чингэлтэй дүүргийн шүүхийн байрыг байна гэхээр нь очиж үзсэн чинь бохир, дулаанаа ч шийдээгүй. Зүгээр л нэг байшин барьчихсан. Хойд гэр хороолол нүүхээр магистраль шугам ирээд дулаан татчихна гэж төлөвлөсөн байдалтай. Өнөө хороолол нь ч баригдаагүй, байшин нь балгас болчихсон байсныг өөд нь татаад бойлуураар халаадаг болгож. Бохир нь шийдэгдээгүй учраас доор нь нэг ёмкось булаад асуудлаа шийдсэн. Хотын төвд гэхэд хэцүү л дээ.


-Танай зөвлөл хэдэн хүнтэй юм бэ?


- Таван гишүүнтэй. Ажлын алба 70 гаруй хуульчтай. Өөрийн байртай болсных бүх шүүхийн мэдээллийн дата бааз байгуулчихлаа. Хаана ямар ачаалал, асуудал үүсч байна гэдгийг эндээс хянах, дүгнэлт хийх, бодлого боловсруулах нөхцөл бүрдсэн. Мөн Монголын бүх шүүхүүдтэй видео хурал, сургалт хийх техникийн бололцоо бүрдчихлээ. Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны тухайд энэ бол маш чухал шийдэл л дээ. Тэр ч бүү хэл дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт байгаа профессоруудтай холбогдож сургалт явуулах бололцоотой. Гэхдээ бусдын яриад байгаа шиг баян тансаг байгууллага биш шүү. Ерөөс төрд гурван эрх мэдэл байдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж. Шүүх эрх мэдлийн захиргааны байгууллага. Шүүхийн төсөв, Улсын төсвийн 0.30-40 хувьтай л 20 жил болсон бол шүүхийн шинэтгэлийн үр дүнд одоо 0.80 хувьтай боллоо. Нэг хувь хүрэхгүй ч энэ бол том амжилт. Шүүх засаглал нь төлөвшсөн орнуудад улсын төсвийн 2-5 хүртэл хувийг төсвөөс авдаг.


-Олон жил шүүх засаглал, тогтолцоо, ёс зүйн сэдвээр хэлж тэмцсэн хүн. Шүүх дээр овоорсон лагшмал асуудлыг угаалгын машинд хэд сэгсрээд л цэвэрлэдэг шиг шийдчих боломжгүй. Саяхан таны парламент дээр хэлсэн үгнээс болоод гаргасан Шүүгчдийн холбооны мэдэгдлийг үзлээ. Их хувийн шинжтэй, албан ёсны гэх стандартгүй мэдэгдэл гэж харсан. Шүүгчдийн холбооны гишүүн шүүгчдээс холбооных нь талаар асууж, хурлаа хийж гаргасан мэдэгдэл үү гэж асуухаар хурал хийгээгүй гэх юм.


-Тийм л юм билээ.


-Би өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцахдаа шүүхийн шинэтгэлийн асуудлаар асуусан. Ерөнхийлөгч шүүгчдийн талаар шүүмж сонсох дургүй, идээ бээрийг нь бага багаар цэвэрлэж, алхам алхмаар урагшилж байна. Ажил урагшаа явж байна, явуулах талаас нь та нар түлхэц өг гээд хир халдаадаггүй. Шүүх бахь байдгаараа, харин ч бүр маапаанд хутгалдсан байдал нь ужиграх шинжтэй байна. Яагаад энэ вэ. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна.


-Түрүүний асуултад гүйцээгээд хариулчихмаар байна. Та зөв ажиглаж, зөв судалгаа хийсэн байна.Шүүгчдийн холбоог толгойлдог хүн нь УДШ-ийн захиргааны хэргийн тэнхмийн шүүгч Батсүрэн.


-Төрийн бус байгууллага биз дээ?


-Төрийн бус байгууллага. Удирдах зөвлөлд нь есөн хүн байдаг. Мэдэгдэл гаргаж шүүгчдийн нэрийн өмнөөс дуугарах гэж байгаа бол төлөөлөх эрхтэй байгууллага нь хуралдаж шийдвэр гаргах ёстой. Надад ирсэн мэдээллээр бодит байдал дээр хоёр гурван хүн сууж байгаад л Н.Лүндэндоржийг чимхээд авъя, улс төрд ч ашиглая гэж хэлэлцсэн юм байна гэж ойлгосон. Уг мэдэгдэл нь үнэхээр буруу хандлагатай, шүүгчдийн нэр хүндэд халтай үйлдэл болсон. УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд, шүүгчид улс төрийн захиалгаар шийдвэр гаргаж, нэр хүндээ унагаж байгаа талаар таны бодлыг сонсоё гэсэн. Би ч шүүхийн шинэтгэл хийх болсон нэг шалтгаан нь олон түмний дунд шүүхийн нэр хүнд буурсантай холбоотой. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч нь хөтөлбөр гаргасан гэж хариулсан. Энэ үнэн. Хэрвээ шүүхийн нэр хүнд сайн байсан бол шинэтгэл хийх хэрэггүй л дээ.


-Н.Лүндэндорж л шүүхийг тааруугаар дүгнээд, түүнийгээ парламент дээр хэлсэн юм шиг ойлгоод мэдэгдэл гаргахдаа хүртэл бухимдсан бололтой.


-Би биш ээ. Гадаад дотоодын судалгааны байгууллага, Монголын төр, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Ерөнхийлөгч нь дүгнээд реформ хийхээс өөр арга алга гэсэн шийдэлд хүрсэн юм. Реформыг өдөр болгон хийдэггүй, бүр болохоо болихоор нь л хийдэг зүйл.

-Та бичдэг хуульчдын нэг. Шүүхийн шинэтгэлийн асуудлыг олон жил хөндсөн. Сая гарсан мэдэгдлээс олон жилийн хонзогнол, бухимдал ажиглагдсан.


-Шүүгчид тэр мэдэгдлийг дэмжихгүй байгаа. Ганц хоёр хүн л хийсэн үйлдэл.Тэгээд ч бүх өөрчлөлт 100 хувийн дэмжлэг авна гэж хаа байхав. Эсэргүүцэгчдийн дунд найз нөхөд маань ч байж л байна. Ойр дотны маань хүн хүртэл чи л дэмий юм ярьж,шинэтгэл гэж асуудал босгож ирлээ гэж буруутгаж байсан үе бий. Олон шүүгч зөв ойлгож, тэвчээртэй хандаж, сэтгэлээр уналгүй ажлаа сайн хийгээрэй гэж урам өгч байгаа. Тиймдээ ч миний санаа зовохгүй байна. Гэхдээ ийм балай юм хийдэг хүмүүс жаахан ичих хэрэгтэй л дээ.


-Шүүхийн нэр хүнд олон түмний итгэл дээр тулгуурладаг. Энэ нь шүүх зөв оршихуйн үндэс. Шүүгчдийн цалинг өсгөх шийдэл нэлээд шүүмжлэл дагуулдаг. Цалин нэмэгдсэнээр ямар ахиц ажиглагдав. Хийж буй бодлогуудын үр дүн ер нь гарч байна уу?


-Ахиц байнаа, байна. Монгол Улсын шүүхийн шинэтгэл, тэр тусмаа хуулийн байгууллагын шинэтгэлийг би амжилттай яваа реформ гэж үнэлдэг. Нөгөөтэйгүүр шүүхийн шинэтгэлийн автор болох Ерөнхийлөгчийн зүгээс энэ реформыг амжилтад хүргэх хүсэл зориг асар хүчтэй байна. Тэр хүсэл зориг унтарвал энэ ажил урагшлахгүй. Тэр утгаараа шүүхийн шинэтгэл амжилттай өрнөж, бодит үр дүнгүүд гарч байна. Хэзээ Монголын шүүх нээлттэй байлаа. Сэтгүүлч бүү хэл хуулийн оюутан ч хошуугаа хавчуулж чаддаггүй байсан. Монголын шүүхийн нээлттэй байдал АНУ, Германаас ч түрүүлсэн. Тэд нар гайхаж, та нар ийм богино хугацаанд яаж ингэж чадав. Бараг хэтэрхий нээчихсэн юм биш үү гэж асууж байна. Цалинтай холбоотой асуудлын тухайд хэдэн шүүгчдийг цалингаар нь цалгиулаад байгаа гэж харах нь харалган хэрэг. Шударга ёс үнэтэй байдаг юм. Түүнд мөнгө төлж байгаа гэж дэлхий хардаг үед бид амьдарч байна. Бага цалинтай шүүгчтэй улсад авилга тэр хэмжээгээр өндөр байдгийг дэлхийн түүх нотолдог. Шүүгч хүн олон эрхээ хязгаарлуулсан байдаг. Түүнийх нь төлөө хийж байгаа төлбөр гэж харах ёстой. Шүүгчид, шударга ажиллаж, чанартай шийдвэр гаргая гэж чин сэтгэлээсээ чармайдаг боллоо гэж ярьж байна. Хамгийн гол нь шүүгч хүний сэтгэл зүрхэнд хариуцлагатай байя гэсэн мэргэжлийн хүсэл өндийж, тийм гэрэл ассан. Энэ бол шүүхийн шинэтгэлийн хамгийн гол үр дүн. Түүнээс биш шүүгчийг хараат бус байлгах гэж хажууд нь манаач цагдаа зогсоогоод яах юм бэ. Хүн буруу юм хийе гэвэл хийж л таарна. Зарим хүмүүс, шударга ёсыг мөнгөгүйгээр тогтооно гээд байдаг. Бага цалинтай ч шударга ажиллая гэдэг чинь коммунист лоозон. Үүний улмаас шударга ёс үнэтэй байдаг юм гэсэн Англичуудын хэллэг үүссэн. Сингапурын хөгжлийн эцэг Ли Куан Ю шударга ёс тогтоохын тулд шүүгчдийн жилийн цалинг сая доллар болгосон. Тэр хэрээр хариуцлага нь ихэссэн. Тэрний хүчинд тус улс өнөөдөр авлигагүй, хамгийн шударга хуулийн засаглалтай улсын тоонд багтсан. Энэ мэтийг манайхан жаахан хармаар л байгаа юм.


-Шүүгчийн сарын цалин 10 сая болоогүй ч тэрбумын үнэтэй байр аваад л байна.


-Монголын шүүгчдийн цалинг улс төр болгоод, энэ бодлогыг унагая гэсэн явуургүй улс төр нь эх орноо хорлоход хүргэж байгааг ойлгоосой.


-Ц.Нямдорж сайд л лав эсрэг байр суурь илэрхийлдэг.


-Найман сая төгрөгийн цалинтай шүүгч одоо байхгүй.Ирээдүйд бий болно. Шүүгчдийн дунд 40-өөс дээш жил ажилласан 4 шүүгч 4-5 сая төгрөгийн цалинтай байгаа. Бусдын тухайд дунджаар бол 1700 ам.доллар. Татвараа төлөөд гар дээрээ 1300 ам.доллар л авч байхад улс төр хийх гээд байх юм даа.


-Ямар ч байсан бодлогын энэ хөшүүрэг үр дүнгээ өгч байгаа гэх гээд байна уу, та?


-Өгч байгаа. Шүүгч хүн шударга ажиллая гэх чин эрмэлзэлтэй болж байгаа нь л хангалттай. Төр надад ийм цалин өгч байхад би сайн ажиллах ёстой гэх бодол төрнө гэдэг том амжилт шүү.


-Энгийн иргэд шүүхэд итгэхгүй, шүүх засаглал дарангуйллын шинжээ улам л гүнзгийрүүлээд байна гэж шүүмжилж байна. Том компаниуд бүгд л өөрийн шүүгчтэй болчихсон. Жишээ нь "Моннис” группын асуудал дээр зөвхөн тэр шүүгч л орж ирж шийддэг гэх жишээтэй. Ийм зүй тогтол шиг болчихсон аргачлалуудыг нурааж, солбиж, шүүгчдийг тараах бодлого барьж болох уу. Шүүгчидтэй холбоотой гомдол өргөдөл танайд л ирдэг үү?


-Монголчууд айхтар гярхай, шинэ юманд амархан дасдаг. Өөрчлөлт шинэчлэлийг их хурдан хүлээж авдаг үндэстэн. Одоо энэ дундад азийн орнуудын ардчилал, шүүхийн асуудлуудыг хар. Хүнд байна. Эдэнтэй харьцуулахад Монголын шүүх, Монголын ардчилал харьцангуй хол явчихсан. Нөгөөтэйгүүр шүүхийн реформ хийх хүнд. Мафийн тухай кинонд гардаг шиг гудамжинд гүйж гараад л дуртай юмаа хийдэг мафи дэлхийд одоо байхгүй болсон.Мафийн бүтэц өөрчлөгдсөн нь тэр. Хамгийн аюултай нь энэ. Товчхондоо шүүхийн шинэтгэлийг 5-6 жилд хийгээд дуусгачихдаг, үр дүн нь түргэн гардаг ажил биш. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүхийн шинэтгэлийн бодлого хэрэгжиж эхэлсэн нь хоёрхон жил. Өөрийн чинь хэлээд байгаа зүйлс ортой. Гэхдээ өргөс авсан юм шиг энэ бүх асуудал нэг дор цэгцрэхгүй. Ерөнхийлөгч УИХ дээр тайлангаа тавихдаа шүүхийн шинэтгэлийн ажил талдаа ч ороогүй байна гэж хэлсэн. Энэ үнэн.


-Эрх мэдлийн халуун цэг гэж та шүүхийг томьёолсон байсан. Энэ халуун цэг дээр өөрчлөлт шинэчлэлт хийх бодлогын байгууллага бол Шүүхийн ерөнхий зөвлөл. Гэвч энэ байгууллага руу хийх дайралт асар их байна. Цэц бас нэг мэдэгдэл гаргасан л байсан. Танайд тэднийг эгдүүцүүлж чадах ямар хүч байгаа юм бэ. Ямар эрх мэдэл байгаа юм бэ. Шүүхийг тараах ч гэдэг юм уу, тийм хэмжээний эрх мэдлийг өгсөн юм уу. Эсвэл зүгээр л энэ байгууллага гоё харагдаад байна уу. Эсвэл Н.Лүндэндорж гэдэг хүнд нь дургүй байна уу?


-Цэц намайг хөдөө явж байхад сануулга явуулсан байна билээ. Тэр нь ямар ач холбогдолтой юм, бүү мэд. Би хувьдаа Н.Лүндэндорж оо, чи дуугүй бай л гээд байна гэж ойлгосон.


-Би таниас багш шавийн тавилангийн талаар асуусан. Манай шинэ үеийн хуульчид дотроос шидсэн мессеж нь хамгийн их шуугиан тарьдаг хүн нь Х.Тэмүүжин гишүүн. Тэрбээр ЦЭЦ бол морг гэж хэлсэн. Энэ үгнээс нь болоод, шууд хэлэхэд шавийн тань хийсэн мэдэгдлээс болж тань руу чулуу шидэв үү?


-Миний хоёр шавь Цэцэд хандаж хатуухан шүүмжлэл хэлсэн. Х.Тэмүүжин Үндсэн хуулийн ЦЭЦ гэдэг байгууллага улс төрийн морг гэсэн бол Ч.Өнөрбаяр доктор, ЦЭЦ үеэ өнгөрөөсөн нөхдийн цуглуулга гээд хэлчихсэн юм шиг байна лээ. Тэд бол бие даасан хүмүүс. Тэдний бүх байр суурь, бүх хэлсэн үг, хийсэн үйлдлийг надтай холбодог бол энэ нь их эмгэнэлтэй явдал юм даа.


-Шинэ үеийн л хуульчид хурцхан мэдэгдлүүд хийгээд байна л даа?


-Н.Лүндэндоржийн шавь нар Цэц рүү дайрдаг, ард нь Лүндээ байгаа, эдэнтэйгээ бүлэглээд байна гэж хардаг шиг байгаа юм. Тийм юм байхгүй. Цэцээс явуулсан сануулга нь манай зөвлөл рүү бус зөвхөн надад хандсан юм шиг санагдсан. Би сэтгүүлчдийн асуултад хариулахдаа зориуд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга бус эрдэмтний хувьд гэж өмнөтгөл хэлж байгаад байр сууриа хэлдэг. ЦЭЦ бол цэвэр онолын шүүх байх ёстой. Үндсэн хуулийн үг, цэг таслал бүрийг онол зарчмаар нь хөдөлгөөнгүй тайлбарлаж байж шийдвэрээ гаргах ёстой ч стандартад хүрэхгүй байгааг нь би болон миний шавь нар ил тод хэлчихдэгт дургүй байдаг юм шиг байна лээ.


-Цэцэд яалт ч үгүй том хуульчид бий. Тэгсэн атлаа ажиллах урам зориг нь мохсон, нэг тийм идэвхгүй цул бүтэц болоод хувирчихлаа. Гаргах шийдвэрийг нь бараг урьдчилаад мэддэг болчихлоо шүү дээ?


-Эрдмийн зэрэг цол, нэр алдар чухал байж болноо. Шүүгчийг хэр чадвартайг нь гаргасан шийдвэрээр нь, эрдэмтнийг бүтээлээр, хуульчийг гаргаж буй гаргалгаагаар нь л үнэлдэг.


-ЦЭЦ гэдэг байгууллагын дотоод амьдрал нь үнэт эдлэлийн ч юм уу, эсвэл морины зах шиг газар болчихсон юм шиг санагддаг.


-Сонин үг байна. Миний эсрэг сануулга гэж цаас өгч байхаар Н.Лүндэндоржийн энэ үндэслэл ингээд буруу гээд эрдмийн мэтгэлцээн өрнүүлбэл миний үндэслэлийг тэгж няцаавал би талархана. Тийм ч байх ёстой.


- Ингэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлд том гарын хуульчдыг, зарим шүүгчдийг эгдүүцүүлээд байх бодит хүч юу байгаа юм бэ. Бужигнуулах, цалинг нь хасах, байршлыг солих эрх бий юу. Эрх мэдэл л хонзон эгдүүцлийг төрүүлэгч нь шүү дээ?


-Шүүх засаглал руу гар хөлөө нэлээн гүн дүрж байсан хүмүүс тийм боломжгүй болсондоо бухимдаад байгаа байх аа. Н.Лүндэндорж гэж нэг зөрүүд өвгөн тэнд очиж суучихаад, олон юманд саад болоод байгаа болохоор зарим хүний дургүй нь хүрээд байгаа юм биш үү.


-Энэ хэмжээний эрх мэдлийг атгаж суугаа хүн сөргөлдөгч фигур байж болдоггүй бололтой. Хэрвээ сөргөлдөөд эхэлбэл реформ эвгүйтнэ. Та реформоо хараад л чигээрээ зүтгээд байгаа үзэгдэх. Гэтэл бөөн эсэргүүцэл л энд тэндээс яваад байдаг.


-Би сөргөлдөөд эхэлбэл шүүхийн шинэтгэлд хор хохирол учирч магадгүй гэсэн болгоомжлол надад байна. Монголчууд жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж байдаг гэдэг. Надад Монгол Улсын Ерөнхийлөгч итгэл хүлээлгэж, энэ ажилд томилсон. Би зүтгэх ёстой. Ухрах, сэтгэлийн дарамт бусад зүйлсээс болж шантрах эрх байхгүй. Хэрэлдэж, чулуу шидэлцэх хүсэл, цаг зав ч алга. Хаа сайгүй хэрүүлтэй байхад би нэмэгдээд юу хийхэв. Айж ичсэндээ дуугүй байгаа юм биш. Үзэлцэе гэвэл би илүү мэргэжлийн төвшинд үзэлцэж бас чадна. Надад үзэлцэх "авьяас” бол бий.(инээв) Гагцхүү нэг гараараа нөгөөгөө атгаж, шүүхийн реформын төлөө, зорилгынхоо төлөө тэвчиж байна. Миний бүрэн эрхийн хугацаа дуусахад ганц жилийн хугацаа үлдлээ. Хоёр жилд их ажил амжууллаа. Үлдсэн ганц жилд амжуулах зүйл ч байна. Юм хийе гэвэл гурван жил их хугацаа юм байна. Үлдсэн хугацаандаа хийхээр төлөвлөсөн ажлуудаа нугалах л болно. Дараа нь эрдэмтнийхээ хувьд энэ нөхдүүдэд барих хариу байлгүй дээ.


-Би яг одоо эрэн сурвалжлах цуврал нийтлэлүүд дээр ажиллаж байна. Ийм ажилд хөндлөнгийн том ажиглагчийн үг хэрэгтэй байдаг. Ийм дүрийн нэг том хүлээн зөвшөөрөгдсөн эксперт бол та. Заримдаа мэргэжлийн ийм эрх чөлөө тань үгүйлэгдэх юм уу ?


-Тэр эрх чөлөө хоёр жил хасагдлаа. Гэхдээ тэр эрх чөлөө надад ирнэ. Би өөрийгөө цонхон дээр сууж байгаа хүн л гэж үздэг. Надад айх юм байхгүй. Хүнээс гуйх юм ч алга. Би оюун санааныхаа эрхийг чөлөөтэй эдлэх цаг ойрхон байгаа гэж бодож байна.


-Хүний амьдралд юу эс тохиолдох вэ. Танд олон хүнд тохиолддог зовлон тохиолдсон гэж харсан. Сая Ц.Нямдорж гуай таныг алуурчин гэж загнаж байгаа харагдсан. Гэнэтийн гай зовлон гэнэтийнх л байдаг. Харин та энэ талаар нэг ч удаа цээжээ онгойлгож дуугарсангүй. Хэлэх цагт нь хэлнэ гэж бодоод байна уу, эсвэл дурсамжиндаа бичье гэж боддог юм уу. Үгүй бол мартахыг хүсдэг юм уу?


-Энэ бол миний амьдралд тохиолдсон эмгэнэлтэй явдал. Таван жил өнгөрлөө. Тэр үед би Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байсангүй. Гартаа ном, үзэгтэй явахдаа ийм гай зовлонтой учирсан. Намайг алуурчин гэж дуудаад байгаа Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад тэр явдал болж, би хөлийнхөө үзүүрээс үснийхээ үзүүрийг хүртэл шалгуулсан. Ёстой тултлаа шалгуулсан. Намайг яллах гэж хэт их улайрч дайрсны улмаас процессын хууль их зөрчсөн. Үүний улмаас хууль зөрчиж, нотлох баримтуудаа бүрдүүлсэн. Тэр нь яллах үндэс болж чадаагүй. Нэг жишээ хэлье.Техникийн шинжээчдийн дүгнэлт гэж гардаг юм байналээ. Тэр нь замын хөдөлгөөний журам зөрчсөн эсэхийг тогтоодог юм байна. Тэр дүгнэлт яаж гарснбг надад дуулгаад, би нэг хувийг нь олж авчихаад байхад л та нар буруу дүгнэлт гаргасан байна. Дахин зас гэж загнаж байгаад тэр шөнө нь өөр дүгнэлт гаргуулсан байх жишээтэй. Энэ нь нотлох баримт болох нь бүү хэл шүүн таслах ажлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг л дээ. Иймэрхүү юм их болсон.Одоо зарим хүн нэмэр хачир нэмээд тэр зовлонгоор их тоглож байна. Бас л буянаараа болог. Тэр хүмүүст болон бусдад тийм зовлон бүү учраг. Би өөрийгөө хэзээ ч өмөөрөхгүй. Сэтгэл зүрх,эрүүл мэнд маань хэзээ ч эдгэрэхгүйгээр гүн шархалсан. Тэр шарх хэзээ ч эдгэхгүй. Энэ бол миний насан туршийн гэмшил.


-Маш хүнд дарамтад орж, аймаар том шооконд орсон байсан. Гэхдээ үлээлгэхэд Ц.Нямдоржийн ярьж байгаа шиг гараагүй гэж хэргийн газар байсан цагдаагийн ажилтнаас сонссон.


-Хэн ч байсан үлээлгэнэ л дээ. Үлээгээд 0.45 гарсан. 0.20-оос дээш байвал спиртийн хэрэглээтэй гэж үздэг юм байна лээ. Тийм аймшигтай юм үзсэн хүний чинь зүрх даралт юу болох вэ. Баахан эм тан уусан. Өөрөө хүсэлт гаргаад замын цагдаа дээр цусаа өгөөд шалгуулчихъя гэсэн авахгүй гэлээ. Аргаа бараад таньдаг эмчээ гуйж авчраад цусаа мөрдөн байцаагчид өгөх гэсэн авдаггүй. Хүчээр шахуу өглөө. Шөнө болчихсон болохоор миний цусыг аваад, сейфэндээ хонуулаад маргааш нь авчирч өгсөн юм билээ. 0.45 гарахад тэрэндээ эргэлзсэн учраас ахиж шинжлүүлэх гэж байна шүү дээ. Тэгтэл бүр 2.7 гэж гаргаад ирж байгаа юм. 2.7 гэдэг чинь хөл дээрээ зогсож чадахгүй 2-3 шил архи уучихсан хүний хэмжээ. Нэг бол тэрийг санаатайгаар зохион байгуулсан. Эсвэл сольсон гэж боддог. Тэгэхээр нь би, за нөхдөө би 0.45 үгүйсгэх гээд байхад 2.7 гарна гэж байхгүй. Андуурал гарчээ, үлдсэн цуснаас дахин шинжлээд өгөөч гэж хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй. Уул нь авсан цуснаас тодорхой хэсгийг дахин магадлах шаардлага гарвал гэж авч үлддэг журамтай юм билээ. Хүсэлт гаргаад нэмэр болоогүй, тэгээд орхисон.Тэр үед миний нэг шавь, багш аа та цусаа яасан ч өгч болохгүй.Аюултай шүү гэж хэллээ.Яагаад гэхэд яаж ч гаргаж мэднэ гэхээр нь би арай ч дээ гэж зөрж байгаад өгснийг яана. Энэ явдал бол надад тохиолдсон зовлон. Би энэ зовлонтойгоо хамт л буцна шүү дээ. Өдөр бүр би тэр ачаагаа үүрч яваа. Гай түйтгэрийг хэн ч хүсдэггүй. Гай зовлон гэнэт л ирдэг.


-Уучлаарай, таны сэтгэлийг хямраачих шиг боллоо. Би ойлгож байна. Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Ямар ч асуудал байсан төрийн хямрал болгодог жишиг тогтох нь. Ингэхэд цаашдаа манай төрийн тогтолцоо яах юм бэ. Зарим нь аргаа бараад Ерөнхийлөгчийн засаглалтай больё ч гэж байх шиг. Нийгэмд өнөөгийн төрийн тогтолцоонд эргэлзсэн байдал ажиглагдах боллоо. Та энэ тухайд ер нь ямар бодолтой явдаг вэ?


-Би төр гэдэг үзэгдлийг 20 жил судаллаа. Дэлхийд гурван чухал асуудал тулгараад байна. Төр гэж нэрлэдэг энэ институцийг яаж цэвэр ариун байлгах вэ гэдгээс хамаараад хуулийн засаглал тогтох уу үгүй юу, төр хариуцлагатай байж чадах уу үгүй юу гээд судлаачид ухаанаа уралдуулж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, Стэнфордын их сургуулийн профессорын Франсис Фукуямагийн бүтээлээс тод харагдана. Төрийн тогтолцооны хямралыг улс төрийн ялзрал гэж нэрлэдэг болж. Ялзрал үүсэх шалтгаан нь эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн хурдыг төрийн тогтолцоо нь гүйцэхгүй байгаатай холбоотой. Хоцроод эхлэхээр шүүмжлэлийн бай болдог. Энэ үед хамаг юмны гай зовлон болсон Төр рүү хүмүүсийн анхаарал чиглээд ирдэг юм байна. Үнэндээ Монголын Төр ч түүхэн цаг мөчдөө байна. Хүн төрөлхтөн Төрийг бурхан тэнгэр, далдын хүч, нийт ард түмэн гэж ойлгодогоо больж. Төрийг ард түмнээс эрх мэдлийг нь шилжүүлж авсан хэсэг бүлэг хүн л гэж ойлгодог болж. Хэсэг бүлэг зөв хүн, шударга хүн л тэнд очихгүй бол хуулийн засаглал тогтдоггүй. Хариуцлага ч байдаггүй юм байна. Үнэхээр л төрийн тогтолцоогоо сайжруулья гэвэл төрд орж байгаа хүмүүсээ танил танил, нутаг уснаасаа шалгаруулдгаасаа татгалзаж, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэж чадах хүмүүсийг сонгох хэрэгтэй. Парламентын, Ерөнхийлөгчийн засаглал байх нь чухал биш. Тиймээс парламентын засаглалын хөгжлийг тогтворжуулах л хэрэгтэй. Манай парламентын тогтолцоо бүрэн парламентын тогтолцоонд ороогүй хагас эрлийз маягийн шинж чанартай. Нөгөөтэйгүүр УИХ-даа хэтэрхий их эрх мэдлийг овоолчихсноос Төрийн нэр хүнд, тогтолцооны гажиг үүсээд байна.


-Төр рүү зүглэсэн хямралуудын учгийг судлаад ирэхээр өнөө л муу нэртэй луу данстай намууд руу чиглэдэг. Улс төрийн намын тухай хууль гэдэг сэдвийг таниас бас асуумаар байна ?


-Парламентын улсын хэлбэрийг бид 25 жилийн өмнө сонгосон. Парламентын улсын онцлог нь улс төрийн намууд их хүчтэй байдаг. Намаар дамжуулж засаглалыг хэрэгжүүлдэг. Тэр утгаараа намууд сайн төлөвшсөн байх хэрэгтэй. Гэтэл манайд цаасан дээр олон намтай ч мөн чанарын хувьд хүчтэй олон намын тогтолцоо бүрэлдэж чадаагүй. Хүн тойрсон намтайгаас гадна төлөвшөөгүй. Хамгийн тод жишээ нь ихэнх коммунист намууд байхгүй болчихоод байхад манай коммунист нам сүүлийн 20-иод жил засгийн эрх барьчихаад байгаа нь, бусад намууд хүчтэй өрсөлдөж чадахгүй байгаатай холбоотой. Манайхан намаас уйдчихлаа. Уйдлаа гээд гарах газаргүй. Тиймээс намыг хүчирхэг, эрүүл зөв байлгахын тулд эрх зүйн хүчтэй механизмуудыг хууль тогтоомжиндоо суурилуулахаас өөр арга байхгүй. Парламентын засаглалтай улс орнууд Үндсэн хуулиндаа намын зохицуулалтыг сайн зохицуулж, улс төрийн намын хуулиа маш нарийн гаргадаг. Үндсэн хуулийн шинэтгэл яригдаж байгаа энэ үед Үндсэн хуулиндаа намын суурь зохицуулалтуудыг суулгаж, тэрэндээ тулгуурлаад намын тухай хууль боловсруулахгүй бол нам гэдэг зүйлээсээ ард түмнээ залхаагаад, намууд нь сүүлдээ засгийн эрхийн төлөө шударга бусаар тэмцдэг бүлэг нөхдийн тэмцлийн талбар болох дүр зураг харагдаад байна.


-Үндсэн хуулийн шинэчлэлийн тухай сүүлийн жилүүдэд идэвхтэй ярьж байна. Гэвч Үндсэн хуулийн "эцгүүд” маань дарж хэвтчихээд олон жил боллоо. Энэ шинэчлэлийг хийх нөхцөл байдал парламентын хүчний харилцаанаас шууд хамаарна. Одоо энэ үед хийчих ёстой юм шиг л харагдаад байх юм.

Нийтэлсэн court   Үзсэн: 1126   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
Fatal error: Uncaught Error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php:306 Stack trace: #0 {main} thrown in /home/arcourtm/public_html/index.php on line 306