Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-03-2015, 09:17   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн шүүхээ муулаад яах вэ. Бидний л дүр төрх

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр тойрсон асуудлаар Хууль зүйн шинжлэх ухааны доктор, философийн доктор, профессор Н.ЛҮНДЭНДОРЖТОЙ ярилцлаа.

 

-Цэцийн шийдвэрүүд  борооны дараах мөөг гэдэг шиг дараалан гарсаар байна. Гэхдээ дандаа л Шүүхийн тухай багц хуулийг тойрч. Энэ асуудлаар зарим асуудлыг тодруулах гэсэн юм? 

 

-Та их онож хэллээ. Борооны дараах мөөг гэж. Нэг зүйл   асууя. Надаас  Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд  уу, эсвэл судлаач  хүний хувьд  ярилцах гэж байна уу? 

 

-Эргэлзээгүй эрдэмтэн хүний хувьд ярилцлага авах гэж ирсэн. Таныг би Үндсэн хууль, төрийн онолын эрдэмтэн гэдгийг мэднэ. Өмнө  нь бас олон удаа ярилцаж байсныг санаж байгаа биз дээ.

 

-Тэгвэл болж байна. Нэг этикийн асуудал байгаа юм. Шүүхийн захиргааны даргын байр сууриас шүүхийн шийдвэрийг яриад байх нь  зохимжгүй.

 

-Шүүхийн  тухай багц хуулийн хамгийн гол гэмээр чухал зохицуулалтууд Цэц дээр ээлж дараалан унаад байна.  Юм үлдэх нь үү?

 

 -Харамсалтай юм болж байна. Нэг л зүйл хэлье. Шүүхийн тухай багц хууль бол Үндсэн хуулийг задлан тайлбарласан, нэг ёсондоо албан ёсны тайлбар гэж үзэх хэмжээний органик хууль. Ийм хуулиудыг эрх зүйн шинжлэх ухаанд "органик” гэж тодотгодог. Тийм учраас хууль тогтоогч Үндсэн хуулийн тодорхой зохицуулалтыг тайлбарлан тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлснийг Үндсэн хуулийн байгаа текст, үг үсэгтэй  механикаар тулган үзэж,  "зөрчлийг” олох нь буруу. Үндсэн хуульт ёс Үндсэн хуулийг яг байгаа үг, үсгээр бус  онолоор, зарчмаар, үнэт зүйлээр уншдаг болжээ. Үндсэн хууль урт настай байдаг учраас түүнд хуучин үг хэллэг, ойлголт дандаа байдаг. Түүнийг тэр хэвээр уншаад, ойлгоод, түүнтэй нийцүүлэх тухай ойлголт одоо байх бололцоогүй. Нэг болхи жишээ хэлье. Эзэн хаан 10 боолтой байж болно гэсэн заалт Үндсэн хуульд нь байлаа гэхэд түүнийгээ одоо нэхдэг тийм тэнэг хаан хаана ч байхгүй.

 

-Цаашид энэ процесс үргэлжилсээр байгаад шинэтгэлийн хамаг үнэ цэнэтэй зохицуулалт чинь алга болоод шүүхийн шинэтгэл чинь зогсох юм биш үү?

 

-Зовлонтой байдал үүсэх нь тодорхой. Шинэтгэл шинэ, хуучны тэмцэл учраас энэ процесс өөрөө бас зүй ёсны үзэгдэл. Гарцаа дахиад хайх хэрэгтэй. Үндсэн хуулийн шүүхээ муулаад яах вэ. Бидний л дүр төрх. Хэн маань ч тэнгэрээс ирээгүй. Тэнд сайн эрдэмтэд цөөнгүй бий. Цаашдаа ч олон асуудал байгаа гэнэ лээ.

 

-Та ямар гарц харж байна?

 

-Ганц би биш олон хүн Үндсэн хуулиа хэн ч гэсэн нэг мөр уншихаар, буруу ашиглахааргүй болгох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байх шиг байна. Жишээ нь, хэрэг маргааны гадуур хийсвэр тайлбарыг шүүгч хийх ёсгүй гэдэг нь уул нь өдгөө  Үндсэн хуульт ёсны аксиом болсон зүйл л дээ. Гэтэл бид тэр аксиомыг Үндсэн хуулийн үг, үсгийг захирах хүч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн хуулийн 48.1-д байгаа шүүхийн тогтолцооны зохицуулалтыг шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалтай хутгаж байна. Тийм учраас ухарч, шинэчлэлээ  зогсоож байхаар Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг хэн ч, аль ч  өнцгөөс харсан нэг утгаар ойлгохоор засья. Хууль бичих дүрэмд "хэм хэмжээ тов тодорхой” байна гэсэн зарчим байдаг л даа. Түүнийг биелүүлдэггүйн гор, хор гарч байна. Ийм зүйл гардаг болохоор хүн төрөлхтөн бас тийм дүрэм зохиожээ.

 

-Таны тэр яриад байгаа аксиом гэдэг чинь хэзээ, хэн тогтоогоод, хэн зөвшөөрөөд баталчихсан зүйл билээ?

 

-Аксиом авторгүй ч байж болно. Ардын дууг хэн зохиосон гэж асуухаас өмнө аялдаг биз дээ. Аксиомын үнэ цэнэ шууд болон аяндаа хүлээн зөвшөөрөгдсөнд байдаг. Дээрх аксиомтой холбогдууллан нэг түүх хэлье. 1700 оны сүүлчээр АНУ-ын ерөнхийлөгч Жорж Вашингтон дайнтай холбоотой зарим эрх зүйн асуудлаар тайлбар, зөвлөгөө авах гэж Дээд шүүхэд хандахад тодорхой хэрэг маргааны гадуур дүгнэлт, тайлбар өгөхөөс татгалзсан хариу өгснөөр "Шүүгч хэрэг, маргааны гадуур хэнд ч тайлбар, зөвлөгөө хийх ёсгүй ” гэсэн аксиом тогтжээ.

 

-Улсын дээд шүүх хуулийн тайлбар гаргасаар л ирсэн биз дээ. Тийм их сүртэй, муу үр дагавартай байсан юм уу?

 

-Хууль тогтоогчид  дээр дурьдсан аксиомын үүднээс асуудалд хандсан нь том дэвшил байлаа. Үр дагаврын тухайд дараахь зүйлийг хэлэх боломжтой.

 

Нэгд, хэрэг маргаанд тулгуурлаагүй хийсвэр тайлбар гаргах нь Үндсэн хуульт ёсны зарчим буюу аксиом зөрчиж байна. Өдгөө зарчим зөрчих нь бүү хэл Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг зүйл хийх ёсгүй гэсэн соёл тогтсон үед бид амьдарч байна.

 

Хоёрт, шүүх хийсвэр тайлбар гаргаж уг асуудлаар урьдчилан санаа бодлоо илэрхийлснээр тухайн асуудлаар маргаан үүсэхэд эцэслэн шийдвэрлэх бололцоогүй болж, хүний эрх зөрчигдөх үүд хаалга нээгдэнэ.

 

Гуравт, хийсвэр тайлбар бүх нийтээр дагаж мөрдөх хүчин чадалтай учраас хууль тогтоох эрх мэдэлд халдсан, улмаар төрийн эрх мэдэл хуваарилах зарчим зөрчсөн хэрэг болно.

 

-Шүүх байгуулах тухай хууль ирэх долдугаар сарын 1-нээс үйлчлэл нь зогсоно. Дараагийн хууль бэлэн үү?

 

-Шүүхийн ерөнхий зөвлөл Засгийн газартай зөвшилцөн санал болгосноор Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлэх хуультай. Ерөнхийлөгч "Eagle TV”-д өгсөн ярилцлагадаа байр сууриа илэрхийлсэн. Цэц шийдвэрээ эргэн харах бололцоо Цэцэд маргаан шийдвэрлэх журмын тухай хуулийн 30 дугаар зүйлд зохицуулсан байгаа.

 

-Цэц шийдвэрээ эргэн харах  болов уу?  

 

-Мэдээж маргааны зүйлээ эргэн харахгүй байх. Харин хэрэгжүүлэх хугацаан дээр эх орныхоо эрх ашгийн үүднээс харахад хэн ч хохирохгүй. Харин эх орон, ард түмэн л хожно. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед тэр зөрчигдсөн гэж үзэж байгаа 48.1- д мэдээж өөрчлөлт орж таарна. Тэр үед бас дахиад шүүхээ бужигнуулах уу. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаад эхэлсэн үед хугацаагаар шахах нь амжуулж шүүхийг бужигнуулья, дараа  нь яах  нь бидэнд хамаагүй гэж хүнийрхсэн юм шиг болно биздээ.

 

-Цэцэд маргаан өрнүүлээд байгаа хүмүүс нь тодорхой байгууллага, хүний захиалгаар явдаг гэсэн яриа аль эртнээс л байсан. Үнэн болов уу?

-Олны үг ортой биз. Гэхдээ бор зүрхээрээ, үзэл бодлоороо хандсан хүн бас олон байгаа. Зориуд судлаад, ажиглаад байвал тодрох л асуудал байх, тэгээд яах юм. Нөхөд, ноход оо мэдэхэд хэрэгтэй гэж үү. Мэдэх ёстой хүмүүс нь мэдэж байгаа байх аа. Монголчууд цөөхүүл учраас нууц зүйл гэж бараг үгүй. Нуугдсан гэж бодсон ч нүүрэн дээр бичээтэй байдаг шүү дээ.

 

Г.Улсболд

Эх сурвалж: http://www.itoim.mn/

Нийтэлсэн court   Үзсэн: 591   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан



Зургийн цомог
ЗУРГИЙН ЦОМОГ
Хандалт
Цахим хуульч
Санал асуулга
 

Ярилцлага

Манай вэб сайтын чанар


 
 
«    Зургаадугаар сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Fatal error: [] operator not supported for strings in /home/arcourtm/public_html/index.php on line 304