Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн танилцуулга
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь өнөөдрийн байдлаар Ерөнхий шүүгч-1, шүүгч-1, шүүгчийн туслах-1 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Тус шүүх нь хэргийг хамтын зарчмаар буюу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэдэг.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийн үндсэн дээр хэргийг хүлээн авч, зөвхөн гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэр буюу хэргийг бүхэлд нь хянаж үздэг.
Гэхдээ анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгодоггүй.
Давж заалдах шатны шүүх нь хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэдэг. Энэ хугацаанд хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгадаг.
Тус шүүхийн шүүгч нар адил шатны шүүхэд бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд томилолтоор шүүн таслах ажиллагаанд оролцдог бөгөөд мөн тус шүүхийн шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд адил шатны шүүхээс шүүгч томилуулан хэргийг шийдвэрлэдэг.