Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх танилцуулга

Монгол Улсын шинэ Үндсэн хуульд эрүү, иргэн, захиргааны чиглэлээр дагнасан шүүх байгуулж болохыг хуульчлан баталгаажуулсны дагуу Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталж, тэдгээрийг 2004 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дагаж мөрдсөнөөр Монгол Улсад анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж байгаад шүүхийн хяналт тавьж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэл, шүүхийн тогтолцоонд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал болсон билээ.

2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай“ хуулийн шинэчилсэн найруулгаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Шүүх байгуулах тухай хууль“-ийн шинэчилсэн найруулгаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэмээн өөрчлөн нэрлэж иржээ.

Тус шүүх нь өнөөдрийн байдлаар Ерөнхий шүүгч 1, шүүгч 1, шүүгчийн туслах 1, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 1 орон тоотойгоор Архангай аймгийн хэмжээнд харьяалан захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байна.

Түүхэн хөгжлийн хугацаандаа тус шүүхээр үйлчлүүлж, эрхээ хамгаалуулах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэн, шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн агуулга улам өргөжиж ирлээ. Тухайлбал, 2015 онд 39, 2016 онд 33, 2017 онд 56, 2018 онд 36, 2019 онд 21, 2020 онд 30 хэрэг, 2021 онд 49, 2022 онд 113 хэрэг, 2023 онд 28 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд иргэдийн эрэлт хэрэгцээтэй шүүх болон төлөвшиж, шүүхээс гаргаж байгаа шийдвэр нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хууль хэрэглээний практик, жишиг болж тогтсон төдийгүй, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлст бодитой хувь нэмэр оруулж байна.

Монгол Улсын Их хурлаас 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 16 бүлэг, 138 зүйлтэйгээр баталж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөн эхэлсэн. Шинэ хуулийн гол үзэл баримтлал нь шүүхээр хэрэг, маргаанаа шийдүүлж байгаа иргэд, олон нийтэд хамгийн таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх явдал байсан. Багцлаад дурдвал:

Нэгд. иргэдийн захиргааны хэргийн шүүхэд хандах боломжийг өргөтгөсөн. Үүнд: зөвхөн иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ сэргээхээр шүүхэд ханддаг байсныг өргөтгөж, нийтийн эрх ашгийг төрийн бус байгууллага хамгаалах боломжийг нээсний зэрэгцээ эрх мэдлийн хувьд бие биедээ хамаарахгүй зарим захиргааны байгууллага шүүхэд хандах боломжийг баталгаажуулсан. Мөн захиргааны төлөвлөлт, хэм хэмжээ тогтоосон актын хувьд эрх нь зөрчигдөж болзошгүй тохиолдолд шүүхэд хандах боломжтой болсон. Мөн захиргааны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхийг нээсэн нь үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

Хоёрдугаарт, маргааныхаа онцлогт тохирсон хянан шийдвэрлэх ажиллагааг анх удаа журамлалаа. Үүнийг “Тусгай журмаар шийдвэрлэх маргаан” гэж нэрлэсэн. Үүнд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхээр. харин ИТХ-ын сонгуулийн маргааныг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ бусад захиргааны хэргээс богино хугацаанд буюу нэг сарын хугацаанд шийдвэрлэхээр тусгайлан заасан. Тендерийн хувьд мөн адил хугацаанд шийдвэрлэхээр хуульчиллаа.

Гуравдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шалтгаангүй удаашруулж байсан зарим зүйлийг халлаа. Шүүхийн шийдвэр ач холбогдолтой цаг хугацаандаа гарах нь зөрчигдсөн эрх сэргэх, нийгмийн, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд тустай. Энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй шүүгчийн захирамж, тогтоолоос зайлшгүйд нь гомдол гаргаж, шаардлагагүй хэсгийг хаслаа. Жишээ нь, шүүх хуралдаан хойшлоход хэргийн оролцогч гомдол гаргадаг. Хэрэг давж заалдах шатны шүүх рүү яваад, тэнд шийдвэрлэгдээд ирэх хүртэлх хугацаа нь нөгөө хойшилсон хугацаанаас илүү байхаар байхад оролцогч зүгээр хугацаа хожихын тулд ийм зүйл хийдэг байсныг халав.

Мөн “Урьдчилсан хэлэлцүүлэг” гэсэн шинэ ажиллагааг оруулж ирснээр шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдын саналыг үндэслэн товлох журмыг тогтоолоо.

Ингэснээр шүүхийн тогтоосон өдөр бус, өөрсдийн тогтоосон өдөр шүүх хурлаа явуулах, шүүх болон хэргийн бусад оролцогчийг чирэгдүүлэхгүй байх тааламжтай нөхцөл бүрдэх зэргээр Захиргааны хэргийн шүүх шинэ хуулийн зохицуулалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа явуулж байна.

—оОо—