Танилцуулга
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ
АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА
2012 онд Монгол Улсын Их хурлаас Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг батлан гаргасан бөгөөд 2013 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, уг хуулийн хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолоор анхан шатны 33 шүүхэд ажиллах 42 эвлэрүүлэн зуучлагчийг сонгон бүртгэснээр Монгол Улсад анх удаа шүүхийн дэргэд шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГАА нэвтэрч, амжилттай хэрэгжиж эхэлсэн түүхтэй билээ.
Ингэснээр, иргэдэд эрх зүйн маргаанаа эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх боломж бүрдсэн юм.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах журмаар өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, шийдвэрлэдэг болсноороо дараах чухал ач холбогдолтой. Үүнд;
Нэгдүгээрт, Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр, маргалдагч талууд эрх зүйн зөрчил, маргаанаа шүүхийн бус аргаар, эвийн журмаар, шуурхай, богино хугацаанд, зардал багатай, ажиллагааны хувьд харьцангуй хялбар, өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олж шийдвэрлүүлэх,
Хоёрдугаарт, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг, маргааны ачааллыг бууруулах,
Эвлэрүүлэн зуучлал нь шударга ёс, хүний эрхийг шүүхийн бус аргаар хамгаалах, иргэн төдийгүй аж ахуй нэгж, бизнесийн байгууллага хоорондын найрсаг харилцааг сэргээн тогтоох, талууд сэтгэл ханамжтай үлдэх, ажиллагааны нууц чанд хадгалагдах, цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэх, нийгэмд энх тайванч уур амьсгалыг бүрдүүлэх, эвлэрлийн гэрээний агуулга шүүхийн шийдвэрийн адил хэрэгждэг зэрэг олон давуу талуудыг иргэдэд олгодгоороо онцлогтой.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн эрхийн болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр зохицуулсан байна.
Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлээд 10 жил болж байна. Энэ хугацаанд иргэд, байгууллагаас нийт 3681 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 2446 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ.
Шийдвэрлэсэн нийт 2446 өргөдөл, нэхэмжлэлийн 2258 буюу 92.3 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна. Эвлэрлийн амжилтын хувь 92.3 хувьтай байна.
Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Дээрх хугацаанд тус шүүхээр нийт 7969 иргэний хэрэг(хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод) шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах журмаар 2258 маргааныг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 28.3 хувиар бууруулжээ.
Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь:
- 2016 онд 330 өргөдөл, нэхэмжлэл шийдвэрлэснээс 326 буюу 98.8 хувь нь амжилттай болж, УЛСЫН ХЭМЖЭЭНД чанарын үзүүлэлтээрээ 1-р байр,
- 2017 онд 460 өргөдөл, нэхэмжлэл шийдвэрлэснээс 454 буюу 98.6 хувь нь амжилттай болж 3-р байр,
- 2018 онд 297 өргөдөл, нэхэмжлэл шийдвэрлэснээс 281 буюу 94.6 хувь нь амжилттай болж 3-р байр,
- 2019 онд 300 өргөдөл, нэхэмжлэл шийдвэрлэснээс 294 буюу 98 хувь нь амжилттай болж 2-р байр,
- 2020 онд 190 өргөдөл, нэхэмжлэл шийдвэрлэснээс 181 буюу 95.2 хувь нь амжилттай болж 3-р байр эзэлсэн амжилтыг тус тус гаргаад байна.
Мэдээлэл бэлтгэсэн:
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар