Хураангуй бэлтгэсэн:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 109/ШШ2025/0005 дугаартай шийдвэр
Тоймын огноо, дугаар: 2025 оны 02 дугаар сарын 18, Дугаар 01
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийн мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Б нь Архангай аймгийн С.. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нарт холбогдуулан “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2.-т “... төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад сумын хурал уг нэр дэвшигчийн нэрийг хуралд оруулж тухайн нэр дэвшигч дээр санал хураасан нь тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1. дэх заалтыг зөрчсөн тул С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.
Хэргийн оролцогч талууд “ гуравдагч этгээд А нь С сумын .. намын даргаар 3 жил ажилласан учраас 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу төрийн алба хаасан гэж үзнэ ... учир нь уг хууль хүчин төгөлдөр байгаа ...” гэж маргасан.
Шүүх Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Учир нь: 1995 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн үйлчлэл нь тухайн “дагаж мөрдөх” гэж буй хууль буюу 1994 оны Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтад хамааралтай. 1995 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 1994 оны Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөгдөхөөр гарсан, гагцхүү уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үе болон шилжилтийн үеийн харилцааг зохицуулахад хэрэглэгдэнэ.
Гуравдагч этгээд А-ын эрхэлж байсан С сумын ... намын хорооны даргаар ажилласан хугацааг “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” байх хугацаанд хамааруулж, уг шалгуурыг хангасан гэж үзэхгүй
Түүнчлэн гуравдагч этгээд А нь 2012 оноос хойш “ .. банк” ХК-ний .. салбарын С сумын тооцооны төвийн захирлаар ажилласанг “төрийн алба”-нд ажилласан гэж тооцохгүй, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалын ангилалд хамаарахгүй.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... , хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” , Жаран гуравдугаар зүйлийн 2.-т “Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, ..... нийцсэн байх ... мөрдөнө.” гэж тус тус зааснаар тухайн сумын Хурлын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж нь хууль дээдлэх, хуульд нийцсэн байх зарчим зөрчигдсөн байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/18052?daterange=2025-01-01%20-%202025-02-18&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
ерөнхий шүүгч Б.Одонтуяа
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа