Аймаг, хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй нийцсэн байршилд газар эзэмшүүлэх ёстой

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 109/ШШ2025/0049

 

Тоймын огноо, дугаар: 2026 оны 1 дүгээр сарын 8, Дугаар 1

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд  олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Архангай аймгийн Засаг даргын 2022 оны … дүгээр сарын ..-ны өдрийн …дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд Эрдэнэбулган сумын … дугаар баг, Булганхангай болон Шинэ наран хороололд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосны … дугаарт иргэн Э-д…тоотод ...м2 газрыг .. жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ.

Цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн дээрх шийдвэр гарахаас өмнө Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны … дугаар сарын ..-ны өдрийн … дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж, Цэцэрлэг хотын ерөнхий төлөвлөгөөг Цэцэрлэг хотын хот байгуулалтын үндсэн баримт бичиг болгож, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг, мөн хурлын 2019 оны … дугаар сарын..-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад тус тус үүрэг болгожээ.

Архангай аймгийн Засаг дарга 2024 оны …. дугаар сарын …-ний өдрийн … дүгээр захирамжаар иргэн Э-д олгосон газар эзэмших эрхийг Цэцэрлэг хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосноор маргаан үүссэн байна. 

Дээрх ерөнхий төлөвлөгөө, уг төлөвлөгөөний дагуу батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөг зөрчиж төлөвлөгөөнд туссан газартай давхцуулан иргэнд газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс үзсэн.

Нөгөөтээгүүр Газрын тухай хуулиар аймгийн Засаг дарга урьд гаргасан захирамжийнхаа хууль тогтоомжид нийцээгүй хэсгийг эсхүл захирамжаа бүхэлд нь хүчингүй болгох эрх тухайн Засаг даргад олгогдсон. Өмнө нь гаргасан захирамжаа Засаг дарга өөрөө хүчингүй болгох гол үндэслэл нь хуульд нийцээгүй тохиолдолд хэрэгжихээр байна.

Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын 2018-2038 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Цэцэрлэг хотын шинэ Наран хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан газартай давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдсон.

Шүүхээс аймгийн Засаг дарга урьд гаргасан захирамжаа хүчингүй болгосныг Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалттай нийцсэн гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч аймгийн Засаг даргын дээрх үндэслэлээр иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/19659?daterange=2025-12-01%20-%202025-12-25&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.