Хураангуй бэлтгэсэн:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 109/ШШ2024/0038
Тоймын огноо, дугаар: 2025 оны 4 дүгээр сарын 16, Дугаар 7
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Б-ээс ….аймгийн Засаг даргад холбогдуулан түүнд албан тушаалын зэрэг дэв олгохгүй байгаа ….аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаанаас тооцон зэрэг дэвийн нэмэгдэл хөлсийг зохих журмын дагуу бодож олгох, нэмэгдэл бодсон цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг ….аймгийн Засаг даргад даалгахаар маргажээ.
Нэхэмжлэгч Б нь анх …аймгийн Засаг даргын Тамгын газрын …хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр анх томилогдон улмаар 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс жинхлэн томилогдсон байх бөгөөд 2022, 2023 онд гүйцэтгэлийн тайланг маш сайн үнэлүүлсэн ба энэ хугацаанд сахилгын шийтгэл ногдуулаагүй ажээ. Тодруулбал, тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр анх томилогдсоноос хойш тооцож үзвэл 2 жил 5 сар 6 хоног ажиллажээ.
Улмаар нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд аймгийн Засаг даргын захирамжаар төрийн жинхэнэ албан хаагчдад зэрэг, дэвийн нэмэгдлийг олгосон байх бөгөөд тус захирамждаа нэхэмжлэгчийг оруулалгүй хасчээ.
Хариуцагч захиргааны байгууллагаас ийнхүү хассан үндэслэлээ тайлбарлахдаа тухайн үед зэрэг, дэв олгох захирамж гарах үед нэхэмжлэгч жинхлэн томилогдсоноос хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй буюу зэрэг, дэв авах эрх үүсээгүй, захирамж гарах үед хүрээгүй байсан тул захирамжаас хасах үндэс болсон мөн тухайн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэн зохих журмын дагуу урамшуулал олгосон учир тус нэмэгдлийг давхцуулан олгох үндэслэлгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Б нь анх …аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс… аймгийн Засаг даргын Тамгын газрын ….хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлснээр тухайн албан тушаалд ажиллаж эхэлсэн төрийн албан хаагч байх тул эл хугацаанаас эхлэн тооцож хууль болон журмын дагуу төрийн албан хаагчид олгох нэмэгдэл хөлс буюу зэрэг дэвийн нэмэгдлийг олгох хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн шүүхээс дүгнэхдээ төрийн албан хаагчид төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг нь харгалзан зэрэг дэвийн нэмэгдэл олгох, төрийн жинхэнэ албан хаагчид ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг нь харгалзан үнэлж урамшуулал олгох харилцаа нь харилцан уялдаатай боловч ялгаатай, хоёр өөр агуулгатай төрийн албан хаагчид олгох цалин хөлс, урамшууллын хэлбэр байхаар хуульчлан зохицуулагдсан байна.
Иймд шүүхээс захиргааны байгууллагын дээрх үйл ажиллагаа буюу эс үйлдэхүй нь хууль зөрчсөн, нэхэмжлэгч төрийн албан хаагчийн хувьд эдлэх нийтлэг баталгаа эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх тул шүүхээс тухайн захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, албан тушаалын зэрэг дэвийг тухайн албан тушаалыг эрхэлж эхэлсэн хугацаанаас тооцон зохих хууль, журамд заасны дагуу олгохыг даалгаж шийдвэрлэжээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/17575?daterange=2024-01-01%20-%202025-04-16&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга