-1

А.Энхбаатар: Шүүхийн ерөнхий зөвлөл чамгүй ажил хийсэн

2024-11-22    |   80

-Шүүхийн захиргаа шийдвэр гүйцэтгэлийг авах ёстой-

\"А.Энхбаатар:

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан А.Энхбаатартай ярилцлаа.

    -Шүүхийн ерөнхий зөвлөл 25 жилийн түүхэндээ хэд, хэдэн өөр бүтцээр ажилласан. Яам болон Дээд шүүхийн харьяанд байлаа. Шүүхийн тухай багц хууль батлагдсанаар бие даан ажиллаж байна. Аль хувилбар нь хамгийн оновчтой бол?

   -25 жилийн хөгжлийн явцад Шүүхийн Ерөнхий зөвлөл хэд, хэдэн үе шатыг дамжчихлаа. Гүйцэтгэх засаглалаас Хууль зүйн сайд Шүүхийн ерөнхий зөвлөлийг толгойлж байсан үе байлаа. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын албыг давхар хариуцдаг бүтэц бас байсан. Энэ бүтцүүдийн үйл ажиллагаа нь сайн эсвэл сөрөг талтай байсан л байх. Ингэж дүгнэхээсээ илүү бүдүүн зургаараа харвал аль аль нь шүүхийн захиргааны бүтцийг төлөвшүүлэхэд үүргээ гүйцэтгэсэн. Харин сүүлийн хувилбар болох Шүүхийн ерөнхий зөвлөл бие дааж гүйцэтгэх засаглал, шүүхтэй хамааралгүй ажиллаж байгаа нь түүхэн хөгжлийн явцын хамгийн оновчтой хувилбар гэж үздэг.

    -Шүүхийн ерөнхий зөвлөл бие даан байгуулагдсанаас хойш олон үр дүн гарсан. Таны харж байгаагаар шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахад чухам ямар дэвшлүүд гарсан бэ?

   -Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдаад шүүх засаглалд чамгүй ажил хийсэн. Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг ард түмэнд тайлагналаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байж, төсөв ядуу зүдүү байхад зургаан жил залгуулсны хувьд миний үетэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаа бий болчихож. Хамгийн ололттой ажил бол эвлэрүүлэн зуучлалыг Монгол Улсад нэвтрүүлсэн шинэтгэл. Шүүн таслах ажиллагаа, хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажлын нэг том урсгалыг бий болгож төлөвшүүлж чадлаа. Шүүхийн эдийн засгийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөл дорвитой алхам хийж, шинэчлэл хийж чадсан. Шүүхийн төсөв, ажиллах нөхцөл, материаллаг талаас хараат бус байлгахад Шүүхийн ерөнхий зөвлөл боломж бололцооны хэрээр сайн ажилласан.

    -Шүүхийн ерөнхий зөвлөл нүсэр бүтэцтэй гэх шүүмжлэл бас бий.

   -Шүүхийн ерөнхий зөвлөлийг нүсэр бүтэцтэй, үрэлгэн гэх зэрэг шүүмжлэл сонсогддог. Хуучнаа санагалзаж, хуучин руу нь буцаачих нь зөв гэсэн ам яриа ч байдаг л юм. Хөгжил, дэвшлийнхээ үр дүнд бий болсон ололтыг буцаана, ухраана гэдэг хамгийн буруу. Хөгжлийн явцад зөв гэж үзсэн, сонгосон энэ загвараа улам илүү хөгжүүлэх шаардлага байна.

    -Яаж хөгжүүлэх вэ?

   -Шүүх өөрөө засаглалын нэг байгууллага гэдгийг ойлгох ёстой. Засаглалын агуулгаараа бусад засаглалтай бланс тэнцүү байх учиртай. Эдийн засаг, эрх мэдэл, хараат бус байдал зэргээр бланс тэнцүү байж шүүхийн чадавх гарч ирнэ. Чадавх гэдгээр бусад засаглалдаа тавих хяналтын асуудал гарч ирдэг. Блансыг тэнцвэржүүлж чадахгүй бол засаглал хоорондын онолоор шүүхийн засаглал бодитой хэрэгжихгүй байна. Энэ үүднээс шүүхийн чадавхыг нэмэгдүүлэх, төсөв хөрөнгийг гүйцэтгэх засаглалаар дамжуулахгүй шууд улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгож Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө баталж, оруулдаг. Шүүхийн төсвийг улсын төсвийн тодорхой хувь болгож оруулахын төлөө Шүүхийн ерөнхий зөвлөл тэмцсэн ч буцчихсан. Энэ ажлаа үргэлжлүүлэх шаардлага байна.

    -Та шүүхийн чадавхжуулах шаардлагатайг ярилаа. Шүүх бусад засаглалтай эдийн засаг, эрх мэдлийн хувьд бланс тэнцүү байлгахын тулд яах ёстой вэ?

   -Эдийн засгийн блансыг тэнцвэржүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл ажилласаар байгаа. Эрх мэдлийг тэнцвэржүүлэхийн тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөл өөртөө авах ёстой. Ял эдлүүлэх ажиллагаа бол биш шүү. Иргэд шүүхээс эрхээ сэргээсэн, эрх хөндсөн шийдвэрээс илүү бодитой үр дүнг хүлээдэг. Доржид 100 мянган төгрөг өг гэж шүүх шийдсэн байхад Дорж тэр мөнгөө авч чадсаны дараа л шүүхэд бүрэн итгэдэг. 100 мянган төгрөгийг өгүүлэх ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл өөртөө хариуцах ёстой. Шүүхийн шийдвэр, түүний хэрэгжилт нь хоёр өөр газар байгаа учраас авцалдаагүй байна. Нэр нь шүүхээр гардаг учраас иргэдийн хүлээлт зөрчилдөж, шүүхэд итгэхгүй байдал ажиглагддаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл нь шүүхийн хажууд байдаг тогтолцоотой улсууд байдаг. Тайванийн шүүх хуралдааны танхимын доод талд шийдвэр гүйцэтгэлийн дуудлага худалдааны танхим байх жишээтэй.

    -Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэгдэх асуудал уу?

   -Үндсэн хуулийн засаглалын хэмжээнд яригдаж болох боловч хамаарах хуулиудад өөрчлөлт оруулах замаар шийдэх нь зөв. Бүтэц зохион байгуулалтын хувь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлд татаж авчрах органик хуулийн зохицуулалтаар шийдэж болно. Шүүх хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах шийдвэр гаргадаг бол бодит үр дүнг гаргадаг байгууллага дэргэд нь байх ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүн тасалдаг байгууллага биш учраас шийдвэр гүйцэтгэл харьяанд нь очиход харшлах зүйлгүй.

    -Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутагт ажиллахад шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа тухай ярьсан олон хүн бий.

   -Нэр нь шүүхээр гардаг учраас шүүх шударга биш байна гэж ярьдаг. Шүүхийн шийдвэрийн биелэлтэд шүүх хяналт тавих үүрэг нь хуулиараа бий. Шийдвэр гүйцэтгэл нь огт өөр засаглалын мэдэлд байдаг учраас хуулийн энэ заалт биелэгдэх боломж хомс. Шүүхийн ерөнхий зөвлөл, захиргааны удирдлагаар дамжуулж шүүгч шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих нь бодит зүйл. Шат дамжлага, үр дагаврыг нэг болгож том тойргоор харах нь шударга ёс биелэгдэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

    -Шийдвэр гүйцэтгэлийн алба нэгдчихээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц улам өргөжих үү?

   -Шүүх засаглалыг шүүн тасалдаг гэж ганц цонхоор харах нь буруу. Засаглал гэдэг утгаараа гаргасан шийдвэрээ биелүүлдэг байх ёстой. Түүнээс бүтэц том, нүсэр байх бол тийм чухал биш. Зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэсний дараа тухайн хүн сэтгэл ханамжтай, шүүх зөв шийдлээ гэсэн итгэл үнэмшилтэй үлдэнэ. Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ үр дүнтэй байгаагийн учир энэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс болж иргэдийн итгэл асар их алдагдаж байгаа. Мөнгөө алдсан хохирогч мөнгөө авахыг хүсэмжлэхээс гэмт этгээд тэдэн жилийн ял авах нь сонин биш. Хохирлыг нь барагдуулах ажлыг шүүхийн захиргаа хариуцах нь хамгийн зөв хувилбар. Уламжлалаараа Дээд шүүхийн хажууд тогтоол гүйцэтгэлээ хариуцсан бүтэц байсан. Тэр үед шүүхийн шийдвэрийн биелэлт 80 хувьтай байхад бага байна гэж үздэг байлаа. Одоо чухам хэдэн хувьтай байдгийг мэдэхгүй. Сүхбаатар, Дорнод аймагт Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа гэмт хэргийн хохирогчийн эрхийн хамгаалал сэдвээр судалгаа хийж, хуулийн байгууллагуудтай зөвлөгөөн хийж байсан. Харамсалтай нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн бүх байгууллага хэрэг маргааныг шийдэхдээ зөвхөн хэрэг хийсэн хүний асуудлыг шийддэг болохоос хохирогчийн хохирол төлбөрийг хангах, барагдуулах ажил хийдэггүй гэсэн судалгааны дүн гарч байсан. Явж явж хохирлыг барагдуулах ажил шийдвэр гүйцэтгэл дээр очдог. Гэтэл зэрэгцүүлэн шийдэх маш олон боломж бий.

   -Ярилцсанд баярлалаа.

   Г.Баттүвшин


Эх сурвалж: Zaluu.com

. . .