-1

Н.Лүндэндорж: Философич байх нь хуульчийн давуу тал болохоос сул тал биш

2024-11-23    |   90

 \"http://www.judcouncil.mn/uploads/posts/2015-05/1430783544_1.jpg\"

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, ноён Н.ЛҮНДЭНДОРЖТОЙ ярилцах хүсэл үргэлж надад явдаг байв. Гэвч тохироо нэг л бүрдэж өгөхгүй явсаар энэ хүрчээ. Бидний яриа өргөн хүрээнд өрнөсөн бөгөөд өчүүхэн ч хаалтгүйгээр илэн далангүй хөвөрч байлаа. Магадгүй, тэр энэ удаа урьд өмнө нь хэзээ ч нээж байгаагүйгээр сэтгэл зүрхээ чөлөөлж, сулласан байж мэдэх юм.


-Таныг философийн анги төгссөнийг мэднэ. Гэхдээ зарим хуульчид философич хүн хуулийн байгууллага толгойлж байна гэж шүүмжлэх юм. Харин би философи & хуульч гэх хослолыг давуу тал гэж хардаг.


-Баярлалаа. Та бараг ярилцлагынхаа гарчгийг олчих шиг боллоо. Миний шавь нар энэ хослолын ил тээгчид гэж би дотроо боддог. Философийн боловсролгүй хүн нийгмийн үзэгдлийг зөв ойлгох нь юу л бол.


 

-Хоёулаа яриагаа таны бага нас, эцэг, эхийн тань талаарх сэдвээс эхлэе. Та чинь аль аймгийн хүн билээ?


-\"Оpen door” олон хүний уншдаг, нэр хүндтэй сонин болжээ. Энэ сонин намайг зочноороо урьж, тэгээд ийм нэртэй сэтгүүлч надтай ярилцаж байгаад би дотроо ихэд олзуурхан таашааж байна. Би Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын малчин айлын хүүхэд. Гурван хүү, нэг охинтой айлын гурав дахь хүү. Аав маань Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Тэсийн хүрээ гэж байхад шавилан сууж байгаад, хүрээ хийд тарах үеэр хар болж цэрэгт явсан гэдэг. Аав маань хүүхэд байхдаа шавилж байсан ч төвд бичиг уншчихдаг. Тэр үедээ бичгийн соёлтой хүн байсан. Цэргийн албаа хаачихаад нутагтаа очиж мал маллаж, жижигхэн алба хашиж байсан хүн. Би багадаа эцэг эхийнхээ дэргэд мал маллаж л өссөн дөө.


-Та ер нь хэдэн үеэ мэдэх вэ?


-Нэг их олон үеэ мэдэхгүй. Аавынхаа аавыг л мэднэ. Би ер нь их сонин түүхтэй хүн шүү дээ. 1964 он хүртэл сумынхаа дунд сургуульд сурч, зургадугаар ангиа төгсөөд л хөдөө мал дээр гарсан.


 

-Айлын бага хүү болохоор эрхлээд, сургуулиас гарна гээд мал дээр гарчихсан уу?


\"\"-Манайх сумын төв дээр байдаг байсан. Хэдэн малаа айлд тавина. Айлд тавьсан мал өсдөггүй. Гэтэл хэдэн хүүхдүүдийнх нь амьдралд мал хэрэгтэй байдаг. Тэгээд л аав маань мал өсөхгүй нь гээд няравынхаа ажлыг өгөөд хөдөө гарсан. 1972 оны намар тэгж намайг анх сургуулийн дотуур байранд оруулж байгаа юм. Тэр үеийн дотуур байрны амьдрал их хүнд. Нэг шавар байшинд, ор дэр гэж хүн унтахын аргагүй. Арай гэж долоо хоноод л сургуулиа хаяад оргочихсон. Намар есдүгээр сарын сүүлчээр шиг л санадаг юм. Цүнхтэй номоо үүрээд явган 20-иод км гүйсээр ээж, аав дээрээ очсон чинь хонио ахарлаад сууж байна. Аав, ээж маань жигтэйхэн ядарчихсан, хорчийсон хар юм болчихсон байж билээ. Тэгээд надаас, миний хүү яагаад хүрээд ирэв гэж асууж байна. Би урдаас нь сургуульд сурахгүй, тэр дотуур байранд чинь амьдарч чадахгүй. Малчин болно л гэлээ. Аав ч мал дагавал ам тосдоно гэдэг. Миний хүү малд нүдтэй л гэж байна. Тэгээд болоогүй ээ, эмэгтэй дүүгээ бас уруу татаад сургуулиас гаргачихсан. Намар багш нар сургуулиас гарсан хүүхдүүдийг морь, мотоцикльтэй хөөцөлдөөд ирэхээр нь дүүтэйгээ гэрийнхээ ойролцоох жалганд нуугдчихна. Нүдэнд нь үзэгдэхгүй бол хөөхгүй гэж л боддог байсан шиг байгаа юм. Удалгүй манайх оторт гарч, сумын төвөөс холдсоноор л нэг мөр сургуулиа хаясан даа. Сургуулиас гарсан өвлөө л буруу юм хийснээ мэдсэн. Өвөлжингөө хонь хариулахдаа \"Эрх чөлөө” гэдэг сонин л уншина, ангийн хүүхдүүд олимпиадад оролцсон гэж дуулдаад л... Би ч олон юмнаас тасрах нь дээ гэж бодогдоод сэтгэл нэг л гундуу. Буцаад сургуульдаа орно гэхээр анги ухарч орох гээд байх шиг санагдаад бас эвгүй. Аз болж, дараа жил нь намын төв хорооны IX бүгд хурал хуралдаж, илгээлтийн эзэд гаргах ажил өрнөлөө. Онц сурдаг байсныхаа ачаар тэр хөдөлгөөнд багтсан. Ингээд долдугаар ангийн гэрчилгээ авч, илгээлтийн эзэн малчин болсон юм. Хоёр жил мал маллаж байгаад 1974 онд цэрэгт явсан.


-Та бас цэрэгт явсан юм уу?


-151 дүгээр ангид гурван жил алба хаасан. Тэр үед цэргийн алба чанга. Зодуур нүдүүр ихтэй. Би ч энэ зодуур нүдүүрийг даваад гурван жилийн дараа амьд мэнд халагддаг болов уу яадаг бол гэж боддог л байсан. Нэг жил өнгөрөөд л цэргийн амьдрал сайхан болоод явчихна шүү дээ. Хүнд үеийг давангуутаа л цэрэг хүн өөрийгөө хөгжүүлдэг, уншдаг, сонсдог болно. Бас хүний үг дааж, үүрэг даалгавар биелүүлж, бие бялдраа хөгжүүлж хат сууна. Албаа хаачихаад 1977 онд халагдаад, сумандаа сумын клубын эрхлэгч, эвлэлийн үүрийн дарга хийж байлаа. Тэр үедээ л намд орлогч гишүүнээр элссэн юм. Тэгээд цаашдаа сурах ёстой юм байна гэж бодоод 8, 9, 10 дугаар ангидаа оройгоор сурсан. 1980 онд 10 дугаар ангиа төгсөөд, конкурст орлоо. Гурван сар айлын зуны амбаарт сууж бэлдээд конкурсдэж тэнцээд Их сургуулийн философийн ангид элсэн, таван жил суралцсан. Тэр үеийн Их сургуулийн философийн ангийн хичээлийн хөтөлбөр Москвагийн их сургуулийн философийн ангийн хөтөлбөрөөр явдаг байсан. Үнэндээ ч эхний нэг хоёр жилдээ хасагдчихгүй байх л зорилготой байсан. Гуравдугаар курсээсээ хөлөө олж, төгсөхдөө харин дажгүй дүнтэй төгссөн юмдаг.


 

-Ингэхэд намд хэдэн настай элсэж байв?


- 22-той л байсан. Тэр үед намд элссэн хүн ажил амьдралтай, ер нь л тэргүүлэх үүрэгтэй. Энэ хэв шинж нь хүмүүсийн дотоод сонирхлыг их татдаг байж. Тэр жамаар л орлогч гишүүнээр элссэн. Их сургуулиа төгсөх хавар, сургуулийн намын хорооны дарга жижиг Бат-Очир гэдэг хүн намайг дуудлаа. Очтол, за чамайг МАХН-ын Төв хороо судалж байгаад \"Намын амьдрал” сэтгүүлд авахаар ярилцаж байна. Санжмятав гэдэг хүн чамайг дуудаж уулзах байх. Тэр хүний асуултыг сайн сонсож, бодож байгаад хариулаарай. Чам шиг хөдөөний хүүхдэд аятайхан боломж шүү. \"Намын амьдрал” сэтгүүлд орчихвол цаашдаа сургууль соёл, байр сав гээд амьдралын чинь олон асуудал шийдэгдэнэ. Тиймээс тэр хүнтэй уулзахдаа ухаантайхан шиг байж байгаад тэнцэхийг хичээгээрэй гэж захисан. Тэгээд л 1985 онд \"Намын амьдрал” сэтгүүлд социализмын онол, практик гэдэг булан хариуцдаг редактороор томилогдож ажиллалаа.Энэ үеэс л миний өнөөгийн ажил, амьдралын гараа эхэлсэн дээ.


-Манай монголчууд нутаг нугаараа бүлэрхэх дуртай улс. Манай нутгийнхан ийм ч мундаг тийм ч сүрхий гэж омгорхох нь түгээмэл. Харин Хөвсгөлийнхний онцлог гэх шинж юу вэ?


-Манай Хөвсгөлийнхөн зарим аймгийнхан шиг нэгдэж ажиллахдаа жаахан тааруухан санагддаг. Онцлог гэвэл ил шулуун үгтэй, хурцхан үг хэлчихдэг зан нь юм уу даа. Хамгийн тод жишээ нь манай Б.Чимэд багш байна. Аливааг егөөтэйхөн, гашуундуу үгээр илэрхийлчихнэ. Тэр нь тусахдаа ч тусч, дургүй хүргэхдээ ч хүргэчихдэг биз. Бас онох цагт нь онуулж, алдах цагт нь алдуулж явдаг ийм нэг шинж чанар бидэнд байна уу даа л гэж боддог юм. Миний шавь нар, найз нөхөд чи сонин хэвлэлд юм бичихээрээ хүмүүсийн дургүйг хүргэсэн гашуун үгээр бичих юм. Жаахан зөөллөж болдоггүй юм уу. Ийм хүн дандаа л дотроо уйлж, нийгмэээс цохилт авч явдаг юм шүү гэж хэлдэг л юм. Тэгээд яахав дээ, өөрийн сурсан арга барил, хэрэглэдэг үгийн сонголт тиймэрхүү хойно.


 

-Гэхдээ та уралцаад байгаа харагддаггүй. Их л тэвчээртэй хүн юм даа гэж хардаг.


-Би цөөнгүй ном уншсан хүн. Эрдэмтдийн тодорхойлсон ардчилсан, чөлөөт нийгмийн зарчмууд гэж байдаг. Тэрний нэг чухал шинж нь тэвчихүй гэж үздэг. Тэвчихүй гэдэг чинь зөвхөн өөрийн талаас бус бусдын үзэл бодлыг бас хүндэтгэж ойлгох чадварыг агуулдаг. Тэгж байж л хүн зөв харагдаж, зөв амьдардаг. Хүн юм хэлэх бүрт өөдөөс нь чулуу шидээд байвал хариуд нь чулуу л ирнэ. Бурхны сургаальд ч зэвсэг барьсан хүний өөдөөс цэцэг барин золго гэсэн байдаг биз дээ. Хэрүүл тэмцэл, чамайг ингэвэл би тэгнэ дээ гэсэн атгаг бодлоор хүн өөрийгөө цэнэглэвэл амьд явахад их л зовлон болно доо. Муухай ч харагдана. Нөгөөтэйгүүр би олон шавьтай хүн. Шавь нартаа үлгэр дууриалал болох үүрэгтэй. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоорно гэдэг. Ард түмэн айхтар ухаантай шүү. Өнөөдөр буруу ойлгосон ч, маргааш зөв ойлгоно. Алалдаж тэмцэж, адилхан уралцсанаараа нэр хүндээ алдана уу гэхээс сайхан харагдана гэж би ер нь боддоггүй шүү.


 

-Таны хувьд аав ээжийнхээ алиных нь зан чанарыг илүү дууриасан бэ. Ээж, аав тань ямархуу хүмүүс байв?


-Манай аав их хашир, дуу цөөтэй, амьдралын ухаантай хүн байсан. Нутгийнхан маань манай аавыг их сүрхий хүн байсан гэж ярьдаг юм. Харин ээж маань их хатуу чанга, хурц тод үгтэй, шулуун шударга, хэлье гэснээ хэнд ч хэлчихдэг дайчин хүн байсан. Би ээжтэйгээ их ойр өссөн. Намайг 15-тай байхад аав маань тэнгэрт хальсан юм. Миний сургуулиас гарах шалтгаан аавтай бас холбоотой. Намайг хөдөө гарсны дараа жил аав маань бурхан болсон юм шүү дээ. Ингэж ээждээ хань болох, гэр орноо авч явах шаардлага гарсан. Тэгээд ч тэр үү, надад ээжийн маань зан чанар илүү байдаг шиг санагддаг. Ээждээ би бүхнээс илүү хайртай. Бас ээжийнхээ хамгийн хайртай хүүхэд нь байсан гэж боддог.


-Улсуудын ярьж байгааг сонсоход эхийн хайрыг гүйцэх хайр энэ хорвоод байдаггүй гэх. Нас нэлээн яваад ирэхээр ингэж хэлэхээс өөр аргагүй байдаг байх даа гэж боддог юм. Таны хувьд ч эхийн хайрыг гүйцэх хайр энэ орчлонд байхгүй юм шиг байна уу?


-Эхийн хайр бол бусад олдмол хайруудаас өөр. Төрмөл хайр шүү дээ. Махнаасаа мах, яснаасаа яс болгож тасалчихсан учраас үгээр өгүүлшгүй тийм өвөрмөц, тийм дээд хайраар үрээ хайрладаг байх. Эх хүн сайхан юм бодож, үр хүүхдийнхээ талаар сайныг хүсэхэд оюун санааныхаа холбоогоор тэр нь үр хүүхдэд нь хүрдэг. Эх хүн тийм хүчтэй энергитэй. Мэдээж, бусад хайранд үнэ цэнтэй шинжүүд байлгүй л яахав. Гэхдээ л эхийн хайр шиг оюун санаа, далд энергиэрээ нөмөрлөж байдаг хүчтэй чадамжгүй байх аа.


 

-Амьдралын онцгой үеүдэд сэтгэлд орж ирдэг ээжийн тань хэлж байсан ямар үг байдаг вэ. Би хүмүүсийн аав, ээжийнх нь хэлсэн үгнүүдийг цуглуулдаг юм. Ил дол болсон, олны дунд явдаг үгнээс өөр үгс байдаг болохоор.


-Ээж маань эв найртай, бие биедээ өмөг түшиг болж яваарай, ядарч зүдэрсэн үед нь анхаарал халамж тавьж яваарай гэж л их захидаг байсан. Ээж маань надад манай нэг ахыг бүр онцгойлон захидаг байсансан. Ахыгаа л мартаж болохгүй гэдэг байсан. Нэг тийм ачааг намайг сонгож үүрүүлсэн гэх юм уу даа./инээв/ Тэр ачаагаа би одоо ч үүрч л яваа. Ээжийн хэлсэн үгнүүдээс хамгийн онцгой нь \"Цагийнхаа аясыг чагнаж явдаг юм шүү”, \"Аливаа юмын эхнээс нь л болзошгүй муу үр дагаварыг дандаа харж бай” гэж захидаг байсан нь.Тэгэхэд би \"Ээж та дандаа юмыг юунд ингэж муу талаас хардаг юм” гэхэд хэрсүүгээс хэрэг бурууддаггүй юм аа хүү минь гэдэг байж билээ.


-Философийн анги төгсөөд сэтгүүлд ажиллаж байсан юм байна. Их сургуулийн багш болох шийдвэрээ хэрхэн, яаж гаргаж байв. Хэдэн онд Их сургуульд ирсэн юм бэ?


-1990 онд Төв хорооны нарийн бичгийн дарга нарын шийдвэрээр тэр үеийн сэхээтнүүдийн мөрөөдөл болсон ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид аспирантурт явсан юм. Намын түүх болон орос хэлний шалгалт өгч тэнцсэн. Гурван жил сураад, философийн ухаанаар докторын зэргээ хамгаалж, 1994 онд эргэж ирсэн. Ирээд сургуульд анх явуулсан МАХН-ын Төв хороон дээрээ очлоо. Сургуулиа төгсөөд ирлээ, ажил төрөл юу байна вэ гэсэн чинь тэр үеийн намын удирдлага \"та нарыг зохицуулах нь бүү хэл өөрсдийгөө яая гэж байна, амь амиа бодоорой” гэсэн дээ.


 

-Ёстой л тэгж хэлэхээс өөр аргагүй үе байсан даа?


-Би \"Намын амьдрал” сэтгүүлд байхдаа гайгүй юм хум бичээд байдаг байсан юм. Тэгсэн сэтгүүлч Б.Пүрэвдаш \"Чи эрдэмтэн болоод ирсэн юм чинь \"Ардын эрх” сонинд орж ажилла. Парламентын тоймчоор Ө.Энхтүвшин ажиллаж байгаад гарчихлаа. Ц.Балдоржид хэлсэн чинь чамайг авья гэж байна” гэсэн. Тэгээд Төрийн ордны 105 тоотод очлоо. Сонины өглөөний шуурхай болж байна. Хүлээгээд тардаггүй ээ. Зүгээр суухаар Их сургуулиар орьё гэж бодоод хуулийн сургууль руу очлоо. Хуулийн сургуулийн дэд захирал нь өмгөөлөгч Б.Цэрэнжээ, захирал нь Дашням багш. Хойно доктор хамгаалчихаад ирлээ. \"Ардын эрх” сонинд тоймч хийх гээд Ц.Балдорж эрхлэгчтэй уулзах гээд явж байна гэсэн чинь чи тэнд очиж яах юм бэ. Манай сургууль багш, эрдэмтэнгүй болчихоод байна. Улс төр судлал гэдэг шинэ хичээл тавьчихсан чинь заах хүн алга. Чи манайд ажилла. Тушаалыг чинь гаргая. Чи сэтгүүлч хийж яах юм бэ. Эрдэмтэн хүн Их сургууль бараад гэдэг юм. Маргааш нь л Хуулийн сургуульд багшаар орж, Их сургууль руу хөл тавьсан түүхтэй. 1994 он шүү дээ. Хуулийн сургуульд багшилж байхдаа хууль зүйн шинжлэх ухааны суурь мэдлэг хэрэгтэйг ойлгосон. Би иргэнлэг ёс төлөвших нийгэм философийн асуудал гэдэг сэдвээр зэрэг хамгаалсан учраас иргэнлэг ёсыг судлахад төр эрхзүйн онолыг судлах шаардлага гарсан. Тэр үед бакалаврт зориулсан 2,5 жилийн сургалт явдаг болчихсон байсан. Би тэнд нь багшлангаа сурч, эрхзүйчийн боловсрол олж авсан.


 

-УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг С.Нарангэрэл гуай хоцрогдсон бакалавр гээд л загнах юм. Таныг ч гэсэн философич болохоос хуульч биш гэдэг. Ингэж хэлүүлэхээр та яаж хүлээж авдаг бол ?


-Намайг хуульч мөн биш гэх нь сонирхолтой сэдэв биш. Ер нь хүний ажил мэргэжлийг дипломоор хэмждэггүй. Тэр хүн юу мэдэж, чадаж, хаана хүлээн зөвшөөрөгдөж байгаагаар нь л шийдэгддэг. Хуульч гэсэн дипломтой мөртлөө тэр талаар ямар ч төсөөлөл, мэдлэг чадваргүй хүн зөндөө байдаг. Хуульчийн дипломгүй мөртлөө хуульчаас илүү чадварлаг хүн ч зөндөө л бий. Сонирхуулахад, АНУ-ын зарим муж улсад хууль зүйн сургууль төгсөөгүй ч өмгөөлөгчдийг дагалдаж шалгалт өгч хуульч, шүүгч болдог жишиг бий. Нөгөө талаас одоо намайг хуульч биш гэж хэлээд бараг ач холбогдолгүй болсон доо. Би Монгол Улсын Хууль зүйн сургуульд 20 жил багшилж, хуулийн сургуулийнх нь профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор болсон хүн.Би өөрийгөө ямархуу доктор гэдгийгээ харьцуулалтын аргаар төсөөлж байгаа. Хууль зүйн онолын талаархи миний лекцүүд болон бүтээлүүдийг маань миний шавь нар, олон нийт хүлээн зөвшөөрдөг. Энэ л надад хангалттай. Хэн нэг хүн юу гэж хэлэх нь сонин биш. Мөн гэснээр хуульч болчихгүй, биш гэсгээр биш болчихгүй. Юу мэдэж, чаддаг нь чухал биз дээ. Би хууль зүйн шинжлэх ухааны хүн бүр ноолдоггүй онолын салбараар мэргэшсэн төдийгүй, сургууль маягийн юм үүсгэсэн хүн гэдгийг олон хүн ил биш гэхэд далд хүлээн зөвшөөрдөг юм аа.


-Амьдралын тань багагүй хугацаа Их сургуулийн танхимд өнгөрлөө. Хуульчдын тоо шингээх зах зээлээсээ давчихсан гэдэг. Бас сүүлийн 25 жилд бэлтгэгдсэн болон түүнээс өмнөх үед бэлтгэгдсэн хуульчид дунд ямар нэгэн ялгаа байна уу. Цаг үеийн том шилжилт явагдлаа. Надад бол ялгаа байна гэж харагддаг?


-Ялгаа байлгүй яахав. Хоёр өөр дэглэмд бэлтгэгдэж, хоёр өөр онол, үзэл суртлаар явчихсан, хоёр өөр арга зүйгээр сурсан учраас ялгаатай. Социализмын үед хуулийн сургуульд сурсан хүмүүс юу заалгасан нь ойлгомжтой ш дээ. Марксист, ленинист онол арга зүй дээр тулгуурласан үзэл сурталжсан хичээл заалгасан учраас тэр авсан мэдлэг нь хадаатай шингээстэй, итгэл үнэмшил нь болоод л байж л байгаа. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Гэхдээ тэр цаг үед сурсан ч өөрийгөө гайхалтай шинэчилсэн хуульчид олон байдаг. Хамгийн тод жишээ нь Б.Чимэд багш. Б.Чимэд багш сүүлийн 20 жилд өөрийгөө гайхалтай өөрчилж шинэчилсэн хүн. Залуучуудыг онцгой анхааралтай сонсдог байсан. Жишээ нь, залуучуудыг илтгэл тавьж байхад хамгийн урд нь очоод суучихсан. Тоомсоргүй мэт дүртэй харагдах атлаа цаанаа бүх лакотороо дээд зэргээр ажиллуулчихсан байдаг хүн шүү дээ. Гэтэл зарим нөхөд, энэ муусайн залуучуудыг би сонсоод байхдаа яадаг юм гэж хий томорч явсаар хоцорчихдог. Ер нь хүн түүхэн цаг үеийнхээ бүтээгдэхүүн байдаг учраас өөрийгөө хөгжүүлж өөрчлөх чадварыг эзэмшсэн хүн л удаан хоцорно.


-Б.Чимэд гуай таныг нэг нутгийн гэдэг утгаараа илүү дотносож ханддаг, илүү нөмөр нөөлөг үзүүлдэг байсан уу?


-Бид хоёроос чинь өнөө Хөвсгөлийн араншин гарна шүү дээ. Жигтэй сайхан ярилцаад суух ч үе байсан, маргалдаж муудалцах үе ч байсан. Намайг учиргүй илүү хайрлаад л, тэгье ингэе гэх юм байгаагүй. Гэхдээ миний мэдлэг чадварыг хүндэтгэдэг байсан. Би ч тэр хүний мэдлэг чадварыг хүндэтгэдэг, ойлгодог байсан.


 

-Сүүлийн үед хүн болгон л Б.Чимэд багш ингэж хэлж байсан, тэгж байсан гээд хуучин толь бичиг эргүүлж байгаа юм шиг ярих болж. Хэсэг хугацааны дараа С.Нарангэрэл ингэж байсан юмаа л гэх байх. Бас Н.Лүндэндорж тэгж хэлсэн л гэдэг болох байх. Ингэж нэг хуучин хөшөө босгож ирээд л яриад байдаг, түүгээрээ өөр үед тулгалт хийх явдалд би тийм ч хүндэтгэлтэй ханддаггүй.


-Монголд хүмүүсийг амьд сэрүүн байхад нь үнэ цэнийг нь олж хардаггүй, уураг тархийг нь хүндэтгэж ашиглаж мөлжөөгүй мөртлөө тэнгэрт хальсных нь дараа үндэсний баатраар өргөмжилдөг хандлага байдаг. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд шүүмжлэгдээд л яваад байдаг. Шинжлэх ухааны хувьд бол өөр. Эрдэмтдийнхээ хэлсэн үг, судалгааных нь үр дүнг олон жил ишлэх, дагах хандлага байдаг. Олон жил судалж явж байгаад хэлчихсэн дүгнэлтийн ганц өгүүлбэр нь ч үнэ цэнтэй байдаг. Тэрийг нь үнэлж ишилж ярьдаг, цаашдын судалгаандаа ашиглаж, чиг баримжаагаа болгодог. Энэ бол шинжлэх ухааны жишиг л дээ.


 

-Таныхаар хууль зүйн шинжлэх ухаанд Б.Чимэд гэдэг хүн хөшөө мөн үү?


-Б.Чимэд багшид олноо хүлээн зөвшөөрөгдсөн онцлог чанар олон байдаг. Өөрөөр хэлбэл, зарим хуульчид, хуулийн эрдэмтэд иргэний, захиргааны гээд тэр чиглэлээ л мэддэг болохоос өөр салбарын талаар батажсан мэдлэг нь нимгэн байдаг нь мэдрэгддэг. Б.Чимэд багшийн хувьд аль ч салбараар ярьдаг хүн байсан. Онол ч, түүх ч ярьчихдаг. Б.Чимэд багшийг захиргаа, Үндсэн хуулийн эрх зүйн хүн гэдэг ч үнэндээ бусад салбарын мэдлэгээрээ бусад хуульчдаас яалт ч үгүй ялгардаг. Тиймдээ ч олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгддэг .


-Б.Чимэд гуай академич уу?


-Дэд докторын зэрэгтэй. Их сургуулийн профессор ч болоогүй хүн ш дээ. Ер нь тэр хэргэм зэрэг гол биш. Хамгийн гол нь тухайн хүний хүлээн зөвшөөрөгдсөн чадал, боловсролынх нь тэнхээ л чухал.


 

-Хоёр үеийн хуульчдын ялгааг таниас асуусан даа. Сүүлийн 20-иод жил бэлтгэгдсэн хуульчид яалт ч үгүй таны шавь нар. Таны нэг хэсэг шавь нараас бусад хуульчдад байхгүй хэт эрх чөлөөтэй, зоримог чанар харагдах юм. Шижигнэсэн гэж хэлж болохоор тийм үе бол гараад ирсэн байна. Тэр шазруун эгнээг Н.Лүндэндоржийн бэлтгэсэн сэхүүн хүүхдүүд гэж хэлэх нь бий. Тэгэхээр тэр Н.Лүндэндоржийн болохгүй хүүхдүүд гэгддэг үеийнхний талаар танд ямар бодол явдгийг сонирхвол?


-Их сонирхолтой асуулт байна. Хууль зүйн салбарт Лүндэндорж бол миний багш гэж намайг хүндэтгэж, хүлээн зөвшөөрдөг мянга мянган шавь нартай болжээ. Хаана ч очсон тэд нарын харцнаас би түүнийг олж хардаг. Тэд нараараа үргэлж бахархдаг.Хичээл заалгаагүй мөртлөө \"Би таны номыг уншиж таны шавь болсон” гэж хэлдэг шавь ч бас олон. Тийм учраас шавь нарын минь алдаа нь ч минийх, амжилт нь ч минийх.Олон мундаг шавиараа би ямагт бахархаж явдаг.Би Их сургуульд 20-иод жил багшлахад ойролцоогоор жилд 300-гаад хүн төгсдөг гээд бодохоор 5000- 6000 хүнд хичээл зааж л дээ.Бакалавр, магистр, докторын төвшинд хичээл заасан, тэд нар бүгд миний шавь гэж хэлэх хэцүү л дээ. Мэдээж өргөн утгаараа тэд миний шавь нар. Гэхдээ намайг дагаж, миний үзэл санаа, онолын мэдлэг, судалгаа хийдэг арга барилыг сонгосон хүүхдүүд өөрсдөө хүрээд л ирдэг. Би ч хэнд нь ямар ном уншихыг онож хэлэхийг хичээдэг. Лав Х.Тэмүүжинг Шопенгаурын \"Зан суртахуун” гэдэг номоор эхлүүлж байсан юм. Сэтгэлгээг нь хөгжүүлэхийн тулд сэтгэсэн жишээнээс суралцуулах, үлгэр дууриал үзүүлэх, бодол санаа, судалгааныхаа үр дүнг бичих урлагт сургах гээд багшийн хийх ажил их. Эргээд бодоход багшийн өөрийн үлгэр дууриал их чухал юм шиг байгаа юм. Өөрөө түүнийг үзүүлж чадахгүй бол, хүлээн зөвшөөрөгдөхгүй бол багш тэгээд цагийн аясаар хөнгөрөөд ирнэ биз дээ. Норматив сэтгэлээтэй хүүхдүүд надад ханддаггүй. Миний шавь нарын нэг онцлог бол стандарт бус сэтгэлгээтэй, тодорхой үзэл бодол байр суурьт хүлэгддэггүй, их уншиж эргэцүүлэн боддог, асуудалд судалгаа, шинжлэх ухааны үүднээс ханддаг, эцэст нь багшийнх нь \"сул тал” гэж хэлэгддэг философи сэтгэлгээгээрээ тэд бусдаас ялгардаг. Тэд Монголын хууль зүйн онолын сэтгэлгээнд орон зайгаа эзэлсэн шүү.


 

- Тэр орон зай эзлээд байгаа нөхдийг нэрлэж болох уу?


- Бололгүй яахав. Багшийн бахархал бол бэлтгэсэн шавь, түүний чадал тэнхээ, эрдэм ухаан шүү дээ. Намайг ийм олон гайхамшигт шавь нартай учруулсан МУИС-даа би үргэлж баярлаж явдаг. Бүгдийг нэрлэх бололцоогүй учраас нэрийг нь орхисон шавь нар багшийгаа уучилна биз ээ. Х.Тэмүүжин миний анхны шавь. Тийм учраас би түүнд илүү хайртай байдаг юм. Багштайгаа ширээ, сандал хувааж суугаад ном уншиж байсан хүүхэд шүү дээ. Дараа нь А.Гансүх, Ч.Өнөрбаяр, О.Баасанхүү, М.Батсуурь, Л.Өлзийсайхан, Б.Баярсайхан, О.Мөнхсайхан, Ж.Сайнхишиг, С.Билгүүн, Ж.Энхбаяр гээд олон ухаант шавь нар минь учирсан.Эдний дотор хууль зүйн шинжлэх ухааны цоо шинэ салбараар Монголын анхдагчид ч байгаа.


 

- Таны шавь Х.Тэмүүжингийн хуулийн салбар дахь шинэтгэлийг шүүмжлэх хүмүүс олон байдаг. Эрс эсэргүүцэгчид ч их.


- Ажил хийсэн хүнийг тойрч яриа гардаг, шүүмжлэл өрнөдөг. Алдаа хийхгүй гэвэл юу ч хийхгүй суухын нэр. Тэр портфельтэй хүн. Ерөнхийлөгч үнэт зүйлтэй хүн гэж тодорхойлсон. Ийм л хүн шинэтгэл хийдэг. Шинэтгэл эсэргүүцэлтэй тулгардаг. Энэ бол энгийн логик.Харин үүнээс сургамж авч, илүү хашир, илүү ухаантай цаашид ажиллах нь тодорхой. Болж өнгөрсөн үйл явц, тохиолдсон бүхэн нь түүнд ухаарал өгнө. Асар том давуу тал болно.Залуу хүний зам урт. Харин ах нартайгаа аятайхан харилцаж, тэдний туршлагыг ашиглаж сурах хэрэгтэй. Тэдний цаг үе улам бүр хажууд ирээд байнаа. Энэ бол том хариуцлага, түүнийг яаж даахаа сайн бодох, өөрсдийгөө бэлтгэх гээд тэдний өмнө түмэн ажил байна даа.



 

-Шавь нар нь зовлон амсах, бэрхшээл туулах, алдаж онох үед багш хүнд ямар байдаг бол. Шавь нараасаа болж багшийн хувьд яллуулах, басхүү бахархалт таашаалыг эдлэх гэж байдаг уу. Багш шавийн дунд хувь заяаны ийм далд хэлхээ байх уу?

. . .