-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Архангай аймгийн шүүхэд ажиллаж байна

2024-11-23    |   92

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Архангай аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүгч ажилтнуудтай уулзалт хийж байна.

 

\"\"

 

       Уулзалтын эхэнд тэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг танилцууллаа. Дараа нь шүүх, шүүхийн тамгын газрын ажлын товч танилцуулгыг сонсож, шүүгч ажилтнуудын санал хүсэлтийг сонсон холбогдох тайлбар мэдээлэл өгч ажиллалаа.

 

       Архангай аймгийн шүүх нь анх Цэцэрлэг мандал аймгийн яамны зарга шийтгэх хэлтэс нэртэйгээр 1924 онд байгуулагдсан манай ууган шүүхүүдийн нэг юм. Архангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны дөрвөн шүүхэд нийт 10 шүүгч, тамгын газрын 25 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

 

      Тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 онд эрүүгийн хэрэг 59, иргэний хэрэг 15, зөрчлийн хэрэг 14-ийг тус тус шийдвэрлэсэн. 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар эрүү 13, иргэн 8, зөрчлийн 1 хэрэг шийдвэрлэжээ.

       Харин сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн онд эрүүгийн 306, зөрчлийн 513 хэрэг шийдвэрлэсэн. Энэ оны эхний улирлын байдлаар эрүүгийн 98, зөрчлийн 156 хэрэг шийдвэрлэжээ. Тэгвэл тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн онд 723 хэрэг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ оны эхний улирлын байдлаар 262 хэрэг шийдвэрлэсэн байна.

 

       Архангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2021 онд 49 хэрэг, энэ оны эхний улирлын байдлаар үлдэгдэл 13, нэхэмжлэл 26, нийт 39, үүнээс: хүлээн авахаас татгалзсан 8 /урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах/, буцаасан 2, шийдвэрлэсэн захиргааны хэрэг 11, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 16 хэрэг ажиллагаа явуулж байна. Хугацаа хэтэрсэн хэрэг байхгүй.

       2021 онд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 355 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 209 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс: 192 маргаан буюу 91.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна. Харин энэ оны эхний улиралд 60 өргөдөл шийдвэрлээд байна.

       Архангай аймгийн анхан болон давж заалдах шатны дөрвөн шүүх дундаа нэг тамгын газартайгаар үйл ажиллагаа явуулдаг боловч, өөрийн гэсэн байргүй. Аймгийн захиргааны байрны Б корпусын 1 давхарт байрладаг. Шүүх хуралдааны хоёр танхимтай, шүүхийн захиргааны ажилтнуудын хувьд өрөө тасалгааны хүрэлцээгүйгээс 4-6 хүн нэг өрөөнд суудаг бөгөөд өмгөөлөгч хэрэгтэй танилцах өрөө болон насанд хүрээгүй гэрч хохирогчийг тусгаарлах, асуух өрөө зэргийг гаргах нөхцөл боломжгүй байдалтай байгаа аж.

 

\"\"

   

 

   Тус шүүхийн байрлаж буй байрны нэг хаалгаар 2 давхарт байрлах аймгийн Прокурорын газар, 3 давхарт байрлах Боловсролын газрын ажилтан албан хаагчид түүгээр үйлчлүүлж байгаа иргэд ордог, иргэдийн хөдөлгөөн урсгал ихтэй зэрэг хүндрэлтэй нөхцөлд ажилладаг байна.

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

. . .