-1

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, АЖЛАА ТАЙЛАГНАХ ҮҮРЭГТЭЙ

2024-10-18    |   77

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №109/ШШ2021/0024 дугаар шийдвэр

 

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 31, Дугаар 4

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Төрийн жинхэнэ албан хаагч Р-ийг төрийн жинхэнэ албан хаагчийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө ирүүлж, тайлагнаагүй үндэслэлээр төрийн захиргааны албан албан тушаалаас нь халах шийдвэрийг гаргажээ.

Нэхэмжлэгчээс тус тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжүүлж ажиллахыг үүрэгчлэн зохицуулсан.

Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн түвшин, ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлохоор зохицуулжээ.

Иймээс төрийн жинхэнэ албан хаагч нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах үүрэгтэй байна.

Ийнхүү Төрийн албаны хууль болон холбогдох журам, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах чиг үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн дээрх үндэслэлээр ажлаас халсан тушаалыг хуульд нийцсэн гэж шүүхээс үзжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/10486?daterange=2021-06-10%20-%202021-06-10&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн:Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга

 

 


. . .