-1

ЭЭЛЖЭЭ СОЛЬЖ АЖИЛЛАХ ТАЛААР УДИРДЛАГАДАА МЭДЭГДЭЭГҮЙГ АЖИЛ ТАСАЛСАН ЗӨРЧИЛД ТООЦНО

2024-10-19    |   77

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 211/MA2022/00009 дугаар магадлал

Тоймын огноо, дугаар: 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, Дугаар 1

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн Б нь сумын Х цэцэрлэгт галчаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байжээ. Тэрээр 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажил тасалсан, мөн байгууллагын удирдлагаас галлагааны ажил эхэлж байгаатай холбогдуулан 10 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд ажиллах үүрэг даалгавар өгөхөд ажиллаагүй, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ээлжийн хуваарийн дагуу ажиллах ёстой байсан боловч ажиллаагүй, хамт ажилладаг өөр ажилтантай тохиролцон ээлжээ сольж ажилласан, энэ талаар байгууллагынхаа удирдлагад мэдэгдээгүй байна.

Х цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн б/14 дугаарын тушаалаар иргэн Б-г эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж чөлөө зөвшөөрөл авалгүй олон хоногоор удаа дараа ажил тасалсан, ажлын шаардлага тавихад гэр бүлтэйгээ нийлж урдаас эсэргүүцдэг, ажлаас хойш суудаг, залхуу хойрго, ажил хариуцаж байх үедээ байгууллагаас эд зүйлс алдаж үрэгдүүлсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Иргэн Б нь шүүхэд Х цэцэрлэгийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б-ын 2021 оны 8 сард ажил тасалсан зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа ч ажил олгогч зөрчлийг илрүүлснээс хойш хуульд заасан 1 сарын хугацааг хэтрүүлж, хариуцлага тооцсон, 2021 оны 10 сарын 2, 3-ны өдөр нь нийтээр амрах амралтын өдөр байсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх ажил олгогч нэхэмжлэгч Б-гийн 2021 оны 08 сард ажил тасалсан зөрчлийг илрүүлснээс хойш хуульд заасан 1 сарын хугацааг хэтрүүлж, хариуцлага тооцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, харин 2021 оны 10 дугаар сарын 2, 3-н амралтын өдөр хэдий ч байгууллагын халаалт эхлэхтэй холбогдуулан тус байгууллагын манаач, галч нарыг ажиллуулах шийдвэрийг удирдлагаас гаргасны дагуу бусад галч нар ажилласан, нэхэмжлэгч Б нь ажиллах хуваарьтай өдрөө ажиллаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон, ээлжээ сольж ажиллах талаар удирдлагадаа мэдэгдээгүй нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, удаа дараа ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.shuukh.mn/single_case/20728?daterange=2022-01-01%20-%202022-06-01&id=2&court_cat=1&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн


. . .