-1

НЭХЭМЖЛЭЛИЙН БҮРДҮҮЛБЭР ХАНГАЖ ИРҮҮЛЭЭГҮЙ БОЛ ШҮҮХ НЭХЭМЖЛЭЛИЙГ БУЦААНА

2024-09-23    |   67

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ныөдрийн 109/Ш32021/0037

Тоймын огноо, дугаар: 2023 оны 4 дүгээр сарын 12, Дугаар 4

Тоймын төрөл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

А компаниас Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг эс зөвшөөрч, илт хууль бус маргаан бүхий захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгохоор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх уг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.

 

Учир нь А компанийн хувьд Иргэдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын аль нэгийг сонгож нэхэмжлэлээ гаргах ёстой.

Гэтэл энэ тохиолдолд нэгэн зэрэг хүчингүй болгоод, илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа нь хуулийн шаардлагыг хангахгүй юм.

Өөрөөр хэлбэл, энэ 2 шаардлагыг нэгэн зэрэг хэрэглэдэггүй, аль нэгийг нь өөрийн тохиолдолд тохируулан сонгож маргана.

 

Иргэдийн хурлын тогтоол нь хууль зөрчсөн бол нэг бол хүчингүй болно, нэг бол илт хууль бус тогтоолд тооцогдох бөгөөд хоорондоо ялгаатай ойлголт юм.

 

Улмаар шүүхээс аль нэхэмжлэлийн шаардлагаар гаргаж байгаа болохыг тодорхой болгохоор А компанид 14 хоногийн хугацаа олгож, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирэхийг даалгасан.

 

Гэвч А компани алдаагаа засч, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгоогүй, 14 хоногийн хугацаа өнгөрсөн тул шүүхээс нэхэмжлэлийг буцаасан.


 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Б.Одонтуяа


. . .