ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ХЭЛЦЛИЙГ БИЧГЭЭР БАЙГУУЛЖ НОТАРИАТААР ГЭРЧЛҮҮЛНЭ
2024-11-21 | 87Шийдвэрийн огноо, дугаар: 2023.01.03-ны өдрийн 129/ШШ2023/00049
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Тойм: 2023.04.18, шийдвэр-04
Нэхэмжлэгч Р хариуцагч Э-ээс хашаа байшинг нь 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцохдоо урьдчилгаа болгож 15,000,000 төгрөг өгчээ. Банкнаас зээл олгоогүй учир Р хашаа байшинг худалдан авах боломжгүй болсон талаар мэдэгдсэн, урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан авахаар шаардсан боловч өгөөгүй байгаа тул Э-ээс 15,000,000 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч Э хашаа байшин зарж байж мөнгийг нь өгнө, Р-д хашаа байшинг худалдахаар тохиролцсоны дараа уг хашаа байшинг авах санал ирж байсан боловч түүнтэй тохиролцсон байсан учраас зарж чадаагүй, хашаа байшинг авахгүй бол мөнгийг нь буцаана гэж тохироогүй, өгвөл 15,000,000 төгрөгийг бөөнд нь төлөхгүй, цувуулж төлнө гэжээ.
Хашаа байшинг худалдахаар амаар тохиролцож урьдчилгаанд 15,000,000 төгрөг авсан, Р худалдаж авч чадахгүй болж 15,000,000 төгрөгөө буцаан нэхэж байсан гэдэгтэй хариуцагч Э маргаагүй байна.
Шүүх Р, Э нар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлэхээр хуульд заасныг зөрчсөн учраас Р, Э нарын хашаа байшин худалдах худалдан авахаар амаар тохиролцсныг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Э-ээс 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.shuukh.mn/single_case/126183?daterange=2023-01-01%20-%202023-04-19&id=1&court_cat=1&bb=1
Тойм бэлтгэсэн:
Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
ерөнхий
шүүгч Д.Байгалмаа