Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан “Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан нь, шинэ, ардчилсан Үндсэн хуулийн агуулга, ач холбогдол” сэдвээр лекц уншлаа
2025-10-18 | 189БНМАУ-ын Анхдугаар Их хурлаас 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталсан түүхтэй.
Ийнхүү анхдугаар Үндсэн хуулийг баталснаар ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл болох Бүгд Найрамдах байгуулалд шилжин орж, Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон билээ.
Тийм ч учраас Монгол Улсын Их Хурлын 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 64 дүгээр тогтоолоор Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс даяар тэмдэглэх, Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга зохион байгуулахаар заасан.
Энэ ажлын хүрээнд өнгөрөгч 2024 онд Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсын тунхагласан өдөр (11 дүгээр сарын 26-ны өдөр)-ийг тохиолдуулан Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан аймгийн шүүхийнхээ нийт шүүгч, ажилтнууд, Архангай аймгийн прокурор, тус газрын нийт алба хаагчдад “Үндсэн хуулийн хөгжил, 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдол-Үндсэн хуулиа танин мэдэхүй” сэдвээр, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад “Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсыг тунхагласан нь, Шинэ, ардчилсан Үндсэн хуулийн агуулга, ач холбогдол” сэдвээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга лекц уншиж, сургалт, танин мэдэхүйн арга хэмжээг зохион байгуулж байсан.
Энэ жил шинэ, ардчилсан (1992 он) Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой тохиож байгаа билээ. Шинэ, ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталж, 2 дугаар сарын 12-ны өдрөөс улс даяар дагаж мөрдөж эхэлсэн.
Энэ жилийн хувьд Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын санаачилга, хүсэлтээр 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймаг дахь Зэвсэгт хүчний 0342 дугаар ангийн цэрэг, алба хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд “Анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсыг тунхагласан нь, Шинэ, ардчилсан Үндсэн хуулийн агуулга, ач холбогдол” сэдвээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга лекц уншиж танилцууллаа.
Энэ дашрамд тэмдэглэхэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” 43 дугаар тогтоолоор “…Иргэн, төрийн байгууллага бүр Үндсэн хуулиа дээдлэх залах, Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх түвшний боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгаж, Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсан” билээ.
Мэдээнд дурдсан Монгол Улсын Их Хурлын тогтоолтой дараах холбоосоор танилцана уу.!
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16759902569421
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17333204876601
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР