-1

О.Дорж: Малчин хүн мөнгөтэй компани, дарга нарыг шүүхээр ялж болдог юм байна

2024-11-23    |   71

\"О.Дорж:

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Монгол Улсын Гавьяат малчин О. Дорж 9 удаагийн шүүх хуралд эрх мэдэлтнүүдийн эсрэг заргалдаж, 2 жилийг үджээ. Энэ хугацаанд үзэж, туулсан бүхнээ олон нийтэд хүргэх гэж төөрч, будилсан ч цөхрөлгүй эрж хайсаар Шүүхийн ерөнхий зөвлөлийг олж ирсэн нь энэ. Өдгөө 70 насны сүүдэр зооглож яваа иргэн О.Дорж шүүх хурлын танхимд алга ташиж, сэтгэгдлээ илэрхийлмээр байсан ч өмгөөлөгч нь хориглосны улмаас дуугарч чадаагүйгээ учирлав. Өөрийнх нь хэлснээр үхсэн ч үр хойчид нь үе дамжин яригдахаар үйл явдал тохиосон гэх түүний яриаг хүргэж байна.


-Та ямар хэргийн улмаас шат шатны шүүхээр зарга үүсгэж, энд ирснээ тайлбарлахгүй юу?


-Би 2013 оны 9 дүгээр сарын 23-наас эхэлж шүүхээр бүтэн 2 жил илүү заргалдлаа. Гол шалтгаан нь сум, аймгийн засаг дарга нар манай Асгат багийн иргэдийн хурлын шийдвэрийг буруутгаж, захирамжуудыг хүчингүй болгосны эсрэг би тэмцсэн. Энэ нь \"Асгат грийн агро” компанид багийн иргэдийн хурлын шийдвэргүйгээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар хуйвалдан 969 га газрыг хууль бусаар олгосон явдлыг эсэргүүцэж гарсан маргаан юм. Үндсэндээ албан тушаал өндөртэй, хуулийн мэдлэг маруухан дарга нарын эсрэг шүүхэд хандсан маань \"Ноёнтой өстэй хүн хоолгүй, нохойтой өстэй хүн хормойгүй” гэдэгтэй л агаар нэг явдал хүмүүст санагдсан байх.

 

 

Тэдний эсрэг шүүхдээд ялах итгэлийг таньд чухам юу төрүүлж байв?


- Эрх мэдэлтнүүдтэй заргалдах нь жирийн малчин надад амар байгаагүй. Гэхдээ би хууль, шүүхэд итгэж хандсан. Шүүхээс сумын засаг даргын захирамжийг хүчингүй болгоход аймгийн засаг дарга зөрүүлээд захирамж гаргаж байгаа юм. Тэр хүнд сумын үйл ажиллагаанд бүрэн хэмжээгээр оролцох эрх байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Энэ их эвгүй юм байгаа юм. Анхан шатны нэгжээсээ л газар тариалангийн үйл ажиллагаа зөвшөөрлөө авч явдаг гэж би ойлгодог.Тэгж яваагүй учраас хууль бус гэсэн үндэслэлээр би заргалдсан хүн. Энэ бүхнээс би хууль байхад шүүх түүнийг шударгаар хэрэгжүүлж, задарсан дарга нар ядарсан иргэдийнхээ эрхийг зөрчихөөс хамгаалдаг гэдгийг мэдэрлээ.

 

Та өмнө нь шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлж байсан уу? Шүүх таны төсөөлсөнд хүрсэн үү?


\"\"- Анх дарга нарын эсрэг заргалдана гэхэд сэтгэлд багтахгүй санагдах үе байсан. Зарим хүн надад \"Та яваад хэрэг байна уу даа” гэж ч байсан. Би 70 гаруй настай. Хүн ер нь би тэгэхгүй, ингэхгүй гэж ам гарч болдоггүй юм гэнэлээ. Шүүх хурал дээр би \" Миний бие шүүхийн хаалга таталгүй 70 жил насалсан. Үхэхээсээ өмнө ийшээ орох минь л дутуу байж. Энэ дутууг минь шүүх шийднэ” гэж хэлсэн. Ний нуугүй хэлэхэд би шүүхийн шат, шатанд нийт 9 удаа шүүхэдлээ. Нэг удаа хурал хойшиллоо. Нэг удаа ялагдлаа. 7 удаа шүүхийн шийдвэр миний буюу манай багийн иргэдийн талд гарлаа. Би анхан шатны шүүх дээр ялагдчихаад компанийн хуулийн зөвлөхт гундуухан \"дахиж заргалдана” гэхэд өөдөөс \"та тэгвэл дахиад л хот орох хэрэг гарч дээ” гэж хоржоонтой харж билээ. Өөдөөс нь \"Би хот орох дуртай” гэж хэлээд хотод ирсэн. Өмгөөлөгч автал \"Та энэ талаар сэтгэл зоволтгүй ээ” гэхэд нь чихэр авсан хүүхэд хөөрдөгийн адил баяртай харьсан. Анхан шатны шүүхээр 3,4 удаа, давж заалдах шатны шүүхээр бас 3 явлаа. Дээд шүүхээр 2 орлоо. Бүх шатны шүүхээр орж, мөн айхтар том юм үзсэн байгаа биз.

 

Тийм байна. Энэ хүртэл явахдаа эргэлзэж түгших зүйлтэй таарч байв уу?


- Тэр хүмүүсийг хараад айгаад, ялагдчих болов уу. За энэ шүүгч нар алхаа яаж цохих бол гэхээс хурал таран тартал сэтгэл түгшиж байлаа. 2 жилийн турш би бие сэтгэлээрээ зовж, эд материалаараа хохирч, хүмүүст сайн муугаараа хэлэгдлээ. Дээд шүүх 2 удаа орсон гэхээр хүмүүс гайхдаг юм. Намайг ялах бүрт хуулийн цоорхой хайж, надтай заргалдсан тал дараагийн шатанд зарга мэдүүлж байсан. Ядарсан, мөнгөгүй, танил талгүй нэг муу өвгөний эсрэг өндөр хэргэм зэрэгтэй эрх мэдэл, мөнгөтэй хүмүүст хуулийн цоорхой байгаагүйд би маш их баярлаж байна. Би хуулийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих талаас нь их бодож явдаг хүн. Цагдаагийнхан малын хулгайтай тэмцэхэд хувиасаа дэм болж, тусалдаг хүн л дээ. Үүний маань төлөө надад \"Цагдаагийн гавьяа” шагналыг олгосон. Миний цагдаа намайг хамгаална гэдэг сайхан үгийг би мэдэхээс миний шүүх намайг хамгаална гэсэн үгийг би сонсоогүй. Үнэндээ л би сая миний шүүх намайг, ард иргэдийг хамгаалдаг, шударга шийдвэр гаргадагийг ойлгож мэдэрлээ.

 

Тэр олон шүүх хурлуудаас юу нь таны сэтгэлд мартагдахааргүй үлдсэн бэ?


- Эхлээд би хууль байхад өмгөөлөгчгүй дийлнэ гэж бодож байсан. Гэтэл ялагдчихдаг байна шүү. Ингээд өмгөөлөгч авсан. Хүний олон хүнээ боорлодоггүй гэж сайхан үг бий. Сэтгэл зүйн дарамтанд ортол хүний олноор сүр хүчийг үзүүлдэг юм байна даа гэж бодогдох үе байсан. Давж заалдах шатны шүүх хуралд нөгөө компаниас захирал нь хуулийн зөвлөхтэйгээ, манай аймгийн шүүхийн дарга байсан, одоо тамгын газрын хуулийн зөвлөх байгаа Пүрэвсүрэн, Их сургуулийн эрдэмтэн багш Эрхэсхулан гээд олуулаа орох боллоо. Тэдний өмнө тэвдсэн нэг муу пөөвийсөн хөдөөний өвгөн ямар сайндаа л жорлонгоос хүүхдүүд рүүгээ ярьж байхав дээ. Аргаа барсандаа л тэр. Тэгээд би хурлаас өмнө \"За аав нь ч лав өнөөдөр ялагдах нь шиг байна. Ямар худлаа ярьж, хулгай хийсэн биш” гэтэл \"Аав аа. Сэтгэл битгий зов оо” гэж хүүхдүүд тайтгаруулж байна. Хурал дээр нөгөө улсууд хууль яриад, би ойлгох биш. Буруу зөвийг ч мэдэхгүй би дунд нь бодож санаснаа бураад л суулаа. Шүүгчид их зарчимч, хаа хамаагүй юм яриулахгүй, гол зүйлээ ярь гэнэ. Хурал завсарлатал би нөгөө багш энэ тэрийг \"Та багш хүн. Ийм хуультай юман дээр материалаа сайн унш” гэж жаахан дайрлаа. Нөгөө багш бас ганцхан сайхан үг хэлсээн. Өөрийн талын гуравтаа \" Та нар олигтойхон ярихад яадаг юм бэ. Дор хаяж Дорж гуай шиг худлаа яриад байхгүй юу” гэсэн чинь миний микрофон хаагдаагүй, гадна бичлэгээр үзэж байсан хүмүүс сонсчихоод инээлдэж сууж. Манай жолооч коридорт үзэж суутал хажууд нь байсан хүмүүс та аль талынх нь хүн бэ гэхэд нь пөөвгөр өвгөний тал гэж гэнэ. Эргүүлээд хэн нь ялах бол гэтэл танай пөөвгөр өвгөн ялах юм байгаа биз дээ гэсэн гэдэг. Энэ бол бодит амьдрал. Миний бүх яриа тэр гадаа зааланд байгаа хүмүүст харагдаж байсан байгаа юм. Хүмүүс шүүх хурлыг нүдээр үзэж, буруу зөвийг ялгаж суух боломж Монголд байна. Маш сайхан шударга үйл явдал юм даа.


Монгол Улсын нэрийн өмнөөс... гэсэн шүүхийн шийдвэр сонсоход таньд юу бодогдож байв?


- Шүүх хурал завсарлаж орж ирээд шүүгч тогтоолоо унштал миний талд шийдвэр гарлаа.Түүн шиг сайхан юм хаа байхав. Баярлаад алга таших гэтэл өмгөөлөгч болдоггүй юм гээд намайг бариад байдаг. Би ч зөрүүд өвгөн л дөө.Ингээд шүүхээр ялаад, сайхан урам зоригтой байдгийнхаа баруун хаяа руу явж байгаа юм. Ялчихлаа гээд бүх юм дууслаа гэтэл дахиад л зарга мэдүүлсэн. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн багш бас газрын төлөө заргалдаад яваа нь Дээд шүүх дээр таарч, хөөрөлдлөө. Тэр хүн надад \" Өө та ялах юм байна” гэж сайхан үг хэлэхэд аргаа барж явсан би их баярласан. Шүүхээр явахад надад нэг анзаарагдсан зүйл нь олон дахин заргалдаж яваа хүмүүс яаж шүүгчийг аргалах вэ гэсэн л айхтар бодолтой байдаг юм билээ. Зарим нь ч залхаад олон явахгүй хаядаг. Миний хувьд ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө яваа учраас залхаагүй. Үүнээсээ ухарвал би олон түмэнд насаараа муу хэлэгдэнэ. Ялагдах юм бол үхсэний минь дараа зарим нэг нь муу хэлж, зарим нь сайн хэлнэ. Миний шүүхээр явсан хагас түүх нэг иймэрхүү байна. Мөн хэцүү шүү.

 

Та ер нь шүүхийг сурагаар ч болов, хэр мэдэх вэ?


- Шүүхийг би дээр үеэсээ мэднэ. Гэхдээ шүүхийн тухай хүмүүсийн хандлага дээр үед арай л өөр байсан. Одоо бол шүүхийн шинэчлэл үндсэндээ бүрэн ажил болж хийгдэж байгаа юм байна гэж ойлголоо. Шүүхийн шинэчлэл хийж байгаа ажлаа та бүхэн түмэн олонд сайн хүргээрэй. Хууль яаж хэрэгжиж байгааг иргэдэд хүргэчих хэрэгтэй. Би шүүхээр эцсээ хүртэл явж үр дүнгээ үзлээ. Олон дахин явсныхаа хүчээр би шүүхийг хэлдэг ярьдаг газар байдаг юм болов уу. Тэгвэл бас шүүхийн хүмүүст урам хайрлаж, над шиг зүдэрсэн олон хүнд тустай гэж бодоод ярьж явна. Миний энэ бол өвөрмөц зарга шүү. Мөнгөтэй айхтар компани, задарсан дарга нарынхаа эсрэг ядарсан малчдын эрх ашгийг хамгаалсан нэг зөнөсөн өвгөн яваад шүүхээр олон удаа яллаа.

 

Олон удаа шүүхээр ялахад компани болон дарга нараас тань таньтай хэрхэн харьцаж байв?


- Компанийн зүгээс надтай уулзаж, тохироё гэсэн явдал бий л дээ. Хэд хэдэн удаа сайхан үнэтэй хоол ч идлээ, сайн ресторонд ч орлоо. Би бол архи уудаггүй хүн. Намайг чинь мөнгөнд дургүй тэнэг өвгөн гэж байна гэсэн. Яахав дээ, тэнэг хүн тэнэгээрээ л дуусна биз. Тэнэгээрээ зүтгэсээр байгаад л ухаантай дарга нарын буруу шийдвэрийг шударга шүүхийн ачаар өөрсдөд нь ойлгууллаа. Багийн иргэдийн хурал зөвшөөрөхгүй гэж шийдэж байхад машин хөлслөөд, дарга нарыг архидуулаад хурал зохион байгуулах гэж 2 удаа ирц нь хүрэхгүй тарж байгаа юм. Саяхан ч ийм юм болсон.Дахиад л яригдах байлгүй дээ. Мөнгөтэй улсууд чинь хэцүү юм. Гуйлгачин болж төрнө гэдэг гутамшиг гэдэг л болох юм. Боловсрол муутай ард иргэд зальтай дарга нарын идэш болох гээд байна. Та нар миний саяын хэлсэн үгэнд итгэх үү. Миний заргалдсан хэргээс 3 сарын өмнө багийн иргэдийн хурлыг хүчээр хийх гэж эрх мэдэлтнүүд зүтгэсэн. Иргэд ингэж хохирч байна. Үүнийг хамгаалж өгдөг шударга шүүх байгаад маш их баярлалаа. Өнөөдөр миний бодол биелэлээ олсонд би баяртай байна. Архангайн шүүхийн Одонтуяа шүүгч шударгаар шийдвэр гаргаж, нааш залсанд би өнөөдөр ингэж явна. Тэгээгүй бол надад их хэцүү байсан. Гэхдээ би ялагдаад байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч дээр хүртэл орно гэж бодож байсан. Шүүхийн шинэчлэл цаг үеэ олоод, төр түмний эрх ашгийн төлөө зөв зүйтэй сайхан хэрэгжиж байгааг өвгөн би бахархалтайгаар мэдэрлээ. Тэр олон удаагийн шүүхээр дарга нарыг ялах шийдвэрийг миний талд гаргаж, шат шатанд шударга шийдвэр нь батлагдсан шүүх Монгол улсад байгаад би насандаа баярлаж явна. Жирийн малчин намайг ажлын цагаасаа хумслан хүлээн авч үгийг минь сонссон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, эрдэмтэн профессор Н.Лүндэндорж гэж талбиун ухаантай, элэгсэг яриа хөөрөөтэй, эгэл даруухан эрхэмд болон хамт олон та бүхэнд нь шүүгч, шүүхийн ажилтнуудад гүн талархал илэрхийлье. Надад тохиолдсон шударга ёсны тууштай тэмцэл минь миний үр удам төдийгүй Монгол хүн бүрийн шударга шүүхээр бахархах баяр бахдал гэж хувьдаа үзэж байна. Магадгүй би шүүхээр ялагдсан бол энд биш, гудамжинд \"Шүүх ийм шударга бус” гээд хашгичаад явж байхыг үгүйсгэхгүй. Шүүгчид хүнд хүчир ажилд нуруугаа авахуулсан морь шиг зүтгэдэг хирнээ ганц дулаан үг сонсохгүй бол дэндүү шударга бус. Тиймээс би бодит байдлыг ярьж, сэтгэлээ хөнгөллөө.


Ярилцсан таньд баярлалаа.


 

Ш.Отгонцэцэг

. . .