Хараат бус шүүх: Өмнө ба одоо
2024-11-23 | 77\"Социализмын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрчээ” гэдэг шиг ардчиллын жилүүдэд шүүхийн хэрэгцээ эрс нэмэгджээ. Бидний багад \"Хэн гуайн хүү айлын мал хулгайлаад тэдэн жилийн ял авчээ”, эсвэл \"Доржийн хүүхэд хүний толгой хагалаад тэдэн сар баривчлагдаж гэнэ” л гэж сонсогддог байв. Нэг ёсондоо шүүх гэдэг хууль ёсыг сахиулдаг гэхээсээ илүү хорьдог, шийтгэдэг, залхаан цээрлүүлдэг байгууллага юм гэж ойлгогддог байсан бол өнөөдөр \"шүүх гэдэг чинь шударга ёсыг сахиулдаг, хүний зөрчигдсөн эрхийг сэргээдэг байгууллага юм байна” гэж ойлгох хэмжээнд хүрчээ. Танилдаа зээлсэн мөнгөө эргүүлж авахын тулд, эсвэл ажлаас гэнэт халагдсан нэг нь ажлын байраа эргүүлж авахын тулд, хоёр компани хоорондоо гэрээ хийгээд аль нэг нь гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй бол асуудлаа шүүхээр шийдүүлдэг болсон байна. Энэ мэтчилэн бидний өдөр тутмын амьдралд шүүх оролцоо нэмэгдэж, тэр хэрээр олон нийт шүүхийн шийдвэрийн шударга, шударга бусын тухай шүүн хэлэлцэх болж.
Ердөө арав хүрэхгүй жилийн өмнө шүүхэд итгэх иргэдийн итгэл 20 хувьтай байж. Шүүхээр явсан таван хүний дөрөв нь шүүхэд гомдолтой үлддэг гэсэн үг. Тэр тоолонд \"Шүүх шударга үнэний талд биш, мөнгөтэй, эрх мэдэлтэй талд үйлчилдэг. Ядарсан иргэдийн хувьд шүүх бол давж болшгүй даваа юм байна” гэсэн гомдол, шүүмжлэл тасарддаггүй байлаа. Харин өнөөдөр иргэдийн шүүхэд итгэх итгэл 50-60 хувьд хүрчээ. Өнгөрсөн хөвөр ШЕЗ-өөс шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн дунд санал асуулга явуулаад \"Шүүхэд итгэх иргэдийн итгэл 60 хувьд хүрчээ. Харин шүүхээс үйлчлилгээ аваагүй боловч дам мэдээлэл авсан хүмүүсийн 80 хувь нь шүүхэд итгэж байна” гэсэн үр дүнг сэтгүүлчдэд танилцуулж байв. Монголын шүүхийг судалж, хараат бус үнэлгээ дүгнэлт өгөхөөр ирсэн Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ шинжээчдийн баг манай ШЕЗ-өөс танилцуулсан судалгааны энэ үр дүнг үзээд нүд нь орой дээрээ гарч \"Дэлхийд хамгийн нэр хүндтэй Германы шүүх ч ийм их итгэл хүлээдэггүй. Шүүхэд итгэх Германы иргэдийн итгэл хэзээ ч 50 хувиас дээш гарч байгаагүй” хэмээн эргэлзэж байлаа.
Гэвч Монголд хоёр сар ажиллаж, Хууль зүйн яам, гурван шатны иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхүүд, ШЕЗ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Хуульчдын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт, ярилцлага хийж, асуулга явуулж, шүүхүүдийн үйл ажиллагааг газар дээр нь шинжлэн судалсныхаа дараа судалгааны багийнхан \"Монгол Улсын шүүхийн шинэтгэл нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна” гэдэг дүгнэлтэд хүрчээ. Монголын шүүх нээлттэй, хүртээмжтэй, шударга ажиллаж чадаж байна уу гэдгийг тогтоохын тулд энэ чиглэлээрх хууль тогтоомж нь хэр боловсронгуй болсон, шүүгчийн ёс зүйн дүрэм нь олон улсын түвшинд хэр нийцсэн, Мэргэшлийн хороо нь хэрхэн ажилладаг, шүүхийн дэд бүтэц, ажиллах орчин, бие даасан байдал хангагдаж чадсан эсэх гэх мэт олон хүчин зүйлсийг хамруулсан 300 орчим асуултыг манайханд тавьсан байна. Үр дүн нь энэ. Чамлахаар чанга атга...
Өнгөрөгч мягмар гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүд дээр ажиллаж, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзав. Шүүхийн хаалгаар ороход үүдэнд нь шүүхийн офицер ёсолж, хананд өлгөсөн зурагтаар дотор танхимд болж байгаа шүүх хуралдааныг шууд дамжуулж байлаа. Дурын иргэн шүүхийн үүдээр ороод шүүх хуралдааны явцыг шууд харж болдог цаг үе ирсэн. Монгол Улсын 115 шүүх бүгдээрээ шүүх хуралдааныг нэг бүрчлэн бичиж, бичлэгийг архивладаг болсон учраас хэвлэл мэдээлийнхний хувьд ч гэсэн шаардлагатай мэдээллээ авахын тулд тухайн шүүхэд албан ёсоор хүсэлт гаргахад л болох юм. Энэ тал дээр хэргийн оролцогч нараас дутахааргүй эрхтэй болсон гэсэн үг.
Олзуурхах нь, Монголын шүүхийн хэмжэээнд шүүхийн стандарт, шаардлагыг хангасан шүүх хуралдааны танхим ганц энэ шүүхэд байдаг юм билээ. Танхимын талбайн гуравны нэг нь олон нийтэд зориулагдсан. Танхим гурван хаалгатай. Нэг хаалгаар шүүх бүрэлдэхүүн, нөгөө хаалгаар хэргийн оролцогч, гурав дахь хаалгаар шүүх хуралдааныг сонирхох олон нийт ордог юм байна. Одоо цагт хэргийн оролцогчид шүүх хуралдаанд биечлэн оролцохоос гадна онлайнаар оролцож болдог болсон. Давж заалдах шатны шүүх жишээ нь хорих 461 дүгээр ангитай онлайнаар холбогдож шүүх хуралдаан явуулах боломжтой болсон байна. Хөдөө аймгуудаар явж байхад ч ялгаагүй, алслагдсан зарим сумдаас шүүхийн оролцогч нь биеэр ирэх шаардлагагүйгээр сум дундын шүүхээсээ шууд аймгийн шүүхтэй холбогдон шүүх хуралдаанд онлайнаар оролцдог болсныг харж байлаа.
Ерөнхийлөгчийн хувьд шүүхийн шинэтгэлийг гардан эхлүүлж, хоёр бүрэн эрхийн хугацаанд сэтгэлээ чилээж ажилласны хувьд өнгөрсөн хугацаанд шүүх яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг газар дээр нь очиж, гараар тэмтэрч үзэх гэсэн нь зүй биз. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч санаачлан шүүхийн тухай таван хуулийг УИХ-аар батлуулсан. Гэвч шүүн таслах ажиллагаанд хэрэглэгддэг дахиад таван хууль /Эрүү, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай/ УИХ дээр гацчихаад байгаа нь \"Бурхнаа бүтээчихээд шүншгээ мартсантай адил юм” гэдгийг Ерөнхийлөгч энэ үеэр сануулав. Олзуурхууштай нь УИХ-ын дарга М.Энхболд эдгээр таван хуулийг энэ намрын чуулганы хугацаанд дахин засварлаад батлуулна гэдэг амлалт аваад байгаа юм билээ. Харин ямар засвар өөрчлөлт орох, юу гээгдэж, юу нэмэгдэх нь тухайн цаг үедээ яригдах асуудал биз.
Хөндлөнгийн шинжээчдийн зүгээс ямар ч байсан Монгол Улс нь шүүхийн бие даасан байдлын талаарх олон улсын стандартуудын дийлэнх хэсгийг хууль тогтоомжийн хэмжээнд тусгасан, тэр нь шүүхийн практикт хэрэгжиж байна гэж дүгнэжээ. Шүүгчдэд хэрэг хуваарилах процесс ямар нэгэн хөндлөнгийн нөлөөгүйгээр программчлагдаж, хугацааны дарааллаар, тохиолдлын журмаар хуваарилагдаж байгаа нь шүүгчийн хараат бус байдлын нэг том нотолгоо гэж үзсэн байна. Мөн нийслэл, дүүргийн шүүхийн шүүх хуралдааны танхимууд нь жижиг боловч шаардлага хангахуйц, хүндэтгэл төрүүлэхүйц, орчин үеийн сайн тоноглолтой, цахим систем нь найдвартай ажиллагаатай, шүүх хуралдааныг дүрс бичлэгээр шууд үзэх боломжтой, шүүхэд эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлсэн нь амжилттай хэрэгжиж, шүүхийн нэр хүндийг өсгөж байна гэжээ. Манайхны санааг хамгийн ихээр \"зовоодог” шүүгчийн цалингийн асуудлаар ч бас дуугүй өнгөрсөнгүй.
Судалгааны багийнхний хувьд шүүгчдийн одоо авч байгаа цалинг \"шүүгчийг эдийн засгийн хувьд хараат бус, бие даасан байх баталгааг тодорхой хэмжээнд хангасан” гэж үзсэн боловч өмнө нь хуулинд байсан \"шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн хэмжээг өмнөх оноос бууруулахгүй байх” заалтыг хуулиас авч хаясан нь ухралт болсон, шүүгчийн цалинг бууруулах нь шүүгчийн хараат бус байдлыг хязгаарлах хүчин зүйл мөн гэж үзсэн байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд сүүлийн хоёр жил дараалан төсөвтэй цуг яригдаж байгаа \"шүүгчийн цалинг бууруулах” асуудал дээр УИХ-ын олонхи гишүүд хүлээцтэй хандаж, одоо байгаа түвшинд нь үлдээсэн явдал нь шүүх засаглалын хараат бус байдал, эдийн засгийн баталгааг хууль тогтоогчдын түвшинд хүлээн зөвшөөрч эхэлсний илрэл хэмээн олзуурхана лээ.
Уулзалтын үер шүүгчдийн зүгээс дуугүй өнгөрч чадаагүй нэг зүйл бол шүүхийн тухай хуулийн зарим заалтууд Цэц дээр унаж, буцаж байгаа явдал. Үүнд санаа зовниж, Үндсэн хуульдаа шаардлагатай өөрчлөлтийг хийх тал дээр хууль санаачлагчийн зүгээс ямар нэг оролдлого хийх үү? гэдэг асуулт. Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудал дээр нэлээд буурьтай хандаж, \"Шүүхтэй холбоотой асуудал дээр Үндсэн хуулиараа оролдох биш, одоо байгаа хуулиуддаа шаардлагатай шинэчлэлт өөрчлөлтийг хийгээд, дутуу байгаа хуулиудаа батлаад явах ёстой. Аливаа шинэчлэлт, өөрчлөлт иргэнд хүрсэн, иргэн хүн ашиг тусыг нь хүртсэн байхад хэн гуай ч түүнийг ухрааж, буцааж чадахгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн.
Шүүхийн шинэчлэл, шүүхийн үйл ажиллагаа ил тод болсонтой холбоотойгоор боловсон хүчний асуудал ч мөн сөхөгддөг. Ердөө жилийн Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг телевизээр шууд дамжуулсан явдал түүний нэг тод жишээ. Хэдийгээр шүүх хурлыг нээлттэй явуулсан нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, шүүгчид олон нийтийн шахалт, дарамт очсон гэх боловч шүүгчдийн мэргэжлийн ур чадвар, мэтгэлцэх чадвар хангалттай хэмжээнд байгаагүйг олон нийт үнэлж дүгнэсэн шүү дээ. Хөндлөнгийн хараат бус шинжээчдийн өгсөн зөвлөмжид ч мөн шүүгчдэд мэргэжлийн сургалт эрэлт хэрэгцээтэй байна, дан ганц ШЕЗ-өөс зохион байгуулдаг 14 хоног тутмын сургалт хангалтгүй байна, шүүгчийг сонгон шалгаруулалтад орохын өмнө, сонгон шалгаруулалтын дараа ч гэсэн зургаан сарын хугацаатай үргэлжилсэн сургалтуудыг явуулах шаардлагатай гэсэн байдаг. Энэ бол тэдний зүгээс тавьсан дүн гэхээсээ илүү шүүхийнхний өөрөө өөрсөддөө өгсөн үнэлэлт, бас хэрэгцээ шаардлага юм.
Нэг үеэ бодоход шүүх нээлттэй, ил тод болсон. Шүүхээс үйлчилгээ авдаг иргэдийн тоо ч үргэлж нэмэгдэж байна. Тэр хэрээр шүүхийг тойрсон хэлэлцүүлэг, шударга, шударга бусын тухай яриа ч бас үргэлжилсээр байх нь гарцаагүй.
Б.СЭМҮҮН
Эх сурвалж: www.news.mn