Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт эхэллээ
2024-11-22 | 82 Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалт өнөөдөр Удирдлагын академид эхэллээ. Байгууллагыг удирдах, зохион байгуулах, үйл ажиллагааг төлөвлөх, хяналт шинжилгээ хийх, үнэлэх, үр дүнг тооцох, шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргах мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэх зорилготой уг сургалтад Улсын Дээд шүүх болон нийслэл, орон нутаг дахь нийт шүүхүүдийн Тамгын газрын дарга нар оролцож байна.
Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Удирдлагын академийн захирал С.Зүльфикар нар нээж үг хэлсэн юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлсэн үгэндээ \"Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тавьсан хүсэлтийг хүлээн авч 2017 оны сургалтын төлөвлөгөөндөө шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан сургалтыг төлөвлөн, хамтран ажиллаж байгаа Удирдлагын академийн хамт олонд талархал илэрхийлье” гээд сургалтад оролцогчдод амжилт хүслээ.
\"Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт”, \"Шүүхийн захиргааны байгууллагын үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт” сэдвээр Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн багш, доктор Т.Түмэнцогтоо, Эрх зүйн тэнхимийн багш, доктрант В.Удвал нар хичээл заав.
\"Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй”, \"Байгууллагын онцлогыг харгалзан олон нийттэй харилцах ажлыг төлөвлөх нь”, \"Ажил олгогч шийдвэрээ хууль зүйн үндэслэлтэй гаргах нь”, \"Байгууллагын үйл ажиллагаанд системийн шинжилгээ хийх нь” зэрэг сэдвээр хоёр дахь өдрийн сургалт үргэлжилнэ. Дараагийн өдөр хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлага болон \"Багийн менежмент, стессийг удирдах арга”, \"Удирдагч хүний маркетинг” зэрэг сэдвээр Удирдлагын академийн багш нар хичээл заана.Суралцагчид 24 цагийн танхимын сургалтад 2017 оны 03 дугаар сарын 13-15-ны өдрүүд 3 хоногийн турш хамрагдаж, төрийн удирдлагаар мэргэшин суралцах юм.
Дараа нь Тамгын газрын дарга нар Дорноговь аймгийн Сайншанд суманд үзүүлэх сургалтад хамрагдаж, туршлага судлах юм. Тодруулбал, Дорноговь аймаг дахь Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг гамшиг ослын үе болон шүүхийн гадна олон нийтийг хамарсан үймээн самууны үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар үзүүлэх сургалт хийнэ.
Мөн яллагдагч, шүүгч, ялтанг хуяглан хүргэх, шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн аюулгүй байдлыг хангах сургалт явуулж кейс ярилцлага хийхээр төлөвлөжээ. Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны тайлантай танилцсанаар сургалт өндөрлөнө.
Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэн