Эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2024-11-22 | 78 Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн түүхт ойд зориулсан \"Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр (2017.03.30) Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шүүгчид болон Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, хуульчид болон өмгөөлөгчид оролцлоо.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Ц.Давхарбаяр нар \"Иргэний хуулийн өмчлөх эрхийн зохицуулалт, салбар хуулиудын уялдаа холбоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, өмчлөл эзэмшилтэй холбоотой шаардах эрхийн үндэслэлийг шүүхээс тайлбарлан шийдвэрлэж байгаа нь ялгаатай, нэхэмжлэл нь материаллаг хуулийн өрсөлдөх хэм хэмжээг зөв үндэслэдэггүй зэрэг асуудал практикт байгааг илтгэлийн эхэнд танилцууллаа.
Мөн шүүх нэхэмжлэлийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлд хамаарах заалтыг буруу тайлбарлан хэрэглэх хандлагатай байгааг ч хэлсэн юм. Өмчлөл нь эрх зүйн асуудлаас шалтгаалах бол эзэмшил зөвхөн бодит үйлдэл, фактыг үндэслэн нотлогддог, эзэмшлийн зохицуулалтыг шууд утгаар нь өмчийн зохицуулалттай хамтад нь хэрэглэх боломжгүй гээд хөрөнгийг өмчлөгчөөс шилжүүлэн авч эзэмшиж байгаа нь эзэмшлээ тогтоолгох үндэслэл болохгүйг илтгэлд дурьдлаа. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийн хувьд хөрөнгийн байдлыг эрхтэй холбогдуулж дүгнэх, хөдлөх хөрөнгийн хувьд хүн рүү нь, өмчлөл эзэмшилдээ хэдийд олж авсан, олж авсан нь хэрхэн нотлогдож байгааг авч үзэх шаардлагатайг онцлоод хуулиудын уялдаа холбоо, хэрэглээний талаар тайлбарласан юм.
\"Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагчийн шаардах эрхийн өрсөлдөөн” сэдвээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр илтгэл тавив. Анхны үүрэг гүйцэтгэгч болох арилжааны банк, орон сууцны зээлийг худалдан авсан тусгай зориулалтын компани хоёрын аль нь шаардах эрхтэйг тэрбээр илтгэлээрээ хэлэлцүүллээ. Шаардах эрх нь ипотекийг зайлшгүй дагах ёстой. Тиймээс анхны үүрэг гүйцэтгэгчид тусгай зориулалтын компанид худалдсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхгүй гэдэг дүгнэлтэд хүрснээ тэрбээр танилцуулав.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн ухааны доктор Ж.Оюунтунгалаг \"Гэм хорын тусгай төрөл: эзэмшигчийн хариуцлага” сэдвээр тавьсан илтгэлдээ эзэмшигчид хариуцлага тооцуулахад нэхэмжлэл тодорхой бус, нотлох үүргийн хуваарилалт ойлгомжгүй байдаг шүүхийн практикийг жишээ болгосон юм. Насанд хүрээгүй иргэн, эрх зүйн чадамжгүй хязгаарлагдмал, ажилчин, төрийн албан хаагчийн өмнөөс тодорхой үүрэг хүлээх болон барилга байшин, тээврийн хэрэгсэл, аюултай үйл ажиллагаа, амьтан зэрэг мэдэлдээ байлгаж байгаа эзэмшигчийн гэм бурууг нотлох, чөлөөлөх хууль хэрэглээний талаар тайлбарлалаа.
Интернэтийн орчинд зохиогчийн эрхийг хамгаалах асуудалд нарийн мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай байгааг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон илтгэлдээ онцоллоо. Энэ төрлийн маргааны шинэ хандлагыг шүүхийн статистикаар тайлбарлаж иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүйн хамгаалалтыг хэлэлцүүлсэн юм.
Дараа нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа, бизнесийн эрх зүй судлаач Т.Төгсжаргал нар \"Даатгалын харилцаан дахь регрессийн шаардлага” сэдвээр илтгэл тавив. Буруутай этгээд нас барсан тохиолдолд өв залгамжлагчид регрессийн шаардлага гаргаж болох эсэх, буруутай этгээд албан үүргээ гүйцэтгэх явцдаа хохирол учруулсан тохиолдолд албан байгууллага ямар үндэслэлээр хариуцлага хүлээх, регрессийн шаардлагын хэмжээ хэрхэн нэмэгдэж, хасагдах зэрэг шийдвэрлэх асуудал практикт байгааг онцоллоо.
Гэрлэлт цуцлахтай холбоотой маргаанд хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Ц.Алтанцэцэг нар \"Гэрлэлт цуцлахтай холбогдох хүүхдийн эдийн бус баялагийн эрх” илтгэлээрээ хэлэлцүүлэв. Тухайлбал, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэхээс үл хамаарч тэтгэлгийг заавал тогтоож байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа танилцуулсан юм.
Эрдэм шинжилгээний бага хуралд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нар \"Ажилгүй байсан хугацааны олговрын эрх зүйн мөн чанар, эдийн засгийн үр дагавар” сэдвээр мөн илтгэл тавилаа.
Зочид илтгэгчдээс асуулт асууж, хурлын төгсгөлд нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс