“Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн”-г хэлэлцлээ
2024-11-22 | 77Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Хууль зүйн үндэсний хүрээлэн \"Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” судалгаа хийжээ. Уг ажлын нэг сэдэв болох \"Шүүхийн шинэтгэлийн үр дүн, хэрэгжилт” судалгааны тайланг өнөөдөр /2017.03.31/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт судалгаа хийсэн баг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, шүүгчид, Хууль зүй, дотоод хэргийн яам, \"Монголын хуульчдын холбоо” ТББ, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Алтансүх судалгаагаа 1993-2002 он, 2002-2012 он, 2012 оноос хойш хийгдэж буй шинэтгэл гэсэн агуулгын хүрээнд хийснээ танилцууллаа.
Шүүхийг шинэтгэх гарцаагүй үндэслэл, шаардлага байсан тухайд
-2007 онд \"Сант Марал” сангийн улсын хэмжээнд иргэдийн шүүхэд итгэх итгэлийн талаар хийсэн судалгаагаар Монголчуудын дөнгөж 28 хувь нь шүүхэд очсон тохиолдолд асуудлаа шударгаар шийдүүлж чадна гэж итгэдэг, 85 хувь нь шүүх хөрөнгө чинээ, төрийн албан тушаал,
садан төрлийн болон найз нөхдийн холбоо, компани уу, хувь хүн үү гэдгийг харж шийдвэр гаргадаг гэж үзсэн.
-2008 онд \"Нээлттэй нийгэм” форумаас явуулсан судалгаанд \"Шүүхийн шийдвэрт улс төр, төрийн өндөр албан тушаалтан, бизнесийн бүлэглэл, хөрөнгө чинээтэй хүмүүсийн нөлөөлөл газар авсан мөн шүүх дотор шүүгчийн шийдвэрт нөлөөлдөг хэсэг бүлэг бий болсон буюу \"Утасны болон уулзалтын эрх зүй” зэрэг хуулиас давсан үзэгдлүүд гарах болсон.
-Түүнчлэн Профессор Н.Лүндэндорж, Ч.Өнөрбаяр нарын судлаачид дараах дүгнэлтийг хийж байсан.
Үүнд:
- Шүүх эрх мэдэл бусад эрх мэдэлтэй хяналт, тэнцвэртэй болж чадаагүй;
- Шүүх бие даасан, шүүгч хараат бус байх нөхцлийг хангаж, хамгаалсан шүүхийн эрх зүй бүрэлдээгүй;
- Шүүхийн хүний нөөц, түүний чадвар, хариуцлагын хомсдол бий болсон;
- Шүүх, хуулийн байгууллагын тогтолцооны зөрчилт байдал нь шүүхийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна;
- Шүүх эрх мэдлийн төсвийн хомсдол нь шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг алдагдуулж байна;
- Ерөнхий шүүгч нарт ногдуулсан захиргааны чиг үүрэг нь шүүгчийн хараат бус байдлыг шүүх дотроосоо алдагдуулахад хүрсэн байна гэж дүгнэснийг танилцууллаа.
Шүүхийн шинэтгэлийн эхний үе буюу 1993-2002 онд анх Шүүхийн тухай болон Шүүх байгуулах тухай хуулиуд батлагдсан, шүүхийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдсөн, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсан гэж үзжээ. Улмаар 2002-2012 онд \"Шүүхийн тухай хууль”, \"Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, \"Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль”, \"Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр
лэх тухай хууль”, \"Эрүүгийн байцаан шийтгэх хууль” зэрэг хуулиудыг батлан хэрэгжүүлсэн, 1993 онд хэрэгжиж байсан шүүхийн тогтолцоог өөрчилсөн байна. Мөн 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр \"Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” батлагдсанаар Монгол Улсад анх удаа захиргааны хэргийг дагнан шийдвэрлэх бүрэн эрх бүхий шүүх 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн асуудал эрхэлсэн Сайд байхаар тусгасныг өөрчилж, ШЕЗ-ийн даргын албыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хавсруулах байдлаар хуульчилсан гэдгийг танилцууллаа.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэл эхлүүлэх үеэс буюу 2012 оноос хойших шинэтгэлийг Шүүхийн тухай багц хууль батлагдсантай холбогдуулан дэд сэдвүүдийн хүрээнд судалжээ.
Шүүх дагнаснаар шүүгчид мэргэшсэн
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийг дагнасан тогтолцоотой болгосноор шүүгч мэргэшиж, ажлын ачаалал буурах эерэг үзүүлэлт гарчээ. Гэхдээ шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийд гаргахдаа хууль тогтоомжийн үр нөлөөг хангалттай судлаагүйгээс хэрэгжилтэд хүндрэл учирсан гэж үзсэн байна.
Шүүхийн бие даасан байдал сайжирсан
2012 оноос хойш хийсэн шүүхийн шинэтгэлээр шүүхийн бие даасан байдал, тэр дундаа шүүхийн эдийн засгийн баталгаа сайжирсан талаар судалгаанд онцоллоо. Энэ нь шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан, Шүүхийн багц хуулиудад эдийн засгийн баталгааг хангах талаарх зохицуулалт тусгасантай холбоотой гэж дүгнэсэн байна. Гэвч хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлээс шүүхийн төсвийг бууруулах ёстой гэсэн хандлага хэвээрээ байгаа. Тухайлбал, Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д \"Шүүхийн үйл ажиллагааны төсвийг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглоно”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д \"Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгосон нь шинэтгэлээсээ ухарсан алхам болсон гэж үзжээ.
Шүүхийн бие даасан байдлыг хангахын тулд шүүхийн төсвийн хэмжээний улсын төсөвт эзлэх хувийн доод хэмжээг 1 хувиас дээш болгож хуульчлах, дээр дурьдсан хуулийн заалтуудыг буцаан сэргээх, шүүхийн төсвийг үндэслэлгүйгээр бууруулахаас сэргийлсэн зохицуулалтыг хуульд оруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний ёс зүйн дүрмийг батлах, шүүхийн захиргааны зарим чиг үүргийг хороодоор дамжуулан хэрэгжүүлэх талаар судлах санал гаргаснаа танилцууллаа.
\"Нөлөөллийн мэдүүлэг”-ийг сурталчлахыг зөвлөв
Шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн том шинэчлэл нь \"Нөлөөллийн мэдүүлэг” гэж дүгнэснээ судалгааны баг танилцууллаа. Тиймээс \"Нөлөөллийн мэдүүлэг”-ийг сурталчилж, дэлгэрүүлэхийг зөвлөжээ. Мөн шүүгчийн цалинг тогтоохдоо инфляцийн түвшинтэй уялдуулах, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-ыг сэргээж хуульчлах, шүүгчийн мэргэжлийн хариуцлагын асуудлыг нэг байгууллага шийдвэрлэх талаар санал гаргажээ.
Шүүгчийн сонгон шалгаруулалт шинэ шатанд гарсан
Судалгааны баг ингэж дүгнэсэн байна. 2012 оноос өмнөх үетэй харьцуулахад шүүхийн хүний нөөц нэмэгдсэн, шүүгчид нэр дэвшигчийн бүрэлдэхүүнийг өргөтгөсөн, шүүгчийн сонгон шалгаруулалт, шалгалтын талаарх мэдээлэл ил тод болсон зэрэг үр дүнг онцоллоо.
Нууцтай холбоотой шийдвэрийг ил тод мэдээлж байгааг анхаарахыг сануулав
Шүүхийн ил тод, нээлттэй байдал бүрэн хангагдсан гэдгийг судалгааны дүн хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ шүүхий
н шийдвэрийг ил тод, нээлттэй болгохдоо хувь хүн, байгууллага, төрийн нууцыг анхаарах санал гаргалаа. Тухайлбал, хувь хүн, байгууллагын нууц, гэр бүлийн хүрээний маргаантай холбоотой шийдвэрийг олон нийтэд нээлттэй, ил тод байрлуулах нь зохистой эсэхэд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзжээ.
Хуулийн байгууллагуудын нэгдсэн цахим сүлжээг сайшаав
Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгосон нь шүүхийн шинэтгэлийн том үр дүн гэж дүгнэжээ. Мөн шүүх эрх мэдлийн хүрээний бусад байгууллагын эдийн засгийн баталгааг хангах шаардлагатай гэдэг санал гаргасан байна.
Н.Лүндэндорж: Хөндлөнгийн судалгаануудаар шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилсэн
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Философийн ухааны доктор, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж \"Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн” судалгааны тайлантай танилцаж, хөндлөнгийн дүгнэлт хийснээ танилцуулсан юм. Ингэхдээ \"Хөгжлийн эрэлд” судалгааны төвийн 2015 онд хийсэн судалгааны дүн, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн \"Шүүхийн цогц зураглал” (2016), \"Нээлттэй нийгэм форум”-ын \"Иргэдийн эрх зүйн чадавхийн өнөөгийн байдал” (2016) зэрэг судалгааны дүн нь \"Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад дэмжлэх үзүүлэх нь” судалгааныхтай ханатай байгааг олзуурхлаа. Өөрөөр хэлбэл, гадаадын болон дотоодын экспертийн үнэлгээ дүйцэж байгааг хэллээ. Шүүхэд итгэх иргэдийн итгэл 2015 оны судалгаагаар 81.4, 2016 оны судалгаагаар 69.1 хувьтай гарсныг мөн танилцууллаа.
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хийсэн \"Шүүхийн цогц зураглал” судалгаагаар Монголын шүүхийг бүрэн нээлттэй болсон, хууль тогтоомжууд нь олон улсын стандартад бараг нийцсэн гэж дүгнэсэн нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хийсэн судалгаатай таарч байгааг онцолсон юм.
Н.Лүндэндорж профессор \"Шүүхийн шинэтгэл: 10 үр дүн” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Шүүхийн тогтолцооны шинэтгэл нь мэргэшсэн шүүх, шүүгчийг бий болгосон бөгөөд хөдөлмөрийн хуваарь, шийдвэрийн чанар, шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдсан зэрэг ач холбогдлыг тодотгоод, шүүхийн бие даасан байдал нь институт, нөөц, чиг үүрэг, бүтцийн, эрх хэмжээний хувьд хангагдсан гэдгийг тайлбарлалаа.
Шүүгчийн хараат бус байдлын эрх зүйн хамгаалалт хангалттай хийгдсэн гэдгийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар батлагдаж байгаа. Мөн даатгалаар нийгмийн хамгаалал хийсэн, шүүгч зөвхөн шүүн таслах ажлаа хийх боломжоор хангаснаар ажлын хараат бус байдал хангадсан гэдгийг хэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны ажлыг хариуцаж, шүүгчдэд үйлчилж байгаа учраас бие даасан хамгаалагчтай болсон гэж үзэх үндэслэлтэйг мөн тайлбарласан юм.
Судалгааны тайланд дурьдсан шүүгчийн цалинг инфляцитай уялдуулах, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 заалтыг буцааж сэргээх зэрэгтэй санал нийлж байгаагаа мөн дурьдлаа.
Шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийн хүрээнд сонгон шалгаруулалт хүнээс бага хамааралтай болсон, шүүгчийн орон тоо 60 хувиар нэмэгдэж 145 шинэ шүүгч нэмэгдсэн, шүүгч болох өрсөлдөөн нэмэгдсэн, шүүгчийн сургалт шинэ түвшинд гарсан зэрэг үр дүнг танилцуулсан юм. Цаашид шүүгч сонгон шалгаруулахдаа мэдлэгээс гадна ур чадвар, хүнийх нь зан байдлын хувьд дүгнэх олон улсын жишгийг дагах шаардлага байгааг мөн онцлов.
Шүүхийн эдийн засгийн хувьд байр, дэд бүтэц асуудалтай байгааг онцолж байлаа
Шүүхэд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ шинээр нэмэгдсэнээр иргэдийн дунд энх тайванч уур амьсгал бүрдэж, шүүхийн ачаалал буурсан ач холбогдолтойг танилцуулсан юм. Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх нь үйлчлүүлэгчийн хувьд эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна, маргалдагч талтайгаа эвлэрдэг ач холбогдолтойг онцоллоо.
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн аюулгүй байдлыг тэтгэврийн насны хүмүүс хамгаалдаг байсныг халж мэргэжлийн хүмүүс хариуцдаг болсон үр дүнг мөн танилцуулсан. Гэхдээ Тахарыг татан буулгасан нь шинэтгэлээсээ ухарсан ухралт болсныг мөн дурьдлаа. Тахарын үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн. Үүргийг хангалттай биелүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс удаа дараа хандаж байгааг мөн танилцууллаа.
Эцэст нь шүүхийн шинэтгэлийн эдгээр олон үр дүнд шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилсан бөгөөд энэхүү итгэлийг шүүгч шийдвэрээрээ хамгаалах шаардлагатай байгааг мөн онцолсон юм.
Хэлэлцүүлэгт оролцогсод судалгааны тайлантай холбогдуулж саналаа хэлэв
\"Нээлттэй нийгэм форум” ТББ-ын менежер П.Бадамрагчаа шүүх, хуулийн байгууллагын үйл ажиллагааг судалдаг залуу судлаачдын багийг бэлтгэж, олон улсын аргачлалаар судалгаа хийж байгаа тухайгаа танилцуулсан юм.
\"Монголын хуульчдын холбоо”-ны ерөнхийлөгч Б.Гүнбилэг шүүгчийн сонгон шалгаруулалтын нээлттэй байдалд анхаарал
хандуулахаа хэллээ.
Хэлэлцүүлэгт иргэдийг төлөөлөл болж ирсэн Үлэг гүрвэлийн музейн захирал Н.Жавзмаа шүүх шинэчлэгдэж байгаа эсэхийг эцсийн дүндээ иргэд хамгийн үнэн бодитой дүгнэхийг онцлоод, эгэл жирийн иргэддээ үйлчилгээ нь чиглэдэг болсныг үйлчлүүлж байж мэдэрснээ илэрхийлж, шударга шүүхэд, шүүгчдэд амжилт хүсэхдээ \"Шүүгчийн мэдлэг, чадвар шинэ түвшинд гарч, шүүхэд үйлчилгээний соёл нэвтэрснийг хэрэг маргаанаа шийдүүлсэн иргэний хувьд сайшааж байна” гэв.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс