\"Шүүгчийн ёс зүй ба сахилга\" олон улсын бага хурал болж байна
2024-11-22 | 75\"Шүүгчийн ёс зүй ба сахилга\" сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр \"Blue sky\" зочид буудлын \"Кристал\" танхимд 09.00-16.00 цагт болж байна. Энэхүү олон улсын бага хурлыг Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сан, Канадын хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа юм. Олон улсын бага хуралд УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны болон дүүргийн шүүхүүд, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сан, Канад улсын Элчин сайдын яамны хөгжлийн хөтөлбөр, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагуудын нийт 149 төлөөлөгч оролцлоо.
Тус хурлын нээлтэд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, Канадын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Брюс Стийн, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Эдвард Андерсон нар үг хэллээ. \"Шүүгчийн ёс зүйг, онолын болон практик талаас нь авч үзэх нь\" сэдвээр Японы Токио хот дахь Мэйжи их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх судлалын профессор Ясүтомо Моригива илтгэл тавилаа. Дараа нь \"Монгол Улс дахь шүүгчийн сахилгын процедур: амжилт ба сорилт” сэдвээр Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан илтгэл тавьсан юм. Түүнчлэн \"Шүүгчийн ёс зүй, сахилга: Канадын туршлага” сэдвээр Канадын Нова Скотиа мужийн Дээд шүүхийн шүүгч, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны дарга, Канадын Дээд шүүхийн шүүгчдийн холбооны гишүүн Роберт Врайт илтгэл тавив. Мөн \"Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрэм, хэрэгжилт, анхаарах зарим асуудал” сэдвээр Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан В.Жавхлан илтгэл тавилаа. Илтгэлийн сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг хийж, асуулт хариулт өрнүүлснээр Олон улсын бага хурлын эхний шат өндөрлөлөө.
Үдээс хойш \"Ер нь яагаад үнэнийг хэлэх ёстой вэ?” сэдвээр МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн зочин профессор, философийн доктор Сэбастиан Лалла, \"Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэр: үр нөлөө, дүн шинжилгээ” МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор, хууль зүйн доктор А.Бямбажаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг \"Шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил\" болгон зарласантай холбогдуулан Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сантай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд шүүгч ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзвэл Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргах эрхийн тухай, Шүүхийн ёс зүйн хорооны магадлал, ЗХДЗШ-ны шүүхийн магадлал, УДШ-ийн тогтоолыг эмхэтгэл болгон гаргахаар болсон. Түүнчлэн энэхүү Олон улсын бага хурлыг зохион байгуулснаар шүүхийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүгчийн ёс зүйн асуудал, түүнтэй холбоотой шийдвэрийг судлаач, эрдэмтдийн судалгааны эргэлтэд оруулах, олон нийтийн хяналтыг тогтоох, шүүхийн практик судлалд хувь нэмэр оруулахаас гадна, шүүгчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалтын гарын авлага болгон хэвлэх юм байна. Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэгжсэн 2013-2016 оны хооронд давхардсан тоогоор 1153 шүүгчид холбогдох 770 гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо хүлээн авч, хянан шалгах ажиллагаа явуулж 80 гаруй хувийг сахилгын хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэжээ. Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл ногдуулсан магадлалд давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх хянаж Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл ногдуулсан 6 магадлалыг хүчин төгөлдөр гэж үзсэн байна.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс