-1

Шүүх хуралдааны “Ногоон танхим”-ын нээлт боллоо

2024-11-22    |   79

-Монгол Улсын шүүх дэлхийн жишигт нийцсэн хоёр танхимтай боллоо-


Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох \"Ногоон танхим” (Green hall)-ыг иж бүрэн тохижуулж, өнөөдөр нээлт хийлээ. Уг жишиг танхим нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн бөгөөд 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй юм.

\"Шүүх 

\"Green hall” танхим нь шүүх хуралдааны танхим, хүлээлгийн хэсэг, зөвлөлдөх тасалгаа, сервер, ажиглагчийн өрөөтэй. Шүүх хуралдааны танхим нь шүүгчдийн индэр, хэргийн оролцогчид болон иргэдийн хэсгээс бүрдэнэ. Хүлээлгийн хэсэгт шүүх хуралдааны явцыг лед дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын ширээг чанга яригч, шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд хянах болон нотлох баримт шинжлэн судлахад зориулсан нотлох баримтын камераар тоногложээ.

\"Шүүх 

21 аймаг дахь шүүхтэй цахимаар холбогдсон \"Ногоон танхим” нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулснаараа ач холбогдолтой. Орчин үеийн төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосноос гадна хэргийн оролцогчид болон ажиглагчид шүүх хуралдаанд тав тухтай оролцох, тохилог орчинг бүрдүүлж, эерэг сэтгэгдэл төрүүлэх үүднээс танхимын хана, багана, тавилгыг ногоон өнгөөр засчээ.

 

\"\"Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж \"Green hall” танхимыг нээж хэлсэн үгэндээ \"2017 онд шүүхийг үйлчилгээний байгууллага гэдгийг бататгах зорилгыг Шүүхийн ерөнхий зөвлөл тавьж ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд шүүхээс үйлчилгээ авдаг олон нийтээс булааж авсан орон зайгаа буцааж олгох ажил хийсэн. Монгол Улсын бүх шүүх ийм зохион байгуулалт хийсэн. Шүүх үйлчилгээний байгууллага гэдгийг нотолж, шүүх хуралдааны энэ танхимын ихэнх орон зайг олон нийтэд зориулсан байгаа. Хүлээлгийн танхимын том орон зайг ч иргэддээ зориулсан. Шүүхийн орон зайг иргэддээ зориулахаас гадна үйлчилгээний чанарын олон асуудал бий.

 

\"Green hall” танхим нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тохижуулсан олон улсын жишигт нийцсэн хоёр дахь танхим. Монгол Улсын шүүгчид энэ хоёр танхимаас доогуур тохижуулсан танхимд шүүх хуралдаан явуулахгүй байгаасай гэдэг үүднээс \"Жишиг танхим” гэж тодотгож байгаа юм. Нөгөө талаар шүүгчдийн оюун санааны том хэрэгцээг бий болгож, шүүхийн захиргааны байгууллагаас шүүх хуралдаан явуулах боломжийг хангасан танхим шаардах боломжийг олгохыг зорьсон.

 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл дөрөв дэхь жилдээ хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийн төсөвгүй байгаа ч хэмнэлтийн зарчмаар ажиллаж хоёр жишиг танхим байгууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийг 2013 онд байгуулахад Монголын шүүгчид шүүх хуралдаанаа өрөөндөө хийж байсан. Тэр цаг үе ард үлдэж, шүүгчид дэлхийн жишигт нийцсэн танхимд шүүх хуралдаанаа хийж байгаа нь Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэлийн үр дүн.

 

Шүүх хуралдааны танхим шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын маш чухал хэрэглэгдэхүүн. Ийм танхимд орсон шүүгч, хэргийн оролцогчид оюун санааны түвшинд сэргэлт авах ач холбогдолтой. Энэ танхимд хууль ёс ялж байхын ерөөл дэвшүүье” гэсэн юм.

 

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан танхим тохижуулж, ажиллах нөхцлөөр хангасанд шүүгч, хуульчдыг төлөөлж талархал илэрхийлж байгаагаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар нээлтийн үеэр хэлсэн юм. Мөн уг танхим нотлох баримт судлах, онлайнаар хуралд оролцох зэрэг мэтгэлцэх боломжийг бүрдүүлсэн талаар \"Монгол өмгөөлөгч” хууль зүйн товчооны өмгөөлөгч З.Сүхбаатар онцоллоо. Иргэдэд зориулсан орон зайг хангалттай бүрдүүлснийг шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон иргэн Д.Ганчимэг олзуурхаж байгаагаа илэрхийлсэн.

 

Жишиг танхимыг \"Green hall” гэж нэрлэсний учрыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга \"Польшид томилолтоор ажиллаж байхад Дээд шүүхийнх нь хуралдааны танхим ийм ногоон өнгөтэй байсан. Шүүхийн танхим ийм ногоон өнгөтэй байж болохыг хараад Монгол Улсын шүүхийн түүхэнд ногоон танхим тохижуулж \"Green hall” гэж нэрлэсэн юм” хэмээн тайлбарлалаа.

 

Шүүх хуралдааны жишиг танхимын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, анхан болон давж заалдах шатны шүүгчдийн төлөөлөл, Тамгын газрын дарга нар болон Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Г.Сувдаа, Улсын Ерөнхий прокурорын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа, судлаачид хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

\"Шүүх
\"Шүүх
\"Шүүх 

\"Шүүх

\"Шүүх

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

. . .