-1

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

2024-11-22    |   84



\"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн байранд байрлууллаа. Ингэснээр иргэд шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгч, санал сэтгэгдлээ илэрхийлэх боломж бүрдэж байгаа юм. 

 

 

Уг систем нь Монгол Улсын шүүхүүдийн хаяг байршил, шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загвар, шүүхийн ёс зүй, санал хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, санал асуулга зэрэг цэснүүдээс бүрдэнэ. Санал асуулгаас гадна иргэд өөрт хэрэгтэй мэдээллийг шуурхай авах юм.


Тодруулбал, \"Нэхэмжлэлийн загвар” цэснээс анхан болон давж заалдах шатны шүүхэд хандах нэхэмжлэлийн загварыг авах боломжтой. \"Шүүхийн ёс зүй” цэсэнд шүүгчийн ёс зүйтэй холбоотой гомдлоо хэнд, хаана гаргах талаарх мэдээлэл бий. 

 

Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол гаргах бол \"Санал хүсэлт гаргах” цэсийг сонгож хүсэлтээ илгээх боломжтой. Иргэдийн саналыг тухайн шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлэх юм. Мөн шүүхийн үйлчилгээ, захиргааны ажилтны хариуцсан ажил үүргийн талаарх гомдол гаргах, шүүхээр үйлчлүүлсэн талаарх саналаа өгөх боломжийг уг систем бүрдүүлжээ. 

 

Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг уг системийг ашиглан тооцуулах боломжтой.  

 \"\"

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

. . .