Шүүгчийн бүлгийн сургалт өндөрлөлөө
2024-11-22 | 82Шүүгчийн бүлгийн дөрөвдүгээр ээлжийн сургалт \"Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 25-29-нд боллоо. Тус сургалтад Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа нар оролцсон юм.
Сургалтын хугацаанд шүүгчид \"Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвээр бие даан болон багаар суралцах төлөвлөгөө боловсруулж, хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцлаа. Түүнчлэн шинэчлэн батлагдсан \"Эрүүгийн хууль”, \"Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачдаар удирдуулж,бичил судалгааны ажил хийв.
Бүлгийн сургалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг \"Шүүгч хэргийн оролцогчидтой харилцах арга барил, харилцааны ур чадвар”, ахлах референт Т.Наранбат \"Эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүхийн шийдвэрийн тойм”, сэтгэл судлаач Ш.Батболд \"Шүүхийн сэтгэл судлал”, судлаач-багш Л.Галбаатар \"Судалгааны арга зүй” зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Түүнчлэн МУИС-ийн ХЗС-ийн багш Т.Золбоо \"Эрүүгийн хууль тайлбарлан хэрэглэх, шүүхийн практик” сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг хийж, шүүгч тус бүрийн нарийвчилсан сэдвийн дагуу нэмэлт мэдээлэл өгч, санал бодлоо солилцов.
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор \"Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаар (Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйл)”, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа \"Эрүүгийн хууль дахь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний гажуудал”, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа \"Эрүүгийн хуульд тодорхойлсон шинэ төрлийн ял: Зорчих эрхийг хязгаарлах” нарийвчилсан агуулгаар судалгаа хийсэн. Улмаар сэдвийн онцлог, сонгох болсон шалтгаан, асуудал, шийдвэрлэх арга замын талаар тайлангаа тавьж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн албан хаагчдын дунд хэлэлцүүллээ. Сургалтад хамрагдсан шүүгчид ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид тухайн сэдвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдсан юм. Сургалтын төгсгөлд сургалтын тайлангаа хамгаалж, хэлэлцүүлсэн шүүгчид батламжаа гардан авлаа.
ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН