-1

ДАВТАГДАШГҮЙ ДУГААРААР БАТАЛГААЖСАН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН БАРИМТЫГ ҮНЭЛЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

2024-10-18    |   74

Шийдвэрийн огноо, дугаар: 2022.10.16 129/ШШ2022/00576

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Тойм: 2023.01.11, шийдвэр-01

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 49,451,214 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. А ХХК, Б ХХК 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулахаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

 

Нэхэмжлэгч А ХХК нь Б ХХК-иас гэрээнд заасан хугацаанд худалдан авсан 147,677,138 төгрөгийн төлөгдөөгүй үлдэгдэл 49,451,214 төгрөг нэхэмжилж, хариуцагч Б ХХК 98,585,566 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан ба үнийг төлж барагдуулсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч цахимаар бараа нийлүүлсэн падаанаа илгээж байсан бөгөөд талууд тооцоо нийлж байгаагүй. А ХХК, Б ХХК нь тус тус цахимаар илгээсэн болон хүлээн авсан падааныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарим падаан хариуцагч талын гаргаж өгсөн баримтад байхгүй, 2 талын падааны нийт үнийн дүн зөрүүтэй байдаг тул эдгээр баримтын тухайд аль нэг талын гаргаж өгсөн падааныг үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн байна.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14, мөн цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т \"цахим баримт бичиг стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдэл, цахим гарын үсэг, эсхүл давтагдашгүй дугаараар баталгаажна” гэж заасныг баримтлан цахим системээс гаргасан давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв нотлох баримт гэж үзэж 2016, 2017 оны татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас гарсан А ХХК, Б ХХК-ийн НӨАТ суутган төлөгчийн тайлангаар худалдагч А ХХК нь 141,406,627.9 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авагч Б ХХК-д худалдсан нь тогтоогдсон гэж үзсэн байна.

 

Санамж:Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/124144?daterange=2022-10-01%20-%202022-10-20&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Д.Байгалмаа

 


. . .
Цаг үеийн мэдээ