-1

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ИРГЭН 14 ХОНОГИЙН ДОТОР НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД БҮРТГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ

2024-10-18    |   79

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №109/ШШ2022/0100 дугаар шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 13, Дугаар 2

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв:Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Э-г аймгийн Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын ..-ний өдрийн ..дүгээр захирамжаар ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2 дугаар сард гаргасан ч албан ёсоор надад гардуулж өгөөгүй 2022 оны 5 дугаар сард гардуулж өгсөн гэж тайлбарлан ажилгүйдлийн тэтгэмж авахаар холбогдох материалыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 5 дугаар сард бүрдүүлж ханджээ.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныгзөрчиж захирамж гарснаас хойш 2 сар 19 өдөр өнгөрснөөс хойш Нийгмийн даатгалын байгууллага болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бүртгүүлсэн учраас олгох боломжгүй гэж татгалзжээ.

Улмаар нэхэмжлэгч Э нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгахнэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн хувьд ажлаасаа чөлөөлөгдсөн хугацаанаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн байх хуулийн шаардлагыг хангаж ажилгүйдлийн тэтгэмж авах урьдач нөхцөлийг хангасан байна.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан даатгуулагчаас хамаарах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн даатгуулагч нь ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагадбүртгүүлэх үүргээ зөрчиж хугацаа хожимдуулж хандсан байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчид дээрх үндэслэлээр нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг хуульд нийцсэн гэж дүгнэжээ.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11759?daterange=2022-10-21%20-%202022-10-26&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн:Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга


. . .
Цаг үеийн мэдээ