ТӨЛБӨРИЙН БАРИМТЫН ЦАХИМ СИСТЕМ HTTPS://INVOICE.EBARIMT.MN//-ЭЭС ГАРСАН ТӨЛБӨРИЙН БАРИМТЫГ НОТЛОХ БАРИМТААР ҮНЭЛНЭ
2024-11-23 | 94Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 211/МА2023/00001 дугаар магадлал
Тоймын огноо, дугаар: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, Дугаар 5
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 49.451.214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б ХХК \"...нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. А ХХК-иас 98.585.566 төгрөгийн бараа хүлээн авч үнийг төлсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргасан.
Анхан шатны шүүх зохигчдын шүүхэд гаргаж өгсөн зарим падааны барааны нэр, үнийн дүн тохирдог боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарим падаан хариуцагч талын гаргаж өгсөн баримтад байхгүй, 2 талын падааны нийт үнийн дүн зөрүүтэй, эдгээр баримтын тухайд аль нэг талын гаргаж өгсөн падааныг үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас хэвлэсэн хариуцагч Б ХХК-ийн НӨАТ суутган төлөгчийн тайлан, нэхэмжлэгч А ХХК-ийн НӨАТ суутган төлөгчийн тайлантай тус тус тохирч байх тул нэхэмжлэгч А ХХК-ийн төлбөрийн баримтын цахим систем https://invoice.ebarimt.mn//-ээс гаргажнотлох баримтаар өгсөн төлбөрийн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв нотлох баримт гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 42.066.152.9 төгрөгийг хангаж, 7.385.061 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж, дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/25986?daterange=2022-01-01%20-%202023-01-31&id=2&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Архангай аймгийн Эрүү, Иргэний
хэргийн давж заалдах шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн