-1

ХУУЛЬ БУС ШИЙДВЭРИЙН УЛМААС БАЙГУУЛЛАГАД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ШИЙДВЭР ГАРГАСАН ЭТГЭЭД ӨӨРӨӨ ХАРИУЦНА

2024-11-23    |   96

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.02.06 129/ШШ2023/00127

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр

Тойм: 2023.05.22, шийдвэр-05

 

Б байгууллага хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтан С-д ажилгүй байсан хугацааны олговор олгосноор байгууллагад хохирол учирсан тул ажилтныг хууль бусаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан А-с 19,051,676 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч А нь ажлаас чөлөөлөгдсөн ажилтан С нь одоогийн ажиллаж байгаа даргатай тохирч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговрыг авсан ба уг олговрыг ажилтан С-д байгууллагаас олгох шийдвэр би гаргаагүй тул хохирлыг төлөхгүй гэж маргасан.

 

А нь байгууллагын даргаар ажиллаж байхдаа ажилтныг хууль бусаар ажлаас чөлөөлсөн талаарх ажилтан С-н гомдлыг шүүх шийдвэрлээд С-г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилтанд олгохоор шийдвэрлэсэн.

 

Б байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилтан С-д ажилгүй байсан хугацааны олговрыг олгосон нь тогтоогдсон.

 

Иргэн, хуулийн этгээдийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг байгууллагаас барагдуулсан бол хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар буцааж төлүүлэх талаар хуулиар зохицуулсан байдаг.

 

А нь байгууллагын даргаар ажиллаж байхдаа хууль бус тушаал, шийдвэрийг гаргаж байгууллагад хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон тул буруутай албан тушаалтан А-с 19,051,676 төгрөгийг гаргуулж Б байгууллагад олгохоор шүүх шийдвэрлэсэн.


Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125826?daterange=2023-02-06%20-%202023-02-06&id=1&court_cat=1&bb=1

 


 

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан

шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа

 


. . .