ХАРИУЦАГЧ НЭХЭМЖЛЭЛД ДУРДСАН ХАЯГТАА АМЬДАРДАГГҮЙ БОЛ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО
2024-11-21 | 110Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.05.05 129/ШЗ2023/01308
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр
Тойм: 2023.05.22, процесс-5
А байгууллага нь Б-д холбогдуулан 144,965 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн боловч хариуцагч Б нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул нэхэмжлэгч А байгууллагын нэхэмжлэлтэй хариуцагч Б-д холбогдуулан 144,965 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхой байсан ч хариуцагч тухайн хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдвол шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болдог байна.
Учир нь шүүх хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх, нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг танилцуулах зэрэг хуульд заасан ажиллагааг гүйцэтгэдэг ба түүний оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болдог.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
шүүгч Д.Элбэгзаяа