-1

ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАСАН АВТОМАШИНЫ ҮНИЙГ ШҮҮГДЭГЧЭЭС ГАРГУУЛАН УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ

2024-09-21    |   65

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх 2023.01.16 № 32 ШТ

Шийдвэрийн тойм №04

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Аймгийн Прокурорын газраас Ж, Т нарыг бүлэглэн тус аймгийн Х сумын нутаг А гэх газар 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө П-н олон тооны мал буюу 4 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Ж, Т нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон. Уг тээврийн хэрэгсэл нь Ж, Т нарын эзэмшлийнх биш, саахалт айлын хүнийхээ тээврийн хэрэгсэлийг унаж явсан байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг шинжээч 8.000.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Анхан шатны шүүхээс Ж, Т нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг машин механизм ашилан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзанЖ-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Т-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж тэднээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ болох 8.000.000 төгрөгийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/87108?daterange=2023-01-01%20-%202023-06-19&id=1&court_cat=2&bb=1

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч П.Гандолгор

 


. . .