-1

ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ӨРГӨДӨЛ, ГОМДОЛД ХАРИУ ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ

2024-09-19    |   71

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 109/ШШ2023/0021

 

Тоймын огноо, дугаар: 2023 оны 11 дүгээр сарын 20, Дугаар 15

 

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм.

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Тус аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан иргэн Д нь эзэмшүүлсэн 153.2 га газрыг бүрэн олгож өгөхийг хүссэн өргөдөлд сумын засаг дарга хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, С-д тус сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр захирамжийн дагуу эзэмших ёстой газрыг бүрэн хэмжээгээр эзэмшүүлэхийг Б сумын Засаг даргад даалгах нэхэмжлэл гаргасан.

 

Шүүхээс нэхэмжлэгч Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

Учир нь, Б сумын засаг дарга \"Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Д-д үр тарианы зориулалтаар 153.2 га газрыг 12 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

 

Нэхэмжлэгч Д нь 153.2 га газраас 53 га газрыг дутуу олгосон талаар гомдол гаргасан боловч хариуцагч Б сумын Засаг дарга нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан байна.

 

Иймд шүүхээс тухайн газарт холбогдуулж үзлэг хийж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дээрх үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус Б сумын Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр захирамжийн дагуу эзэмших ёстой газрыг бүрэн хэмжээгээр эзэмшүүлэхийг Б сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн болно.

 

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13552?daterange=2023-09-07%20-%202023-09-07&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны

 

шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа

 


. . .