-1

ЦАГДААГИЙН АЛБАНД ТҮР ТОМИЛОГДОН АЖИЛЛАСАН ХУГАЦААГ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАНД ХАМААРУУЛНА

2024-09-17    |   63

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №109/ШШ2023/0004 дүгээр шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2023 оны 12 дугаар сарын 08, Дугаар 17

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Иргэн Б нь тус аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох А аймгийн Цагдаагийн газарт 2002 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А аймгийн Цагдаагийн газрын 2002 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 22 дугаартай энгийнээр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар томилохыг даалгах нэхэмжлэл гаргаж маргасан байна.

Иргэн Б нь тус газарт шуурхай албаны жолоочоор энгийнээр томилогдон ажиллаж байсан хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцуулах талаар Цагдаагийн газарт гомдол гаргаж хариу авсан байна.

Цагдаагийн албаны тухай хууль болон Төрийн албан тушаалдтуршилтын хугацаахэрэглэх болзол, журмаар туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоор зохицуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчаас Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулж болно.

Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна гэж зохицуулсан тул иргэн Б-г цагдаагийн дадлагажих ажилтан гэж үзэх боломжтой гэж тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/12612?daterange=2023-01-01%20-%202023-12-10&id=1&court_cat=3&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

ерөнхий шүүгч Б.Одонтуяа


. . .