АЛБАНЫ ЧИГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
2024-11-25 | 98Тоймын огноо, дугаар: 2024 оны 3 дугаар сарын 04, Дугаар 06
Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн Л, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож хариуцагчаас гаргуулахаар маргасан.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь, Л нь маргаан бүхий үйл баримтад дурдсан төсөвт байгууллагуудын орлого хаах, зарцуулах эрх нээх, залруулгын гүйлгээ хийх үйл ажиллагааг саатуулж, доголдуулсан, өөрийн албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй.
Мөн нэхэмжлэгч Л нь өөрийн албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар холбогдох баримтыг бүрдүүлж /маягт 2, цахим хүсэлт, томилогдсон тушаал зэрэг/ эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй байжээ.
Тухайн төрийн байгууллагуудтай холбоотой төрийн сангийн гүйлгээ хийх эрх нь Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний чиг үүрэгт хамаарах бөгөөд энэ чиг үүргээ Л нь өмнө хэрэгжүүлж байсан, дээрх төрийн байгууллагатай холбоотой төрийн сангийн гүйлгээг хийх талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нараас Л- д тухай бүр шуурхай үүрэг даалгавар өгч байсан нь тогтоогдсон.
Иймд маргаан бүхий үйл баримтад дурдсан төсвийн байгууллагын орлого хаах, зарцуулах эрх нээх, залруулгын гүйлгээ хийх чиг үүрэгтэй болох нь Л-ын албан тушаалын тодорхойлолт, холбогдох хууль, журмын зохицуулалт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/14513?daterange=2024-01-01%20-%202024-01-17&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн:Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны
шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа