“Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт боллоо
2024-11-22 | 78Шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагаа, шүүхийн гал тогоог хариуцдаг тамгын газрын дарга нар энэ сарын 16, 17-ны өдөр Дорноговь аймаг дахь шүүхэд \"Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалтад оролцлоо.
Гал түймэр, үймээн самуун дэгдэж, шүүгдэгчийг хуяглан хүргэхэд эрсдэл гарч, шүүх танхимд хэргийн оролцогчид бусдын амь насанд заналхийлбэл хэрхэн яаж ажиллах, ямар арга хэмжээ авахаа шүүхийн захиргааны ажилтнууд, цагдаагийн алба хаагчид, онцгойгийнхон, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид биечлэн үзүүлснээрээ энэ удаагийн сургалт онцлог байв. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, шүүхийн тамгын газраас боловсруулан тухайн нутаг дэвсгэрийнхээ Засаг дарга, Онцгой комиссын даргаар батлуулсан \"Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд байгууллагууд, ажилтан нэг бүр ямар үүрэг гүйцэтгэхээ үзүүлэх сургалтаар тодорхой харуулсан юм.
Гамшгийн үед шүүхийн ажилтан бүр үүрэг хүлээнэ
Үзүүлэх сургалт Дорноговь аймаг дахь шүүхийн шүүх хуралдааны танхимын хэсэгт \"гал” гарснаар эхэлсэн. Хамгийн түрүүнд шүүхийн холбоо, зарлан мэдээллийн ажилтан түгшүүрийг дохио дуугаргаж, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн утсанд дуудлага өглөө. Барилгын 1, 2 дугаар давхар тэр чигтээ утаатай болов. Шүүхийн ажилтнууд өөр өөрсдийн хариуцсан хэргийн материал, эд мөрийн баримт, серверийг авч аврах хаалгаар гарцгаасан юм. Гамшиг, ослын үед ажилтан нэг бүр үүрэг хүлээх ёстойг үүгээр харууллаа.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах удирдагч Онцгой байдлын ахмад Х.Отгонбат 1 дүгээр тасгийн бие бүрэлдэхүүн хамт ирэхэд шүүхийн бүртгэл мэдээллийн ажилтнуудын ирцийг танилцуулж, нөхцөл байдлын мэдээллийг өгөв. Ингэснээр аврагчид барилгад хэдэн хүн байгааг мэдэж, аврах эрэн хайх ажиллагаа тодорхой болж буй юм. Аврагчид \"гал түймэр”-ийн тархалтыг зогсоож, барилгад эрэн хайх аврах үйл ажиллагаа зохион байгуулж байв. Энэ хооронд аврах гарцаар гарсан ажилтнууд эд мөрийн баримт, хэргийн материал, серверийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өглөө. Эд мөрийн баримт дотор химийн бодис байсныг онцгойгийнхон хүлээн авав.
\"Гал”-д бүслэгдэн ухаан алдсан, гэмтсэн ажилтнуудыг аврагчид зөөвөрлөн гаргаж, түргэн тусламжийн эмч нар анхны тусламж үзүүлж байлаа. Барилга битүү утаатай байсан учраас аваарын гарцаар дээш гарсан хүмүүсийг аврах олс, торхон дамнуурга, тавцан, шуудан, карбин зэрэг аврах ажиллагааны багаж ашиглан буулгалаа.
Ослын үед цагдаагийн байгууллага шүүхийн онцгой бүсийг хамгаалалт авч, ойр орчмын замын хөдөлгөөнийг хаасан юм.
Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газрын хамтарсан \"Гамшиг ослын үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа” сэдэвт үзүүлэх сургалт энэ хүрээнд болсон юм.
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг цагдаа нар ингэж хангана
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтран баталсан \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д \"Шүүх болон түүний гадна орчинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гэнэтийн халдлага гарах, шүүгч, гэрч, хохирогчийн амь биед халдах, барьцаалах, шүүхийн байр руу дайрах, бүслэх, үйл ажиллагааг тасалдуулахыг оролдох, галдан шатаах, шүүхийн байрны орчимд замын хөдөлгөөн хаах зэрэг иргэд, байгууллагын зүгээс учруулж буй аливаа хууль бус үйлдлийн улмаас шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, мөн үйл ажиллагаанд нь саад учруулсан буюу учруулахаар оролдсон онцгой нөхцөл үүссэн тохиолдолд учрах эрсдэл, аюулыг зайлуулах, түүний хохирлыг багасгах талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шүүхийн байрыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авах” гэж цагдаагийн байгууллагын үүргийг заасан.
Дорноговь аймаг дахь шүүхийн байрны гадна олон нийтийг хамарсан \"үймээн” гарсныг цагдаагийн алба хаагчид тарааснаар үзүүлэх сургалт үргэлжиллээ. Жагсагчид шүүхийн гадна эмх замбараагүй байдал үүсгэж, чулуу мод шидлэж байв. Дорноговь аймгийн цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг хүч нэмэгдүүлэн, тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид хамгаалалтад гарлаа. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн хамгаалалтад байгаа газар жагсаал, цуглаан хийхийг хориглосон тухай заалтыг цагдаагийн алба хаагч чанга яригчаар танилцуулж, жагсагчдыг тарахыг шаардаж байлаа. Бамбай, гав, бороохой зэрэг тусгай хэрэгслээр хангагдсан алба хаагчид жагсагчдыг түрж, ахлагчийг нь сугалан баривчилж байгаа нь үзүүлэх сургалтаас харагдана. Алба хаагчид жагсагчдыг \"Цаашаа, цаашаа” гэж түлхсээр шүүхийн хашаанаас гаргаж байв.
\"Үймээн”-ийг ахлагчдыг баривчилсан учраас жагсагчдын идэвх суларсан нь ажиглагдана. Түлхэгдэн шүүхийн хашаанаас гарсан жагсагчид аяндаа тарж одов. Цагдаагийн алба хаагчид энэ үед шүүхийн онцгой бүсийг хамгаалалтад авсан байлаа.
Үүний дараа яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх ажиллагааны үеийн аюулгүй байдлыг хэрхэн хангахаа Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба харуулсан юм.
Шүүх танхимд 4-5 цагдаа шаардлагатай
\"Цагдаагийн байгууллага шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж \"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасан байдаг.
Шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчид, хуралдааныг сонирхож байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн үйлдэл гаргавал цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллахаа үзүүлэх сургалтаар харууллаа.
Цагдаагийн алба хаагч шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг тусгай багаж хэрэгслээр шалгасны дараа хэргийн оролцогчдыг нэг бүрчлэн шалгаж оруулж байв. Хамгаалалын офицер, цагдаа шүүх хуралдаанд оролцогчдод журам сахиулах зөвлөмж өгсөний дараа шүүх бүрэлдэхүүн орж ирэв. Шүүх хуралдааны явцад хохирогч шүүгдэгч рүү дайрч, ширээ сандлаа өшиглөхөд хамгаалалтын гурван цагдаагийн нэг нь өчих мэх хэрэглэж унагаад нөгөө хоёр нь танхимаас авч гарсан юм. Дараагийн үзүүлэх сургалтаар шүүхийн шийдвэр уншиж танилцуулж байтал хохирогч шүүгч рүү цаас шидэж шүүгчийн амь насанд заналхийлсэн үйлдэл гаргалаа. Энэ үед мөн л цагдаа нар хохирогчийг танхимаас авч гарсан юм.
Ийм эрсдэл гарсан үед шүүгч ширээнийхээ доогуур орох, бусдад заналхийлсэн этгээдийг шууд танхимаас гаргах зэрэг нэг тэргүүнд авах арга хэмжээг үзүүлэх сургалтаар харуулсан. Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүгдэгч хумсаараа хоолойгоо зүсч амиа хорлохыг завдсан. Тэр үед дэг сахиулагч шүүгдэгчийг шууд танхимаас гаргаагүй, шүүгч шүүгдэгчийн яг дэргэдүүр явж гарсан зэрэг алдаа гарсныг Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан, аюулгүй байдал хариуцсан референт Б.Өлзий тамгын газрын дарга нарт сануулж байлаа.
Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд 1-2 цагдаа дэг сахиулдаг. Цагдаагийн ерөнхий газрын Шүүхийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн орон тооны боломж ийм. Дэг сахиулагч цагдаа шүүгдэгчийн хажууд зогсдог. Тэгвэл хохирогч ч хэргийн оролцогчдын амь нас, эрүүл мэндэд халдах эрсдэл байгааг энэ үзүүлэх тоглолтоор харууллаа. Энэ тохиолдолд нэг дэг сахиулагч танхимд байсан бол оролцогчдын аюулгүй байдлыг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй.
Үзүүлэх сургалтаас шүүх танхим бүрт ослын дуудлага өгөх хонх, дэг сахиулагчдад аюулгүй байдлыг шалгах төхөөрөмж хэрэгтэй нь ажиглагдлаа. Мөн шүүх хуралдааны үеэр оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд 4-5 цагдаагийн алба хаагч шаардлагатай байгаа нь харагдсан. Харамсалтай нь шүүх хуралдаан бүрт хамгаалалтын цагдаа ажиллах орон тооны боломжгүй, аюулгүй байдлыг шалгах төхөөрөмж дутагдалтай байгааг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох учирласан. Улаанбаатар хотын 8 шүүхийн 47 хуралдааны танхимд 26 офицер, цагдаа журам сахиулж байгаа нь орон тоо дутагдалтай байгаагийн илэрхийлэл гэдгийг тэрбээр ярилаа.
Үзүүлэх сургалтын төгсгөлд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар шүүхийн тамгын газрын дарга нар, Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, нэгжийн удирдлагуудтай ярилцлага хийсэн юм. Ингэхдээ АНУ-ын шүүхийн шүүх танхимд хэргийн оролцогчдын аюулгүй байдалд халдаж байгаа кейсүүдтэй танилцаж, туршлага судаллаа.
Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй бэрхшээл, байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцсан юм.
Шүүхийн тамгын газрын дарга нар энэ удаагийн сургалтын ач холбогдлыг өндөр үнэлж, шүүх бүрт ийм үзүүлэх сургалт хийх санал тавилаа.
Үзүүлэх сургалтын дараа тамгын газрын дарга нар Дорноговь аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судлав. Мөн Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны тайланг сонссоноор сургалт өндөрлөлөө.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс