-1

Т.Мэндсайхан: Хуулиуд албан ёсоор нийтлэгдээгүй нь бэлтгэл ажилд хүндрэл учруулж байна

2024-11-23    |   77

    Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсан эсэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас тодрууллаа.


-Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил, Зөрчил шалган шийдвэрлэх тухай зэрэг шинээр батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг шүүх хэрхэн хангаж байна вэ?


-Эрүү, захиргааны хэргийн шүүхүүд эдгээр хуулийг хэрэгжүүлэхийн тулд багагүй бэлтгэл шаардлагатай. Шүүгч, ажилтны сургалт явуулах, хэргийн хөдөлгөөний удирдлагын програмд өөрчлөлт оруулах, бүртгэл, мэдээлэл, зохион байгуулалтын бэлтгэл хангах, ажлын нэмэлт ачааллыг зохицуулах зэрэг ажлыг эртнээс төлөвлөн ажиллаж байна. Хэдий хуулиуд батлагдсан боловч албан ёсоор нийтлэгдэж шүүгч, ажилтны гар дээр ирээгүй учраас хүндрэл учруулж байна.


-Хууль нийтлэгдэхээс өмнө сургалт хийж болохгүй юу. Зарим сургалт эхэлчихсэн харагдах юм.


-ХЗДХЯ-аас сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдөр эхлүүлсэн. Шүүгчийн сургалтын багш нар бүгд оролцож байна. Сургалтад албан бус буюу УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байсан эх сурвалж ашиглаж байгаа байх. Гэхдээ шүүх бэлтгэлээ хангахад албан ёсоор нийтлэгдсэн хуулийг баримтлах ёстой юм. Жишээ нь, хэргийн хөдөлгөөний програмд өөрчлөлт оруулах даалгаврыг хуульд нийцүүлэн маш тодорхой гаргаад 30 хоногийн хугацаанд уг даалгаврыг гүйцэтгэх ажлыг хийнэ. Гэтэл албан ёсоор нийтлэгдсэн хуулийн эх бичвэрийн зүйл заалт албан бус эх сурвалжаас өөр байвал яах уу. Ийм эрсдэл гарах боломжтой ба бэлтгэл ажлаа дахин өөрчилж хийх асуудал гарна.


-Шүүгчдийн сургалтын талаар Шүүхийн ерөнхий зөвлөл ямар бодлого баримталж байна вэ?


-Шүүгчийн сургалт шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх боломжтой байдаг. Хуулиар шүүгчийн сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хариуцуулсан үүнтэй холбоотой. Сургалтын хувьд хөтөлбөр, гарын авлага, сургагч багш гурав их чухал. Салбар эрх зүйгээрээ мэргэшсэн, ажлын туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн, сургагч багшаар бэлтгэгдсэн хүнээр шүүгчдэд хичээл заалгах бодлогыг Шүүхийн ерөнхий зөвлөл баримталж байгаа, сургагч багш нарын нэрсийг тусгайлан баталсан. Эрүүгийн эрх зүйгээр гэхэд 19 шүүгч сургагч багшаар ажиллаж байна. Эдгээр багш нар шүүгчийн сургалтыг явуулах ёстой.


-Шүүгчид шинээр батлагдсан хуулиудыг бусад хуульчдад зааж сургахад манлайлж оролцох уу?


-Үндсэн хуулиар Засгийн газар хуулийг таниулах, сурталчлах, сургалт явуулах үүрэг хүлээдэг. Бусад хуульчдыг сургах чиг үүрэг шүүгчдэд байхгүй. Шүүгч хэрэг маргаанаас гадуур хуулийг тайлбарлах, хууль хэрэглээний сургалт явуулах нь шүүгчийн хараат бус байдал, ёс зүйн дүрэмд нийцэхгүй гэж үздэг. Иймээс бусад хуульчдад зориулсан сургалтад шүүгч хичээл заахыг дэмжихгүй байгаа.

 

Л.Болд

 

Эх сурвалж: \"Ньюс.мн” сайт

. . .