ХЗДХ-ийн сайд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндоржид хүндэтгэл үзүүллээ
2024-11-22 | 74Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2017.06.07) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, сайдын зөвлөх Н.Чинбат нар оролцлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд \"Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон эрхэм хүндэт багшдаа баяр хүргэж, хүндэтгэл үзүүлье” гэлээ.
Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нар шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж \"Шүүхийн хүний нөөцийн удирдлагын гол чиглэлд шүүгчийн сургалт багтдаг. Сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах бүрэн эрх нь Шүүхийн ерөнхий зөвлөлд бий. Хуульд ингэж заасан. Хэрэглэдэг хуулийнхаа талаар шүүгч хүн хэргийн оролцогчдод хичээл зааж, санаа бодлоо илэрхийлж болохгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Харин шүүгч шүүгчиддээ, шүүхийн захиргааны ажилтнууддаа хичээл заах бүрэн боломжтой” гэж онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шинээр хэвлэгдсэн \"Шүүх эрх мэдэл” номынхоо дээжийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад гардууллаа.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс