Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа
2024-11-22 | 85
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж \"Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ойбек Н.Халиловыг хүлээн авч уулзлаа.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцдаг. Мөн хуулиар шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хэлбэрүүдийг тодорхойлсон. Хуульд заасан сонгон шалгаруулалтаар \"Тэнгэр даатгал” ХХК шалгарсан. Улмаар 2017 оны наймдугаар сараас эхлэн жилийн хугацаанд шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг хариуцахаар Шүүхийн ерөнхий зөвлөлтэй гэрээ байгуулсан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж \"Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал бол шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарсан шинэ үзэгдэл. Монголын төр шүүгчийнхээ амь нас, эрүүл мэндийг даатгаж байгаа нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчдэд өгч буй үнэлгээ, хариуцлага юм” гэж онцоллоо.
Мөн сонгон шалгаруулалтад шалгарч, жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийлээд \"Бүх шүүгчтэй харилцаж компаниа болон даатгалын гэрээгээ танилцуулж ажиллаасай гэж хүсч байна. Монгол Улсын бүх шүүх онлайнаар холбогддог. Орон нутгийн шүүгчидтэй онлайнаар холбогдож сургалт, мэдээлэл хийх бүрэн боломжтой” гэсэн юм.
\"Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ойбек Н.Халилов \"Манай компани хамтран ажиллаж байгаа байгууллагуудынхаа эрсдлийн удирдлагыг хариуцаж байна гэж ойлгодог. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн сургалтуудыг тогтмол хийдэг. Салбартаа сургалт, хөгжлийн чиглэлээр тэргүүлдэг. Мөн нөхөн төлбөрийн хурдаар бусад компаниудаас ялгарч ажилладаг” гээд хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс