Шүүгчийн бүлгийн сургалт амжилттай өндөрлөлөө
2024-11-22 | 82 Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдэд эрдэм шинжилгээний судалгаа хийхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, ур чавдар эзэмшүүлэх, бие даан болон бүлгээр суралцах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд \"Шүүгчийн бүлгийн сургалт”-ыг шинэ агуулга, хөтөлбөрөөр зохион байгуулж байгаа билээ.
Шүүгчийн бүлгийн V ээлжийн сургалт \"Захиргааны хууль тогтоомж хэрэглэх шүүхийн практик” сэдвийн хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 09-14-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Сургалтад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг, Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа нар оролцов.
Сургалтын хугацаанд шүүгчид \"Захиргааны хууль тайлбарлан хэрэглэх шүүхийн практик” сэдвээр бие даан болон багаар суралцах төлөвлөгөө боловсруулж, хууль зүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцлаа.
Бүлгийн сургалтад Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг \"Шүүгч хэргийн оролцогчтой харилцах арга барил”, ахлах референт Т.Наранбат \"Эрх зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан шүүхийн шийдвэрийн тойм”, судлаач Л.Галбаатар \"Судалгаа шинжилгээний ажил хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл бичих нийтлэг аргачлал”, судлаач Н.Анхбаяр \"Захиргааны гэрээ, түүний онцлог”, сэтгэл судлаач Ш.Батболд \"Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай сэтгэл зүйн шинжүүд”, МУИС-ын ХЗС-ын багш н.Мөнхбаяр \"Захиргааны хууль тогтоомж хэрэглэх арга зүй” зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургалтад хамрагдсан шүүгчид сэдвийн хүрээнд нарийвчилсан агуулгаар өөрсдийн судалсан сэдвийн онцлог, сонгох болсон шалтгаан, асуудал, шийдвэрлэх арга замын талаар тайлан тавьж, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ажилтнуудын дунд хэлэлцүүллээ. Сургалтын төгсгөлд сургалтын тайлангаа хамгаалж, хэлэлцүүлсэн шүүгчид батламжаа гардан авлаа.
Сургалтад хамрагдсан шүүгчдийн сэтгэгдэлээс
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг:
Миний хувьд \"Шүүгчийн бүлгийн сургалт”-ыг эрдэм шинжилгээ, өгүүлэл бичих хийгээд хууль тайлбарлах ур чадвараа нэмэгдүүлэхэд шүүгчид томоохон түлхэц өгдөг сургалт гэж ойлгодог учраас хүсэлтээ өгч, энэ ээлжинд хамрагдсандаа сэтгэл хангалуун байна. Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичих арга зүй, шүүгчийн харилцаа хандлага, сэтгэл зүйн болон захиргааны эрх зүйн тодорхой сэдвүүдээр өдөр бүр \"Мэдээллийн цаг” хийж байсан нь сонирхолтой, бас үр дүнтэй байлаа. Агуулга нь баялаг болохоор ч тэр үү сургалтын хугацаа богинохон санагдлаа. Энэ хугацаанд сонгож, судалгаа хийсэн ажлаа эрдэм шинжилгээний нийтлэл болгох нь энэ сургалтанд хамрагдсаны зорилго гэж ойлгож, биелүүлэх болно. Энэ сургалтыг хариуцаж зохион байгуулсан Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн хамт олон баярлалаа.
Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа:
Шүүгчийн бүлгийн сургалтад хамрагдсандаа баяртай байна. Сургалтад зөвхөн Захиргааны хэргийн шүүгчдийг сонгон оролцуулж байгаа нь давуу талыг бүрэлдүүлж байна. Судлах сэдвийн хүрээнд процесс болон ерөнхий хуулийн асуудлаар тодорхой зүйл заалтаар хоорондоо санал солилцох, удирдагч багш нартай байгаа нь сэдэв сонгох нь дөхөм боллоо. Сургалтын үр дүнгийн хувьд өмнө нь судалгаа шинжилгээний өгүүлэл бичиж байгаагүй хүний хувьд маш хэрэгтэй сургалт байлаа. Богино хугацаанд тодорхой арга зам төсөөлөл, аргачлал зэрэг олон зүйлийг мэдэж авлаа. Сургалтад өдөр тутам сонирхолтой мэдээлэл өгч байсан нь мөн таалагдлаа. Энэ сургалт нь танхимын сургалтаас ялгагдах маш давуу тал байна. Танхимын сургалтад маш олон шүүгч зэрэг хамрагддаг учир тэр болгонд хүссэн асуултаа чөлөөтэй асуух, ярилцах боломж олдоод байдаггүй харин энэ сургалт өөрийн хүссэн сэдвээр чөлөөтэй ярилцах, асуух, санал бодлоо солилцох, бие даан судлах зэрэг маш олон давуу тал байгааг олж харлаа.