-1

Авлигын индексээр шүүх эерэг үнэлгээ авчээ

2024-11-22    |   81

Монгол Улсын авлигын төсөөллийн индекс 2017 онд 36 оноотой болж, өмнөх оны үзүүлэлтээс 13 байраар ухарчээ. \"Трансперенси интернэшнл” олон улсын байгууллагаас авлигын асуудлаарх нэр хүнд бүхий судалгаа, үнэлгээний 13 байгууллагын тайлан болон энэ чиглэлийн шинжээч, бизнесийн удирдах албан тушаалтнуудын үнэлгээнд тулгуурлан дээрх үнэлгээг гаргажээ.

Манай улсын авлигын төсөөллийн индексийн үнэлгээ юунаас болж буурсан шалтгааныг задлан шинжилж үзвэл, авлигын нөхцөлийг нэмэгдүүлдэг хүнд суртал, төрийн албанд томилоход мерит зарчмын хэрэгжилтийн байдал, төрийн эрхийг тодорхой эрх ашгийн төлөө авах зэрэг хүчин зүйлсийн улмаас буурсан байна. Тухайлбал, авлигын төсөөллийн индексийн нэг эх сурвалж болох \"World Bank Country Policy and Institutional Assessment”-ийн тайланд Монгол Улс 2015, 2016 онд 100 онооноос 47 оноо авч байсан бол 2017 онд 43 оноо авч буурсан байна. Энэхүү үнэлгээг дараах 3 асуултаар хэмждэг аж. Үүнд,

-Гүйцэтгэх засаглалын хариуцлагатай байдал. төрийн албан хаагчид гаргасан шийдвэртээ болон гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг эсэх;

-Төрийн бус байгууллага ба иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой байдаг эсэх;

-Төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүсийн далд ашиг сонирхолд автдаг эсэх.

Энэ нь шийдвэр гаргагч нарт хариуцлагын тогтолцоог сайжруулах болон бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг бууруулах шаардлагатайг харуулж байна. Харин шүүх эрх мэдлийн үнэлгээ өссөн байна. Тодруулбал, авлигын төсөөллийн индексийн 13 эх сурвалжийн нэг болох \"Bertelsmann Foundation Transformation Index”-ийн тайланд Монгол Улс 2015, 2016 онд 100 онооноос 36 оноо авч байсан бол 2017 онд 41 оноо авч дээшилсэн байна.

Мөн авлигын төсөөллийн индексийн өөр нэг эх сурвалж болох \"Дэлхийн шударга ёсны төсөл”-ийн \"Эрх зүйт ёсны индекс”-ийн 2017-2018 тайланд дурдсанаар, түүний нэг үзүүлэлт болох \"шүүх авлигад өртөхгүй байдал”-ын үзүүлэлтээр Монгол Улс 2016 онд 0.48 оноотой байсан бол, 2017-2018 онд 0.52 болж эерэг үнэлгээ авсан байна. Дээрхээс харахад авлигатай тэмцэх үйл ажиллагаа дахь шүүх эрх мэдлийн ололт, амжилтыг бэхжүүлэх, энэ хүрээнд Засгийн газраас өөрийн бүрэн эрхийн хүрээнд шүүх эрх мэдлийг үргэлжлүүлэн хүндэтгэх, дэмжих хэрэгтэйг харуулж байна.


Эх сурвалж: http://medee.mn

. . .