-1

ХАШААГАА БЭХЛЭЭГҮЙ ТАРИАЛАНЧ, МАЛАА ОРУУЛСАН МАЛЧИН ХОЁР ТЭЖЭЭЛИЙН ТӨЛБӨРӨӨ ХУВААЖ ТӨЛӨХӨӨР БОЛОВ

2024-09-21    |   67

Шийдвэрийн дугаар 129/ШШ2023/00013/

Шийдвэрийнтөлөв: Хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч Л нь малын тэжээл тариалдаг бөгөөд 2022 оны 9-10 сард хариуцагч Д-н мал удаа дараа орж талбайн ургацаас идэж хохирол учруулсан тул идүүлсэн ногоон тэжээлийн үнэ 1,2 сая төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Д шүүхэд \"манай мал айлын хашаагаар дамжиж орж идсэн байсан. Өөрийн хариуцлага муу, хашаагаа янзлаагүй, манаач ажиллуулаагүйгээс ногоон тэжээлээ малд идүүлсэн учир би төлж чадахгүй” гэж маргасан тайлбар гаргасан.

Хариуцагч Д нь өөрийн малыг хариулгагүй үлдээж бусдын талбайн ургацыг идүүлсэн, тариалангийн талбайн захаас гадагш500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглосон хуулийн заалтыг зөрчиж нэхэмжлэгчид хохирол учруулсан гэм буруутай. Харин нэхэмжлэгч Л нь хариулгагүй мал түүний тэжээл тариалсан талбайд удаа дараа орж байгааг мэдсээр байж мал орж байгаа талын хашааг бэхлэх, манаач ажиллуулах зэргээр өөрийн эзэмшлийн талбайгаа малаас хамгаалах үүргээ хангалттай гүйцэтгээгүйгээс хохирлын хэмжээ нэмэгдсэн байна гэж шүүх дүгнэлээ. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй учирсан хохирол нөхөн төлөх хэмжээг 50 хувиар багасган Д-с гаргуулж Л-д олгож шийдвэрлэсэн.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх бол цахим сан холбоос: https://shuukh.mn/single_case/126418?daterange=2022-01-01%20-%202023-06-22&id=1&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Ч.Жаргалан


. . .