Архангай аймгийн шүүхийн хамт олон бяцхан зочдоо хүлээн авлаа
2025-07-10 | 106Архангай аймаг дахь Шүүхийн Тамгын газар 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын бяцхан үрсийг хүлээн авч, баярын арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь хүүхэд бүрийн инээмсэглэл, баяр баяслын өдөр болохын зэрэгцээ гэр бүлийн үнэ цэнийг дээдэлсэн, эерэг уур амьсгалыг бүрдүүлсэн үйл явдал боллоо. Нийт хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ ирээдүйн их үйлсэд нь амжилт бүтээл, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөж, Шүүхийн Тамгын газраас баярын бэлэг гардуулан өгсөн юм.
Тус арга хэмжээ нь хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг хайрлан дэмжих үзэл санааг түгээх, эцэг эхийн ажлын орчны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.
Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдаан энэ жил тав дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн уралдаан “Миний мөрөөдөл” сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд хүүхдүүдийн ирээдүйн хүсэл, зорилго, мөрөөдлийг уран зургийн хэлээр илэрхийлсэн бүтээлүүд онцлог байв. Уралдаанд оролцсон бүтээлүүдийг бага, дунд, ахлах насны ангиллаар үнэлж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулан, шагнал гардуулж баяр хүргэлээ.Мөн уралдаанд ирүүлсэн бүх бүтээлүүдээр зургийн цомог эмхэтгэж, хүүхдүүдэд дурсгал болгон хадгалуулсан нь тэдний хувьд бахархалтай, урам зоригтой дурсамж үлдээсэн сайхан үйл явдал боллоо. Энэхүү уралдаан нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг дэмжихийн зэрэгцээ гэр бүлийн үнэ цэнэ, ирээдүйн зорилгодоо итгэх урам зоригоор тэтгэж буй ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.
Эрхэм бяцхан үрсдээ ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. Хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн байж, аз жаргалтай өсч торнихыг хүсэн ерөөе.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР