Л.Пүрэвжав: Шүүх чирэгдэлгүй шударга юм
2024-11-23 | 72Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Л.Пүрэвжав ажлаасаа үндэслэлгүй халагдаад шүүхийн шийдвэрээр буцаан томилогджээ. Тэрээр жил гаруй хугацаанд шат шатны шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх явцдаа шүүхийн шинэтгэлийн ач холбогдлыг биеэр мэдэрсэн байна. Хэрэг маргааныг нь шударгаар шийдвэрлэж өгсөн шүүхэд талархсан сэтгэгдлээ ийнхүү уламжиллаа.
-Та ямар шалтгаанаар шүүхэд хандсан юм бэ?
-Таны хэргийг шүүх хэдий хугацаанд шийдвэрлэв?
-Би анх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, улмаар шүүхэд хандаж, анхан шатны шүүхийн шийдвэр миний талд гарсан боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан юм. Тэгээд дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн, шүүхийн шийдвэр мөн миний талд гарсан. Хариуцагч байгууллагаас давж заалдах шатны шүүх, улсын дээд шүүхэд тус тус хандаж явсаар нийтдээ нэг жил гаруй хугацаанд бүрэн шийдэгдсэн. Анхан шатны шүүхэд хоёр удаа, давж заалдах шатны шүүхэд хоёр удаа, улсын дээд шүүхэд нэг удаа шийдэгдсэн. Дараагийн шатны шүүхэд хандах эрх аль аль талд байдаг шүүхийн байгууллагын буруугаас бус хуульд заасан хугацаа журмаараа ингэж шийдвэрлэгддэг юм байна. Одоо шүүхийн шийдвэр бүрэн хүчин төгөлдөр болсон доо.
-Гурван шатны шүүх таны талд шийдвэр гаргажээ?
-Тийм ээ, анх ажлаасаа үндэслэлгүй халагдахад надад маш хүнд байсан. Би даргаасаа ажилд маань буцаан томилохыг гуйсан боловч намайг хүлээж аваагүй. Тэгээд би үнэн зөвөөр нь шийдүүлье гээд шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв, үндэслэлтэй, шударга, хуулийн дагуу байсан тул дараа дараагийн шүүхийн шийдвэр мөн миний талд гарсан.
-Шүүхийн шийдвэрт хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Гурван шатны шүүхийн шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байна. Манай байгууллагаас намайг өөр ажилд авъя, харин цалин нөхөж олгох боломжгүй гэсэн учир үр дүнг үзэх гэж эцсийн шийдвэр гарах хүртэл явсан. Байгууллагын гомдлоор шат шатны шүүхэд хэрэг маань хянагдсан. Ингээд би хуучин эрхэлж байсан ажилдаа орсон, одоо ажлаа хийгээд явж байна. Ийм үнэн зөв, хуулийн дагуу, шударга шийдвэр гаргасанд шүүхийн байгууллагад талархаж байгаагаа уламжилья.
-Та шат шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон уу?
-Анхан шатны шүүх хуралдаанд аймагтаа биечлэн оролцож, давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүхийн нээлттэй танхимаас онлайнаар оролцсон.. Давж заалдах шатны шүүх хуралдаан Орхон аймагт болсон болохоор би очих боломжгүй байсан учир онлайнаар дамжуулан шүүх хуралдаанд оролцсон. Шүүхийн нээлттэй танхимаас онлайнаар шүүх хуралд оролцох нь холыг ойртуулсан, зардал, чирэгдэлгүй, түргэн шуурхай явагддаг, их зүгээр юм билээ. Харин Дээд шатны шүүхээс хурлын тов мэдэгдсэн боловч би оролцоогүй.
-Шүүхээр үйлчлүүлэх хугацаандаа шүүхийн үйл ажиллагаатай хэр сайн танилцав?
-Шүүхийн үйл ажиллагаатай маш сайн танилцсан. Өнгөрсөн хугацаанд шүүхийн байгууллагатай байнгын холбоотой байлаа. Шүүхийн эвлэрүүлэн зуучлал, шүүхийн нээлттэй танхим, онлайн шүүх хуралдаан, хурлын зар, шүүхийн шийдвэрийг хаанаас харах вэ гээд олон зүйлийг мэдэж авсан. Гарын авлага нь бэлэн, шүүхийн танилцуулга, шторк, хуулийн танилцуулга нь үүдэнд зурагтаар гараад, хурлын зарыг хэвлээд гаргачихсан, урсдаг зар ч мөн давхар явдаг юм. Шүүхээр үйчлүүлэхэд чирэгдэлгүй сайхан болсон нь мэдрэгдсэн. Ер нь шүүх хүндрэлгүй, шуурхай үйлчилж байгаад иргэд сэлтгэл хангалуун байгаа нь ажиглагдсан.
-Шүүхийн үйл ажиллагаанд дутагдалтай зүйл танд анзаарагдсан уу?
-Шүүхийн шинэтгэл, шүүх өөрчлөгдлөө гээд л хэвлэл, мэдээллээр их сурталчилдаг, манай аймагт ч бас сүүлийн жилүүдэд энэ талаар мэдээлэл их очсон, иргэд ч ам сайтай байдаг болсон. Үүнийг би биеэрээ мэдэрлээ. Өмнө нь шүүхийн талаар сайн мэдэхгүй, дутуу ойлголттой явсан байна. Дутагдалтай гэхээсээ дэвшилттэй, олон сайн тал их анзаарагдсан. Бүх л асуудлыг хуулийн хүрээнд шийддэг, доторх захиргааны ажилтан, албан хаагчид нь найрсаг, зөв боловсон уур амьсгалтай юм билээ. Залуучууд ч их олон ажилладаг юм байна.
-Танд ярилцлагын төгсгөлд хэлэх үг байна уу?
-Шүүх шударга юм байна, шүүх шинэчлэгдсэн, дэвшсэн, орчин үед нийцсэн техник технологитой болжээ. Шүүхийн байгууллагад баярлалаа гэж хэлмээр байна.
Б.УУГАНБАЯР
Эх сурвалж: http://www.news.mn